Дэлхийн зах зээл дээр ногоон барилгын эрэлт өсч байна

Санамж бичгээс суурь судалгаа хүртэл

Тогтвортой хөгжлийг байгаль дэлхийдээ ээлтэйгээр зохицон амьдрах гэдэг ганц өгүүлбэрээр тодорхойлж болно. Басхүү үүнийг ногоон өнгөөр илэрхийлдэг. Ногоон хөгжил, ногоон засаглал, ногоон хувьсгал гэх мэтээр. Энэ жишгээр барилгын салбарт ногоон барилга гэсэн ойлголт, ухагдахуун бий болсон. Энэ бол байгаль, экологи болон хүнд ээлтэй, хэмнэлттэй барилга гэсэн үг. Монголчуудын хувьд цоо шинэ байж мэдэх ногоон барилгыг манай улсад нутагшуулах ажил хэдийнэ эхэлжээ. Барилга, хот байгуулалтын яам, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпораци /IFC/ хамтран ногоон барилгын стандарт, шалгуур үзүүлэлтийг боловсруулахаар ажиллаж байна. Энэ оны хоёрдугаар сард Барилга, хот байгуулалтын яам, Олон улсын санхүүгийн корпораци энэ чиглэлээр хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зуржээ. Үүний хүрээнд ногоон барилгыг Монголд нэвтрүүлэх боломж, нөхцлийн талаар Олон улсын санхүүгийн корпораци суурь судалгаа хийсэн байна. Энэхүү судалгаандаа тулгуурлан цаашид ногоон барилга байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр ямар алхмууд хийх вэ гэдгээ тодорхойлох ажээ.  Олон улсын санхүүгийн корпораци ногоон барилгыг Монголд нэвтрүүлэх боломжийн талаар хийсэн судалгааныхаа тайлан, дүгнэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд хүлээлгэн өгөх бөгөөд үүний дараа цаашид ямар ажлууд хийх нь тодорхой болох юм байна.

Стандарт, шалгуур үзүүлэлтийг боловсруулна

Барилга, хот байгууллатын дэд сайд Ш.Лхамсүрэн “Ногоон барилга байгууламжийг Монголд нутагшуулахад төрийн захиргааны төв байгууллагын идэвх оролцоо чухал. Ногоон барилга байгууламж эрчим хүчний хэмнэлт өндөр байдаг. Монгол орны эрс тэс уур амьсгалд дулааны алдагдал бага барилга байгууламж барих нь нэн чухал. Түүнчлэн цэвэр усны нөөц хомсдож байгаа энэ үед барилга байгууламжийн усны хэрэглээг хэмнэлттэйгээр шийдэх шаардлага тулгарч байна. Аливаа ажлын эхлэл хэрхэн зөв тавигдсанаас цаашдын үр дүн нь шалтгаална” хэмээн онцолсон.  

Дэлхийн хотууд ногоон барилгаар ижилсэнэ

Харин Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуен хэлэхдээ “Улаанбаатарт том бүтээн байгуулалтууд өрнөж байгаа. Гэхдээ эрчим хүч, цахилгааны хувьд улсаас татаас авдаг. Энэ нь зардлыг хэмнэх боломжийг хязгаарлаж байна. Барилгын урсгал зардлыг хэмнэснээр хувь хүмүүсийн амьдрал болон бизнест сайнаар нөлөөлнө. Цаашид Монголын эдийн засаг өргөжиж тэлнэ. Тэр цагт ногоон барилга байгууламж барих сонирхол нэмэгдэнэ байх. Тиймээс Олон улсын санхүүгийн корпораци энэ асуудлаар Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах сонирхолтой байна. Хоёр гурван жилийн дараа эдийн засаг өсөхөд барилгууд ч олноор баригдаж эхлэх болно. Тэр цагт ногоон барилга байгууламжууд олноор баригдаасай гэж хүсч байна” хэмээсэн юм. Монголд ногоон барилгыг нэвтрүүлэх асуудалд салбарын яам болон олон улсын байгууллагын төлөөлөл ийм байр суурьтай байна.   

