Д.Хурцаа: Гөрөөчин хүн бол байгаль, ан амьтан хамгаалагч юм

Энэ удаагийн зочноор гурван үеийн гөрөөчин, МБОИЗ-ийн УЗ-ийн гишүүн, Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл буюу Хурцаа гуайг урьж, гөрөөчдийн ёс жудаг, социализмын үеийн төлөвлөгөөт ан, ан агнуурын өнөөгийн нөхцөл байдлын талаар яриа өрнүүллээ.

Мэргэжлийн анчдын холбоо гэж дуулаагүй хүн олон байгаа байх. Яриагаа холбооны талаар танилцуулгаар эхлүүлье?

Манай мэргэжлийн анчдын холбоо 2008 онд анх байгуулагдсан. Тэр үед Монгол Улс үнэ цэнэтэй ан амьтнаа тоололгүй 9 жил болчихсон байсан даа. Уг нь дөрвөн жилд нэг удаа тоолж, үхэл хорогдлын шалтгааныг олоод, тооцоо судалгаа хийх ёстой байдаг. Хуулиндаа тэгж заасан байдаг ч тооллого хийгдэлгүй удсан байсан. Тэгсэн хэрнээ угалз тэх, бор гөрөөс, гээд бүх амьтнаа агнуулаад,  ашиглаад яваад байсан. 

Тэр үед улс мөнгөгүй, юун ан амьтан байтугай ард түмнээ яая гэж байсан учраас удмаараа гөрөөчин, бас байгалиа ч хамгаалдаг жудагтай хүмүүстэй нэгдэж, дундаасаа 130 сая төгрөг гаргаж холбоогоо байгуулж байлаа. Ингээд байгаль хамгаалах иргэдийг урамшуулж, цаашид тогтмолжуул гэж ан бүхий 17-18 суманд тус бүр нэг сая төгрөг өгсөн. Мөн угалзтай дөрвөн аймгийн агнуурын бүх амьтныг тоолсон. Энэ тооллогын дүнд жилд 20 угалз л агнаж болох тооцоо гаргаж байлаа.

Ашиглаж байгаа бол хамгаалах л ёстой...

Юу ч үлдээхгүй агнасан ч яадаг юм, энэ амьтан хэрэггүй гэж шунадаг хүн олширчээ. Бидэнд ч шунал бий. Гэхдээ тэр нь зөв шунал буюу ан амьтдаа устгалгүй, өсгөн үржүүлж, хойч үедээ үлдээх сэтгэл байх ёстой.

Ан амьтан чинь бид нарт өвөг дээдсээс үлдээсэн, хаяа зэргэлдээ амьдардаг хөршүүд юм шүү дээ. Энэ чинь төрийн өмч болж, хадгалагдаад ирсэн юм. Ер нь ашиглаж байгаа бол хамгаалах л ёстой.

Танай холбооны гол зорилго юу вэ?

Холбооны гол зорилго бол зөв зохистой ашиглах ёстой. Ашиглахын хажуугаар хамгаалах юмаа давхар хийх хэрэгтэй гэдгийг шаардаж байсан юм. Бас ангаас олсон ашгаасаа хишиг болгож орон нутагт нь дэмжлэг үзүүлэх, хамгаалах ажилд мөнгө зарцуулах, хүртээх тухай бид зорилгоо болгосон.

Жирийн хүн ан хийдэггүй байлаа. Гөрөөчид ан хийгээд хишгээ олонд түгээдэг байсан. Өвөг дээдсийн сургаалиар ангийн хишиг гэж байдаг. Айл саахалтдаа, нутаг орондоо хүртээдэг байсан юм. Одоогоор яривал улсдаа, орон нутагдаа хишиг өгч, хувь нэмрээ оруулах ёстой.

Жил бүр агнуурын зөвшөөрөл гаргаж, тоо толгой заадаг. Гэтэл агнаж болох хэмжээнээсээ хэтрүүлж агнуулаад байдаг юм биш биз гэх хардлага яах аргагүй байдаг л даа?

