АГНУУРЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУД

МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Аргаль, агнуур судлалын төв” ТББ-ын тэргүүн, агнуур зүйч Др. С.АМГАЛАНБААТАР

Агнуур зохион байгуулалт, агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулах журам ба түүнийг хэрэгжүүлэхэд гарч буй зөрчлүүд

Агнуурын үйл ажиллагаа эрхлэгч, сонирхогчдод дараах түгээмэл гардаг асуултууд хариулж зөвлөмж өгч байна. Үүнд:

1. Ан, агнуур зохион байгуулалтын тендер зарлахад

2. Ан, агнуур зохион байгуулалтын тайлан, менежментийн төлөвлөгөө  боловсруулахад гарч болох алдаанууд

Ан, агнуурын менежментийн төлөвлөгөө, агнуур зохион байгуулалт гэж юуг ойлгох вэ?

2012 онд шинэчилсэн найруулж баталсан “Амьтны тухай” хуулинд тодорхойлсноор “Ан, агнуурын менежментийн төлөвлөгөө” гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг заажээ.

Харин “Агнуур зохион байгуулалт” гэж агнуурын амьтны тархац, байршил, нөөц, төрөл, зүйл, тоо толгой, сүргийн бүтэц, өөрчлөлтийг судлан тогтоож, агнуурын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, өсгөн үржүүлэх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлох үйл ажиллагаа болохыг байдаг. Агнуур зохион байгуулалтын тендер зарлаж, ажлын даалгавар боловсруулахдаа чухамхүү эдгээр тодорхойлолтын хүрээнд ажил гүйцэтгүүлэхэд анхаарах ёстой.

Ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах, агнуурын бүс нутгийг тогтоох ажлыг ямар байгууллага гүйцэтгэх вэ? 

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь агнуурын нөөц бүхий аймаг болон ангийн аж ахуйн* ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих; аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын бүс нутгийг тогтоох; аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага  нь батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй болохыг хуульчилсан байна.

(*Дээр дурдагдсан “ангийн аж ахуй” гэдгийг энэ тохиолдолд “агнуурын бүс нутаг” гэж ойлгох нь зүйтэй)

Ямар байгууллага Агнуур зохион байгуулалтыг гүйцэтгэх вэ?

Мөн хуулинд дурдсанаар, агнуур зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэх бөгөөд энэ байгууллагын гүйцэтгэсэн агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт болон ан, агнуурын менежментийн төлөвлөгөөнд агнуурын бүс нутгийн хэмжээ, хил хязгаарыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тогтоож өгсөн байна.

Агнуур зохион байгуулалтыг ямар хугацаанд гүйцэтгэх вэ?

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ агнуур зохион байгуулалтыг таван жил тутамд хийлгэж, үйлдвэрлэлийн зориулалтаар агналт явуулсан тохиолдолд жил бүр тооллого* хийлгэх үүрэгтэй байдаг

(*Энд дурдагдсан “тооллого” гэдгийг “нөөцийн үнэлгээ” гэж ойлгох нь зүйтэй).

Агнуур зохион байгуулалт ямар ангилалтай байдаг вэ?

Засгийн газрын 2013 оны 93-р тогтоолоор баталсан “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-д агнуур зохион байгуулалтыг

  • ерөнхий агнуур зохион байгуулалт;
  • нарийвчилсан агнуур зохион байгуулалт гэсэн 2 ангилалтай болохыг тодорхойлсон.

Ерөнхий агнуур зохион байгуулалтыг аймгийн нутаг дэвсгэрт хийж, ... агнуурын бүс нутгийн хилийн зааг, хэмжээг тогтоож, ан, агнуурын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, нарийвчилсан агнуур зохион байгуулалтыг иргэн, нөхөрлөл, хуулийн этгээдийн хариуцан хамгаалж байгаа агнуурын бүс нутагт хийж, ашиглаж болох агнуурын амьтны зүйл, агнуурын нөөцийг тогтоож, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах ёстойг тодорхойлсон байна. Зарим агнуур зохион байгуулалтын эрх бүхий байгууллагууд ерөнхий агнуур зохион байгуулалтын явцад агнаж ашиглах тоог тогтоогоод байдаг нь буруу юм.  

Агнуур зохион байгуулалтын зардлыг хаанаас гаргах вэ?