Барилга, хот байгуулалтын яамны хувьд барилгын дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр тодорхой бодлого боловсруулан үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан юм байна. Тухайлбал, барилгын дулаан алдагдалтыг 2020 он гэхэд 30 хувь, 2030 онд 40 хувиар бууруулах зорилт тавьжээ. Тиймээс энэхүү ажилд зориулан Засгийн газар анх удаа мөнгө төсөвлөсөн гэдгийг яамны төлөөлөл онцолж байв. Өмнө нь барилгын салбарт дулааны алдагдлыг бууруулах, ус, цахилгааныг хэмнэх зэрэг бодлогууд тус тусдаа саланги байсан бол дэлхий нийтэд түгэн дэлгэрч байгаа ногоон барилгын стандартаар энэ бүх бодлогууд нэг цогц болоод байгаа юм. Тиймээс Барилга, хот байгуулалтын яам, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ногоон барилгын норм, стандарт боловсруулахаар ажиллаж байна. Монголын нөхцөл, орчинд тохирсон шалгуур үзүүлэлт, стандартыг бий болгосноор цаашид ногоон барилга, байгууламж барих өргөн боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Юутай ч Улаанбаатарт ногоон барилга сүндэрлэх тэр цаг удахгүй гэдэгт олон хүн итгэж байна.

Дэлхийн зах зээл дээр ногоон барилгын эрэлт өсч байна

Дэлхийн хотууд ногоон барилгаар ижилсэнэОлон улсын санхүүгийн корпорацийн ногоон барилгын мэргэжилтэн Аутиф Саид, тус корпорацийн Хятадын ногоон барилгын тэргүүн Рональд Ву нар ногоон барилгын олон улсын чиг хандлага, Индонези, Хятад улсуудад ногоон барилгыг хэрхэн хөгжүүлж байгаа тухай болон эрчим хүчний хэмнэлтэд зориулсан EDGE барилгын программын талаар өргөн мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүд. Тэд Монголд ажиллаж ногоон барилгын суурь судалгааг хийжээ.   

Азийн улс орнуудын ногоон барилгын туршлагыг Монголд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ ногоон барилгын стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг гадаадын улс орноос хуулах биш Монголын эрс тэс уур амьсгалын нөхцөл байдалд тохируулан боловсруулах хэрэгтэй гэдгийг ноён Аутиф Саид онцолж байлаа. Улаанбаатар бол Азидаа эрчимтэй хөгжиж буй хотуудын нэг. Гэвч Улаанбаатарт агаарын бохирдол их. Барилгууд нь дулааны алдагдал ихтэй, тэр хэрээр эрчим хүчний хэрэглээ өндөр. Монгол Улсын дүрэм журамд одоогоор ногоон барилгын стандарт байхгүй. Гэхдээ энэ стандартыг аль болох энгийнээр хийх хэрэгтэй гэдгийг олон улсын байгууллагынхан зөвлөж байгаа юм. Ногоон барилгын стандартдаа тухайн улс орны онцлогийг тусгах нь амжилттай хэрэгжиж, амьдралд нэвтрэхийн нэг үндэс учраас тэр ажээ. 
Нөгөө талаар гадна талд нь мод, зүлэг тарьчихаар л ногоон барилга болчихдоггүй. Гэхдээ ногоон барилга байгууламж гэж яг үүнийг хэлнэ гэсэн тодорхойлолт бас байхгүй гэнэ. Тоон үзүүлэлт ч юм уу, хялбархан шалгуураар үүнийг тодорхойлоход хэцүү. Тухайн барилга байгууламжид байгаа нөөцийг хэрхэн хэмнэлттэй ашигласныг, мөн тэнд байгаа хүмүүсийн эрүүл мэнд, эдийн засгийн асуудлыг хэрхэн зохистой шийдсэнийг гол төлөв харгалзан үздэг. Ногоон барилгын урсгал зардал ямар байх вэ гэдгийг ч мөн шинжилнэ. Цэвэр агаартай байх, хог хаягдлыг хэрхэн шийдсэн гэх мэт. Дээрх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан ногоон барилга байгууламж бизнесийнхэнд ч, оршин суугчдад ч ашигтай байдаг байна. 