Бид анх байгуулагдсан цагаасаа л эхэлж тоо толгойг нь тоолоод, тэгээд агнах боломжтой нөөц хязгаараа тогтоо гэж төр засагт хандсан. Нөхөж үржих боломжийг нь зөв тогтоох ёстой. Жишээ нь Увс, Ховд, Баян-Өлгий, Төв аймаг гэсэн дөрвөн аймгийн ангийн тооллогыг хийхэд үндсэндээ жил тутам 20 угалз л агнуулах боломжтой юм байна гэсэн тоо гарсан. Гэвч тэр үед 50-60 угалз агнах зөвшөөрөл гаргадаг байсан юм. Бидний хэлээд, учирлаад байсан юм нь тэр. Ангийнхаа тоо толгойг мэдэхгүй байж, хэтрүүлж агнаад байсныг л бид эсэргүүцэж байсан.

Агнуулах зөвшөөрлийн тоо цөөхөн байх тусам олзворын чанар сайжирч, үнэ нь өсдөг...

Тооны хувьд ч бодолцож үзэх хэрэгтэй. 40 угалз агнуулж байх үед 28 угалз агнуулж байх үед ямар байсан бэ гэдгээ бодоод үзвэл цөөхөн байх тусам үнэ нь өсдөг зарчим бий. Цөөн байхаар олзворын чанар сайжирдаг. Өтөлж, өвгөрсөн байх тусам том эд эрхтэнтэй болдог. Ингээд үнэ нэмэгддэг.

Агнуурын тоог их тавьж өгөх тусам үнэ нь буурна, тоо толгой хорогдож улсад хохиролтой юм.

Засгийн газрын 155 дугаар тогтоол гээд гарчихсан байгаа. Хайгаад үзвэл тоо гараад ирнэ. Жил бүр агнах тэр тоо ер нь хэтрээд байгаа. Угалзан дээр жишээлбэл маш их хэтэрч байгаа. Энэ жил гэхэд л 68, 69 угалз агнуулах зөвшөөрөл олгочисон. Ингэхээр үнэ буурдаг. Говийн угалз гэхэд 50-60 мянган доллар хүрдэг байсан бол энэ жил гэхэд үнэ унаад гучин хэдхэн мянган доллараар агнуулж байна даа.

Тэхэн дээр бол бага тоо тавьчихсан. Энэ жил 70 орчим тэх агнуулахаар тоо гарсан байсан. Гэхдээ нөөц боломжийн хувьд үүнээс их агнах боломжтой.

Монголын ан агнуурын байдал ямар байгаа вэ? Нийтийн ойлголт бол тоо толгой ховордоод цөөрөөд байна гэх мэдээлэл байнга авдаг?

Ангийн тоо толгойг тоолоод гаргалаа гэхэд албан ёсоор зарлаад байх шаардлагагүй. Бусад улс орнууд ч зарладаггүй. Мэргэжлийн байгууллагууд дотооддоо тоо толгойг мэдэж, бодлого шийдвэрээ гаргах ёстой. Жилд агнах ангийн тоог Засгийн газар дээр тогтоодог. Жишээлбэл тэр үед л тоо толгойг Засгийн газрын танхимдаа ярилцах ёстой.

Аль болохоор нуудаг, хаадаг учиртай. Муу хүнд газар бүү үзүүл, мухар үхэрт худаг бүү үзүүл гэж гөрөөчдөөс гарсан үг байдаг.

Тоо толгой хэцүүхэн байна гэж хэлж болохгүй. Өсөөд олширчихсон гэж хэлж болохгүй. Яагаад гэхээр амьтны тоо толгойг ил зарлаад олон байна эсвэл цөөн байна гэчихвэл гадна дотнын бодлого орж ирдэг юм.

Муу хүнд газар бүү үзүүл, мухар үхэрт худаг бүү үзүүл гэж гөрөөчдөөс гарсан үг байдаг...

