Галбын говийнхон Орхоноос ус татахыг хүлээж сууна

Усны тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс манай улсад усны тооллого хийж, ус ашиглалтад хяналт тавьж судалгаа мониторинг хийж байх үүрэг бүхий Сав газруудын захиргаадыг 2012онд байгуулжээ. Тэдгээрийн нэг Галба-Өөш, Долоодын говийн сав газрын зөвлөлийн хурал саяхан Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд болсон юм. Хуралд оролцсон сумын иргэдийн зүгээс:

-Бусад сумыг бодвол манайд том том уул уурхай ихтэй, лиценз олон учир уурхайнууд гүнийн ус хэрэглэж ус их ховордож байна. Тиймээс гүнийн ус ашиглаж байгаад хэр хяналт тавьж байна вэ?

-Манай нутгийн Шанхайн эцэс Есөн булгын эхийг хамарч хайгуулын лиценз зөвшөөрөл өгчихсөн байх юм. Үүнийг болиулаач. Уг нь иргэд бид тэр хавийг хамгаалж мод хүртэл тарьж байсан юм гэсэн асуултуудыг тавьж байв. Үүнд холбогдож хүмүүс хариулснаас аймгийн Байгаль, орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Пүрэвтулга:

-Аймгийн хэмжээнд ус, худгийн тооллого хийсэн. Энд олон нийтийн буюу иргэд та бүхний оролцоог хангаж хамруулсан. Ус, худгийн зургийг сумдад хүргэсэн. Тоологдсон худгуудын тоо харилцан адилгүй байгаа. Учир нь 1990-ээд оноос хойш их олон худаг сүйдсэн, Усны газар дахин байгуулагдаж хүртэл бүртгэл, тооллого ташаа явагдсан. Тиймээс энэ бүхнийг залруулж судалгаа-тооллого хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 556 булаг, 843 гүн өрмийн худаг, дөрвөн мянга шахам энгийн худаг, бетонон хашлагат худаг 328 байна.

-Шанхайн хувьд ямар компани ажиллаж байгааг сайн мэдэхгүй байна. Зөвшөөрөл лицензийг нийслэлээс АМХЭГ-аас ирүүлдэг. Ирүүлсэн саналыг аймаг, орон нутгийн ИТХ хэлэлцэж шийддэг. Энэ талын нарийн мэдээлэл өгвөл бид судалья. Галба-Өөш, Долоодын говийн сав газрын зөвлөлийн дарга А.Баяраа:

-Бид гүнийн усны ашиглалтанд хяналт тавьж байгаа. Шууд мэдээлдэг онлайн техник технологи хэрэглэдэг. Нэг ёсондоо усны ашиглалтад мониторинг, хяналт тогтоох гэсэн ажлуудыг хийдэг. Ус, худгийн зургийг авч худаг бүрийн жагсаалтыг гаргасан. Говийн бүсэд гадаргуугын ус хумигдаж гүнийн ус хэрэглэж байна. Усыг ашиглахаас өөр аргагүй, гэхдээ гол нь зөв ашиглах нь л чухал. Энэ талын мэдээлэл олон нийтэд нээлттэй байгаа гэв.

Зөвлөлийн хурлын үеэр Дэлхийн банкны дэргэдэх Уул уурхайн дэд бүтцийг хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр (“Минис”)-өөс Орхон голын усыг хуримтлуулж говь рүү татах төслийн талаар “Престиж” ХХК-ийн инженер Далайцэрэн танилцуулсан нь нилээд анхаарал татсан. Юугаар гэхээр говийнхан Орхон голын усыг хүлээж байна. Өнөөдөр биш гэхэд маргааш тэд Орхон голын усыг говь руу татах төслийг дэмжихэд бэлэн байна. Учир нь Өмнийн говьд ус гэдэг чандмань эрдэнэ гэдэг утгаараа үйлчилж байдаг.

Өнөөдөр бараг гадаргуугын усгүйгээс уул уурхайн томоохон үйлдвэрлэл болж гүнийн усны нөөцдөө орсон говийнхан Орхон голоос говийн бүс рүү татах усыг хүлээж сууна. Дэлхийн банкнаас санхүүжиж байгаа Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих "Минис" хөтөлбөрийн хүрээнд “Орхон гол дээр усан сан байгуулж хуримтлуулан говь рүү татах төсөл"-ийн анхан шатны судалгаа болон ТЭЗҮ, байгаль орчины үнэлгээ боловсруулах ажил эхлэх гэж байна.

Энд нэг зүйлийг сонирхуулахад Сүхбаатар аймгийн нутаг дахь Ганга нуур нь Галба-Өөш, Долоодын говийн сав газарт ордог юм байна. Тиймээс Ганга нуурын тусгай хамгаалалтын газрын төлөөлөл Ц.Оюунгэрэл нуурын өнөөгийн байдлын талаар танилцуулсан юм. Хааяа нэг жилдээ олгодог төсөв болон олон нийтийн тусламжийн мөнгөөр нуурыг хашиж хамгаалдаг. Ийм жил Ганга нуур өмнөхөөс жаахан ч атугай сэхэж сэргэдэг байна. Гэтэл мөнгөндөө таарсан хашаа хороо нь төдөлгүй муудаад эхлэхээр нуур малын хөлд харагдаж Ганга нуур дахиад амьсгал хураахад хүрдэг гэж байлаа. Малын тоо ихэсч нуурт мал их орж, буцаж гардаггүйгээс шавар үүсдэг, мөн Молцог элсэнд бут ургамал их идэгдэж байгаагаас нуурын усанд муугаар нөлөөлдөг аж.

Сав газрын зөвлөлийн хуралд оролцож сурвалжилсан сэтгүүлчид замдаа Даланзадгад хотод байрлах Алтайн Өвөр говийн сав газрын захиргаагаар орсон юм. Энд сэтгүүлч биднийг нэг зүйл анхаарал татсан нь тус газрын оруулж ирсэн усны жижигхэн шүүлтүүр. Уг шүүлтүүрийг айл өрх, албан газрын усны цоргонд эргүүлдэж хийгээд гожуулахад усыг 80 хувь хэмнэдэг байна.

Гэтэл ийм сайхан зүйлийг манайд яагаад өргөн нэвтрүүлж хэрэглэхгүй байна вэ? БНСУ-ын их үнэтэй эд гэнэ дээ. Гэхдээ л манайхны хувь, хувьсгалаараа унадаг данхар жийп машинуудтай харьцуулахад юу ч биш. Үтэр түргэн хэрэглэхгүй бол мөддөө юу гэдэг билээ, ойрын ирээдүйд ус ч үгүй, жийп ч үгүй болох вий гэсэн аюул бидэнд бий. Тиймээс дэлгэрүүштэй зүйл байна лээ.

Тодруулга: Өнөөдөр манай улсад Алтайн Өвөр говийн, Галба, өөш, Долоодын, Онги голын, Умард говь, халхын дундад талын гэсэн усны сав газрын дөрвөн захиргаа байгуулагдан ажиллаж байна. Нэг сав газрын захиргаа нэжгээд аймгийн нутгийг хамардаг юм.

Сурвалжилсан Б.БОЛД