Улаанбаатар бол Азидаа эрчимтэй хөгжиж буй хотуудын нэг. Гэвч Улаанбаатарт агаарын бохирдол их. Барилгууд нь дулааны алдагдал ихтэй, тэр хэрээр эрчим хүчний хэрэглээ өндөр. Монгол Улсын дүрэм журамд одоогоор ногоон барилгын стандарт байхгүй. Гэхдээ энэ стандартыг аль болох энгийнээр хийх хэрэгтэй гэдгийг олон улсын байгууллагынхан зөвлөж байгаа юм.

Олон улсын санхүүгийн корпорацийн бүсийн ногоон барилгын мэргэжилтэн Аутиф Саид “Яагаад ногоон барилга амьдралд хэрэгжихгүй байна вэ” гэсэн асуулт тавиад үүнд таван шалтгаан байгааг нэрлэсэн юм. Энэ нь нэгдүгээрт, ногоон барилга барих ямар шаардлага байна вэ гэдгийг хүмүүс мэддэггүй. Хоёрдугаарт, ногоон барилгыг барих зардал өндөр. Гуравдугаарт, ногоон барилгын хүн худалдаж авах уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр. Дөрөвдүгээрт, ногоон барилга барих ур чадвар, шалгуур өндөр. Тавдугаарт, ногоон барилгын эрэлт хэрэгцээ зах зээл дээр байхгүй бол баригдахгүй. Ийм шалтгаануудын улмаас ногоон барилгын хөгжилд зарим нэг хүндрэл учирч байгаа ч нааштай, сайн мэдээлэл нь илүү байгаа юм. 

Олон улсын санхүүгийн корпораци ногоон барилгын хөтөлбөр хэрэгжүүлж гурван чиглэлээр ажиллаж байгаа. Тухайлбал, ногоон барилгын бүтээгдэхүүнийг банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьдог ажээ. Тус корпораци Индонези, Энэтхэг, Перу, Корта Рика зэрэг улсад энэ хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд дараагийн улс нь Монгол болж байгаа юм. Ногоон барилгын хөтөлбөрийг өмнө нь хэрэгжүүлсэн улс орнуудад хэрэгжилт, үр дүн нь сайн байгаа гэдгийг ноён Аутиф Саид хэллээ. Эдгээр улс орнууд өөр өөрсдийн онцлогт тохирсон дүрэм журмаа боловсруулсан бөгөөд шинээр баригдсан ногоон барилгууд зардлын хэмнэлт өндөр гэдгээ харуулж чаджээ. 

Ийм сайн жишээний нэг нь Индонезийн Жакарта.  Дэлхийн анхны ногоон барилгыг Жакартад барьсан байна. Ингэхдээ юуны өмнө Индонезийн Засгийн газартай энэ чиглэлээр хамтран ажиллахаар шийдсэн аж. Эхлээд ногоон барилга зардал бага, үр дүнтэй гэдгийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ойлгуулахыг хичээсэн гэнэ. Ногоон барилгын чанар, шалгуур үзүүлэлт, дүрэм журмыг ч хамгийн наад захын минимум стандартаас эхэлсэн байна. Жакарта хотын хэмжээнд 2030 он гэхэд дулааны алдагдал, хүлэмжийн хий, усны хэрэглээг 30 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж. Үүндээ хүрэхийн тулд бодлогын өөрчлөлт, дэлгэрэнгүй төлөвлөлт хийсэн байна. Шинээр дүрэм журам гаргаж байгаа нөхцөлд тэр нь аль болох хялбар байх ёстой гэдгийг Жакартагийн жишээ харуулжээ. Ногоон барилгууд үр дүнгээ өгч, айл өрхийн орон сууц богино хугацаанд зардлаа нөхөх боломжтой нь харагдаж эхэлжээ. Тухайлбал, дулаан, усны хэрэглээг 30 хувиар хэмнэсэн байна. Ногоон барилга барих шалгуур, урамшууллын механизм сайн бол амжилтад хүрдэг. Харамсалтай нь Жакартад урамшууллын хөшүүрэг сайн хийж чадаагүй. Харин Манилад бол энэ хөшүүрэг амжилттай хэрэгжсэн гэнэ. Мөн үүнтэй зэрэгцүүлэн мониторингийн систем бий болгожээ. Ноён Аутиф Саидын онцолсон Индонезийн жишээ энэ. 

