Хотын ногоон байгууламжийн хяналтаар МБОИЗ ажиллаж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  төрийн бус байгууллагуудад хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавьж хамтран ажиллах санал хүргүүлсэн байна. Энэ дагуу Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн мэргэжлийн баг Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, тарьц, усалгаа, ажлын туршлага, төлөвлөгөө, байгууламжийн стандарт, технологи зэрэгт хяналт тавьж,  шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авахаас гадна цэцэрлэгч нарт зөвлөмж өгч байгаа аж.  

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор 4-6 м өндөртэй Буйлс, Хайлаас, Нарс зэрэг модыг шинээр тарьж, ургамлан хашлага бий болгож, гадна талд нь төмөр тросон хашлагаар хамгаалалт хийж байгаа юм. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудыг 3 жил тогтмол арчлах нөхцөлтэйгээр мэргэжлийн байгууллагууд гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд усалгаа арчилгааг хуваарийн дагуу тогтмол хийсээр байна. 

МБОИЗ ажлын алба