Өвөг дээдсээс бидэнд, гөрөөчдөд захисан захиас байдаг. “Хятадтай сайдсан тохиолдол болгонд ангийн тоо толгой эрс цөөрдөг юм шүү. Тэр үед хөх төмөрөө хол тавиарай” гэсэн байдаг юм.

“Эр хүн чулуу шороо хоёр орвол нүдээ анидаг юм. Хэрэв хөх төмөр хөндлөн үүрэх гэж байгаа бол олзонд нүд аниж сураарай” гэсэн захиас ч бий. Энэ захиас бол бидэнд өвлөөд ирсэн байдаг ч биднээс хойших үедээ захиж үлдээж чадаагүй байгаа зүйл.

Тэгэхээр тоо толгойг зарлаад байх хэрэггүй. Тоо толгой ер нь боломжийн байгаа.

Гэхдээ бид одоогоор ангийн тоо толгойд айхтар ач холбогдол өгөх шаардлагагүй. Өөрсдөө бий болгож, хамгаалах ажилд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нэгдүгээрт агнуурын бүс нутгийг жинхэнэ утгаар нь  хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Агнуурын бүс нутаг гэж байгаа юм бол тэдгээрийг хөгжүүлээд орон нутагт нь ордог мөнгийг нь өгөөд явах хэрэгтэй байна.

Гадаадынхан манай ховор амьтдыг хууль бусаар агнаж байгаа талаар Та дуу хоолойгоо хүргэж байсан. Гэсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байх шиг санагдана.

Гадаадынхан, ялангуяа арабуудад шонхор барих зөвшөөрөл хууль бусаар өгчихөөд байна. Гэтэл шонхор барихаар, агнахаар ирсэн гадаадынхан бусад ан амьтныг хядчихдаг. Мөрөөрөө шонхроо бариад явчихгүй, нэн ховор жороо тоодог, угалзыг хэд хэдээр нь агнадаг. Ийм байхад гөрөөчин хүний уур хүрч уушги нь сагсайхгүй гэж үү.

Үр дүнд хүрэхгүй байсан ч хамаагүй ярихаа зогсоож болохгүй, гурван үеийн гөрөөчин хүний хувьд би жудгаа бодож байна. Дуугүй байвал хүлээн зөвшөөрсөн болчихно. Ан, ус, ой бүгд төрийн өмч мөн бөгөөд ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан.

Хотонд орсон хонийг минь хулгайч авчихлаа гэж сүйд болдог мөртлөө өвөг дээдсээс үлдээсэн ан амьтдад ширүүн хандахад яагаад чимээгүй байгаад байна вэ?

Таныг тарвага нутагшуулах ажил хийж эхэлж байгаа гэж сонссон. Энэ ажлынхаа талаар танилцуулна уу?

Төв аймгийн дөрвөн сумаас албан бичиг, хүсэлт ирүүлчихсэн байгаа. Тарвага байхгүй болчихлоо нутагшуулж өгөөч гээд хүсэлт тавьсан.

Бид ашиг харалгүй, туслах ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаа. Сумтайгаа нийлээд 50 тарвага нутагшуулах, нөхөрлөлийг нь байгуулаад хамгаалах ажлыг нь бүгдийг нь хийхээр явж байна.
Баянхонгороос 50 тарвага авч, Төв аймгийн Дэлгэрхаанд нутагшуулахаар эхний ажлууд хийгдэж байна. Зоонозын өвчин судлалын төвтэй хамтарч ажиллаад, бүх тарваганаас шинжилгээ авахаар явж байна.
Хавар эхлүүлье гэж төлөвлөж байсан ч газар солигдоод жаахан хойшлогдсон. Энэ жилдээ нутагшуулах ажлыг эхлүүлнэ. Дэлгэрхаан, Баянцагаан, Ар хуст, Эрдэнэсант гэсэн дөрвөн суманд тарвага нутагшуулах ажлыг эхлүүлнэ.

Хөрөнгө зардлын хувьд?