Ногоон барилга барихад анхны зардал өндөр ч яваандаа өртгөө хэмнэдэг. Үүнд оновчтой зохицуулалт хэрэгтэй байдаг аж. Ногоон барилга барих зардал жирийн барилгаас 20-30 хувиас хэтрэхгүй байвал ашигтай. Энэ талаар дэлхийн ногоон барилга байгууламжийн индекс гэж ч байдаг. Түүнчлэн сайн дурын болон албан журмын зохицуулалтын аль аль нь энэ салбарт үйлчилдэг байна. Сертификат буюу итгэмжлэлийн систем ч байх ёстой гэнэ. Энэ систем нь гурван элементтэй. Нэгдүгээрт, программ хангамж чухал. Программ хангамжийн мэдээллийн санд хөгжиж байгаа 120 орны мэдээллийг оруулсан байдаг ажээ. Тухайлбал Улаанбаатарын мэдээлэл ч байгаа гэнэ. Энэ мэдээллийг ашиглан үнэлгээ хийж болно. Энэ программд ашиглалтын зардал 20 хувийн хэмнэлттэй байх ёстой гэх мэт ногоон барилгыг илэрхийлэх тоон үзүүлэлт байдаг. Үүнийг ашиглан гуравдагч этгээд, мэргэжлийн байгууллага үнэлгээ хийж болно. Эрчим хүч, усанд зарцуулж байгаа мөнгө жирийн байшингийнхаас хямд. Барилгын хана гэх мэт материал хэмнэлттэй байх зэрэг олон шалгуур бий гэнэ. 

Олон улсын санхүүгийн корпорацийн Хятадын ногоон барилгын тэргүүн Рональд Ву “Хятадад ногоон барилгын дүрэм журмыг боловсруулан гаргасан. Мөн программ хангамжаар сертификатжуулах ажлыг хийж байна. Хятадын барилгын дүрэм, журам олон жилийн түүхтэй. Ногоон барилгын стандарт 100  гаруй заалттай. 4500 барилгад энэ стандарт хэрэгжээд байна. Барилга байгууламжийн үнэлгээ дизайны төвшинд ногоон барилгын стандартаар хийгддэг ч барьсан хойноо үүнээ хийхгүй зогсоочихдог тал бий. 2015 онд олон ногоон барилга баригдсан ч энэ нь зах зээлд бага хувьд эзэлсэн хэвээр байгаа. Тиймээс энгийн, хялбар, хямд EDGE программыг ашиглахаар шийдсэн. Хятадын барилгын яам Олон улсын санхүүгийн корпораци хамтраад энэ программыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид нийт барилгынхаа 40 орчим хувьд нь суурь судалгаагаа хийсэн. Энэ программ бол зардал, цаг хэмнэсэн дизайны программ. Тиймээс үүнийг албан ёсоор барилгын үйл ажиллагааны нэг хэсэг болгох, албан ёсны хяналт шалгалтын хэрэгсэл болгохоор зорьж байгаа” хэмээн дурдсан юм. 

Эндээс харахад Индонези, Хятадын нөхцөл байдал харилцан адилгүй ч гэлээ ногоон барилгын стандартыг өөр өөрийн онцлогт тохируулан боловсруулаж, хөгжүүлж байгаа ажээ. Цаашид дэлхий дахинд ногоон байгууламжийн зах зээл өсөх хандлагатай байгаа ажээ. Энэтхэг, Хятадад л гэхэд ногоон байгууламжийн зах зээлийн эрэлт жилд 13 хувиар өсч байгаа гэнэ. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа. Олон улсын санхүүгийн корпораци энэ жил л гэхэд дэлхийн хэмжээний ногоон барилгын эзлэх талбайг нэг сая ам метрт хүргэхээр зорьж байна. Энэ хурдаар бол тун удахгүй дэлхийн хотууд ногоон барилгаар ижилсэх нь. Тэгж гэмээнэ хүн төрөлхтөн байгалийн нөөц баялаг, түүхий эдийг дээд зэргээр хэмнэсэн, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх болно.  Эх сурвалж: Eagle.mn