Ерөнхий агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг улсын төсөв, агнуурын нөөц ашигласны төлбөрөөс, харин иргэн, хуулийн этгээд гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа агнуурын бүс нутагтаа хийлгэх агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг өөрийн хөрөнгөөр захиалж гүйцэтгүүлэх ёстой аж.

Аймгийн болон агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад  ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2013 оны А-331 тоот тушаалаар баталсан аймгийн болон агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах журамд Ан агнуурын менежментийн төлөвлөгөө нь  дараах шаардлагуудыг хангасан байх ёстойг тодорхойлсон байдаг. Үүнд:

  • Байгаль орчны багц хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журмыг  хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;
  • Үндэсний болон бүс нутаг, орон нутгийн хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдсан байх;
  • Менежментийн төлөвлөгөө нь тасралтгүй үйл явц бөгөөд улам боловсронгуй болгон өөрчилж байх боломжтой, уян хатан байх;
  • Менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн хяналтад оролцооны аргыг гол зарчмаа болгосон байх;
  • Менежментийн төлөвлөгөө боловсруулахад тухайн цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аль болох орчин үеийн шинэлэг арга зүй, төлөвлөлтийн программ ашигласан байх;
  • Менежментийн төлөвлөгөөнд дэвшүүлэх зорилго нь урт хугацааны шинжтэй бөгөөд тухайн агнуурын амьтдын нөөцийг өсгөн нэмэгдүүлэх, амьдрах орчинг сайжруулахад чиглэгдсэн байх;
  • Менежментийн төлөвлөгөөний зорилт нь 5 жилийн хугацаанд биелэгдэхүйц, агнуурын амьтны амьдрах орчин, тоо толгойд учирж буй аюул дарамтын нөлөөллийг бууруулахад чиглэгдсэн байх;
  • Агнуурын амьтны амьдрах орчин, тоо толгойд нөлөөлж буй сөрөг нөлөөллүүдийг нөлөөллийн хүч, цар хүрээ зэрэг шалгуураар дүн шинжилгээ хийж, эрэмбэлсэн байх;
  • Дэвшүүлсэн зорилтонд хүрэх арга зам, үр дүнгийн хэлхээсийг тодорхойлон стратегийг боловсруулсан байх;    
  • Төлөвлөлт нь логик дэс дараатай, дүн шинжилгээн дээр суурилагдсан үйл явц байх;
  • Дэвшүүлсэн зорилтондоо хүрэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа тус бүр тодорхой зардал шаардах тул түүнийг орхигдуулах юм бол менежментийн төлөвлөгөө маань зөвхөн “хүсэл мөрөөдлийн жагсаалт” болдог. Иймд төсөв санхүүгийн нарийвчилсан тооцоо судалгааг зайлшгүй хийж, эх үүсвэрүүдийг үндэслэлтэй заасан  байх;
  • Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил үүргийн хуваарийг гаргасан байх, хэрэгжилтийг байнга хянах зорилгоор жил, улирлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг гаргах зэрэг хяналт, үнэлгээний үйл ажиллагааг тусгасан байх;
  • Менежментийн төлөвлөгөө нь дэвшүүлсэн зорилтууд болон үйл ажиллагаа хоёрын зохистой тэнцлийг хангасан, харьцангуй удаан хугацааны, улс төрийн болон албан тушаалтны хувийн сонирхлын нөлөөллөөс ангид, оролцогч талуудын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан байх;
  • ТХГН-ийн хамгаалалтын менежментэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж идэвхижүүлэхийн тулд тэдний нийгэм-эдийн засгийн байдлыг өөрчлөн сайжруулахад чиглэгдсэн байх;
  • Менежментийн төлөвлөгөөнийн зорилго, зорилт нь хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлтээр хангагдсан,
  • Менежментийн төлөвлөгөө нь эрх бүхий этгээдээр батлагдсан байх зэрэг болно.

Агнуур зохион байгуулалтын тендерийн даалгавар боловсруулахад ямар алдаанууд түгээмэл гардаг вэ?

1. Хэт олон зүйл амьтдын нөөцийг бага зардлаар, богино хугацаанд тогтоох шаардлага тавьдаг.