50 тарвага нутагшуулахад 8-10 сая төгрөг гарахаар байгаа. Ажилласан хоног, оролцсон хүний тоо, зөөвөрлөх зардал гээд .

Уг нь анх Баян-Өлгийн Улаанхусаас алтайн тарвагыг авчирж нутагшуулъя гэж анх төлөвлөж байсан. Орон нутгаас зөвшөөрөл аваад яаманд хандаад явсан. Яаман дээр очсон чинь гацсан. Олон улсын байгууллагад алтайн тарвага Монгол тарвага гээд тусдаа бүртгэгдчихсэн байдаг юм билээ. Алтайн тарвага гэхэд л амьдрах орчин нь уртраг, өргөрөгөөрөө бүртгэгдчихсэн байдаг учраас өөр газарт буюу Төв аймаг руу авчирж болохгүй юм билээ. Ингээд Баянхонгорт судалгаагаар тарвага их байдаг гээд Баянхонгороос авчрахаар болсон.

Нэгэн үе тарвага шиг элбэг юм байдаггүй байлаа шүү дээ. Гэтэл огцом хорогдсон шалтгааныг Та юу гэж хардаг вэ?

Тарвага байхгүй болсон шалтгааныг янз янзаар худлаа тайлбарлаад байдаг. Анчид буудаад дуусгачихсан гээд. Гэхдээ тэр нь баримтгүй.

Ерөөсөө 2002 оны гангаар цагаан газрын тарвага бүгд байхгүй болчихсон шүү дээ. Ичээндээ туранхай ороод бүгд ичээндээ үхсэн. Үүнийг гөрөөчид ярихгүй юм бол өөр ярьж мэдэх хүн байхгүй. Би бол хулгайгаар тарвага агнасан нөхдүүдийг хамгаалдаг.

Тарвагыг буугаар агнаад бардаггүй юм аа. Урхи, ган гачиг хоёр л байхгүй болгодог...

Бид хөрш зэргэлдээ амьдраад, зүй зохистой хамгаалаад, үржлийн үед агнахгүй, арьс үс гүйцээгүй үед агнахгүй гээд гөрөөчдийн жудаг байлаа. Социализмын үед ямар ч хорио цээр байхгүй маш их төлөвлөгөө биелүүлж, хэдэн саяар нь буудсан даа. Агнаад, төлөвлөгөө биелүүлээд, хэдэн саяар нь агнаад гадагшаа экспортод гаргадаг байлаа. Тэгэхэд л бараагүй шүү дээ. Ийм их боломжтой байсан юмыг кампитализмд ороод л буруудчихсан. Тарваганы хориог би эсэргүүцэж байсан.

Тарвагыг буугаар агнаад бардаггүй юм аа. Урхи, ган гачиг хоёр л байхгүй болгодог юм гэж өвгөд ярьдаг. Энэ нь ч батлагдсан. 2002 оны гангаар байхгүй болчихсон.

Хорио тавьсан нь яагаад буруу болсон гэж?

Ерөөсөө ган гачиг, урхинд л тарвага байхгүй болсон. Уг нь зөвшөөрлийг нь олгоод буудаж байсан бол илүү дутуу буудаж байгаа эсэхийг нь л хянана шүү дээ. Хүн буу үүрээд нүдэнд ил харагддаг. Гэтэл хорьчихоор хэн ч буу үрэхгүй,  буун дуу гаргахгүй. Шуудайнд баахан урхи хийгээд үүрч явж байгаад, урхиа тавиад яваад өгдөг. Тэднийг холоос хараад хэн ч тарваганд явж байна гэж бодохгүй. Шөнө нь эргэд ирээд урихинд орсон тарвагаа аваад явчих нь. Ингээд тэднийг барих арга байхгүй. Дараа нь зараад явж байхад нь л барьдаг.

Нөгөө талаар буугаар буудаж яваа хүн бол хөх дэлэнтэй, мөндөлтэй тарвага буудахгүй. Харин хавх, урхинд бол мөндөл байна уу, хээлтэй байна уу хамаагүй орчихдог. Тэгэхээр буруу байгаа биз?