Үр дагавар: Амьтдын нөөцийг хээрийн судалгааны үр дүнг үндэслэлгүй, “тэнгэр харж” тоо тавихад хүргэдэг.  

2. Агнуурын бус зүйлүүдийн нөөцийг тогтоохыг шаардах (хун ангир,тогоруу харцага, бүргэд гэх мэт)

Үр дагавар: Нөөц нь үнэн үнэлэгддэггүй. Үнэлсэн байлаа ч агнуурын менежментийн төлөвлөгөөнд ашиглагддаггүй. Агнуурын үйл ажиллагаанд хэрэглэгддэггүй, хөрөнгө, хугацаа үргүй зарсан үйлдэл болдог. Үүнийг ан агнуурын үйл ажиллагаанд биш биологийн олон янзын байдлын төлөв байдлыг үнэлэхэд ашиглаж болох боловч агнуур зохион байгуулалтаас өөр зардлаар хийх учиртай. Ийм зүйлүүдийн нөөцийг үнэлэхэд заавал агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын эрх авсан байх шаардлагагүй.

3. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журамд зааснаас өөр шаардлага тавих. Тухайлбал ерөнхий агнуур зохион байгуулалтын гүйцэтгэхдээ  нийт талбайн 70-аас доошгүй хувьд сорилын талбайг сонгох гэх мэт.

Үр дагавар: Ерөнхий агнуур зохион байгуулалт хийхэд сорилын талбайн хэмжээ тухайн зүйлийн тархац нутгийн 30% байх ёстойг журамласан байдаг. Аймгуудаас гаргадаг багахан хөрөнгөөр ийм хэмжээний нутагт ажиллах боломж байдаггүй тул худал дүгнэлт гаргахад хүргэх уршигтай.

4. Мэргэжлийн бус хүн асуудал хариуцдагаас ан агнуур, амьтны аймгийн болон биологийн олон янз байдлын талаар анхан шатны мэдлэггүй хандаж дураараа ангилал тогтоох байдал ажиглагддаг. Тухайлбал, сэлүүртний төрлөөс хилэм загасны нөөц тогтоох гэх мэт. Загасны анги гэж бий.

Үр дагавар: Мэргэжлийн бус хүн үр дүнг нь хүлээж авахдаа бодитой хандаж зөв шаардлага тавьж, зөв үр дүн хүлээж авч чаддаггүй тул үр дүнг нь практикт хэрэгжүүлэхэд асуудал үүсдэг.

5. Ажлын даалгавартаа агнуур зохион байгуулалтын тодорхойлолтод дурдагдсан ажлаас өөр ажил нэмэлт болгон хийхийг шаардах. Тухайлбал ном товхимол гаргах, гарын авлага бэлтгэж хэвлүүлэх гэх мэт.

Үр дагавар: Энэ нь өөр гэрээгээр, өөр зардлаар, өөр хугацаанд бол хийж болох ажил юм.

6. Сэргээн нутагшуулах газрыг тогтоох, сэргээн нутагшуулалт хийхийг шаардах

Үр дагавар: Агнуур зохион байгуулалтын хүрээнд сэргээн нутагшуулах ажлыг хийх үүрэг байдаггүй тул ажлын даалгавартаа заавал тусгах учиргүй. Өөр гэрээгээр энэ ажлыг гүйцэтгүүлэх боломжтой.

7. Аймгийн хэмжээнд ерөнхий агнуур зохион байгуулалт хийлгэх 1 тендерийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүнгээр сум бүрээр менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулахыг шаардах

Үр дагавар: Бичиг цаас, техник ажиллагаа, үргүй зардал их гарахаас гадна боломжгүй. Сумын Засаг дарга нар өөрийн хариуцсан нутагтаа тус бүрдээ тендер зарласан тохиолдолд хэрэгжих боломжтой.

8. Агнуур зохион байгуулалтын явцад ан амьтны нүүдлийн чиг замыг тодорхойлохыг шаардах

Үр дагавар: Нүүдлийн чиг замыг тухайн зүйл амьтдад дохиологч (сангсрын, GPS гэх мэт) зүүж байж судлах л боломжтой. Энэ ажил нь хөрөнгө, цаг их зардаг, агнуур зохион байгуулалтын ажлын хүрээнд хэрэгжүүлэх боломжгүй нүсэр ажил байдаг. Тусад нь төсөл хэрэгжүүлэх замаар хэрэгжүүлэх боломжтой.

9. Агнуур зохион байгуулалт хийхэд шаардлагагүй багаж хэрэгслэлээр хангагдсан байхыг шаардах (автомат камер гэх мэт).

Үр дагавар: агнуур зохион байгуулалт хийхэд өөрийн аргачлалтай байдаг ба түүнийгээ хэрэглэхэд автомат камер шаардагддаггүй. Мэргэжлийн байгууллагад хэрэгцээгүй, шаардлагагүй дарамт болдог.

10. Агнуур зохион байгуулалт хийхэд заавал шаардагдах багаж хэрэгслэлийг бэлтгэсэн байхыг шаардахгүй орхих

Үр дагавар: Аамьтны нөөц тогтоох арга зүйгээ хэрэглэхэд шаардлагатай багаж хэрэгсэл байдаггүйгээс буруу үр дүн гаргахад хүргэдэг. Тухайлбал зай тодорхойлогч багаж байхыг заавал шаардах хэрэгтэй.

Агнуур зохион байгуулалт хийх, тайландаа дүгнэлт гаргах, менежментийн төлөвлөгөө боловсруулахдаа мэргэжлийн байгууллагууд ямар алдаануудыг голлон гаргадаг вэ?

Агнуур зохион байгуулалт хийхдээ:

1. Агнуур зохион байгуулалт (АЗБ) хийхдээ судлаагүй газраа судалсан мэтээр тайландаа тусгадаг.

Үр дагавар нь: Буруу дүгнэлт гардаг.

2. АЗБ-ын мэргэжлийн байгууллагын ажиллах журманд заасан стандарт, шаардлагыг хангалгүй бага талбайд ажилладаг. Тухайлбал, ерөнхий агнуур зохион байгуулалтад дээж талбайг 30 хувь, нарийвчилсан агнуур зохион байгуулалтын үед 80 хувьд авах ёстой.

Үр дагавар нь: Нөөц буруу тогтоогддог.

3. АЗБ тайлан бичихдээ бусдын хийсэн ажлыг copy, paste хийдэг.

Үр дагавар нь: Газар усны нэр зөрөх, нөхцөл буруу тодорхойлогдох, тухайн нутгийн нөхцөлд тохироогүй үнэлгээ өгөгддөг.

4. Захиалагчийн нөлөөнд автаж нөөцийг буруу тогтоодог.

Үр дагавар нь: Агнуурын нөөц, улмаар агнах тоо хэмжээ бодит байдлаас зөрүүтэй тогтоогддог.

5. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хугацаа дууссан байхад ажил гүйцэтгэдэг

Үр дагавар нь:  Эрх нь хаагдсан байхад хууль зөрчиж ажилладаг

 Менежментийн төлөвлөгөө боловсруулахдаа:

1. Ерөнхий агнуур зохион байгуулалтын явцад шууд агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө бичдэг.

Үр дагавар: Ерөнхий ба нарийвчилсан агнуур зохионг байгуулалтуудын зорилго өөр тул өөр өөр арга зүй ашигладаг. Өөр өөр мэдээлэл цуглуулна, өөр өөр үйл ажиллагаа хийгддэг гэсэн үг. Ерөнхий агнуур зохион байгуулалтын явцад цуглуулсан мэдээлэл, процедураар агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах үндэслэл болохуйц мэдээлэл бүрддэггүй. Иймд учир дутагдалтай төлөвлөгөө боловсрогдоно.

2. Олон агнуурын бүс нутгийн дунд нэг менежментийн төлөвлөгөө бичигддэг.

Үр дагавар: Агнуурын бүс нутаг бүр тодорхой хариуцах эзэнтэй байхыг хуульчилсан байдаг. Агнуурын бүс нутаг бүр өөр өөр бэрхшээл, шийдвэрлэх асуудлуудтай байдаг онцлогтой. Нэг менежментийн төлөвлөгөөгөөр агнуурын бүсүүдийг менежментийг хэрэгжүүлэх боломжгүй. Үүнийг захиалагч тал ч, мэргэжлийн байгууллага ч, төлөвлөгөөг батлах эрхтэй  тал ч хаана хаанаа анхаарах хэрэгтэй.