Тэгээд одоо энэ хорьсон шийдвэрээ эргээд хараачээ гээд хэлээд байгаа юм. Тооллого тооцоого хийгээд, хаана агнаж болохоор байна, хаана агнаж болохгүй вэ гэдгээ тогтоогоод өгчих хэрэгтэй юм.
Чи хэрэв тарваганд дуртай бол, тарваганы мах идмээр байгаа бол тэр тарвагыг хамгаалах ёстой байхгүй юу. Одоо иддэг нь байгаад хамгаалдаг нь алга. Идмээр л байгаа бол олон болгох хэрэгтэй.

Жилд 100-гаар өсөөд байвал 50 ийг нь буудаж унагааж болно гэх гээд байна аа даа?

Яг зөв. Тэр гөрөөчдөд байсан жудгийг л хэлээд байгаа юм. Ашиглаж байгаа л бол хамгаал. Хууль гарахаас өмнө энэ жудаг үйлчилдэг байсан юм.

Та ер нь хэр тарвагчин байв. Төлөвлөгөөнд гардаг байв уу?

Би гишүүнийхээ үүргийг биелүүлээд өдөрт 60 тарвага агнадаг байсан. Гэхдээ жинхэнэ тарвагачдын дэргэд юу ч биш л дээ. Нусан пулёмот байхгүй юу. Бидний өвөг дээдэс, өмнөх үеийнхэн бол мундаг тарвагачид байдаг байсан.

Тарвагыг 4, 5 ханатай гэрийн хэмжээнд овоолоод хэд хэдээрээ байдаг байсан. Тарваганаас тосыг нь ялгаж аваад халимлаад, шаргаагаад бэлддэг байсан. Өөх тосоо поошигонд бэлдээд тавьчихдаг.

Өвчдөг нэг хэсэг бий. Тэнд сайхан өвчиж хатаагаад, 1,2,3 дугаар зэргээр нь ангилна. Өвчдөг хэсэг бол бас хэцүү ажил. Хамаагүй эсгэж болохгүй нарийн чимхлүүр.

Улсад тосыг нь, арьсийг нь тушаадаг. Махыг нь хэн дуртай нь очоод л авна. Харин нийслэлд ойрхон сумдад гарсан бригадуудаас махыг нь шинэ дээр нь очиж аваад Ганданд байдаг Байгаль хишгийн ордонд аваачиж чанаад зардаг байсан.

Тарвага буудна гэдэг нь маш нарийн.  Гөрөөчин болгон тарвага буудна гэж байхгүй шүү дээ. Тусдаа маш нарийн.

Мөнгөнморьтын хориудад маш их тарвагатай байсан. 2009 онд билүү тэнд 10 тарвага нутагшуулж байсан. Одоо өсөөд, нэлээд их болсон гээд нутгийнхан ярьдаг. Очоод дурандахад зөндөө л харагддаг. Энд нутагшуулчихлаа, битгий тарвага буудаарай гээд хэлэхэд хүмүүс ухамсарлаад агнахгүй л байгаа юм.

Тарвага бол дорхноо өсдөг амьтан. Багадаа л 2 дээшээ 5,6 мөндөл гарна. Нөхцлийг нь бүрдүүлж өгөөд, урхи хавх тавихгүй, ган гачиг болчихгүй бол дорхноо өснө. Иргэд өөрсдийгөө л хориод, олзонд нүд аниад сурчих хэрэгтэй байгаа юм.

Анчин гэхээр л алж устгадаг гэж олон хүн ойлгодог. Харин монголчууд өвөг дээдсээсээ өнөөг хүртэл ангийн соёл, уламжлалтай байсан гэдгийг Та байнга ярьдаг хүн?

Гөрөөчид байгаль, ан амьтнаа хамгаалдаг байсан юм. Нотлох баримт ч бий. Хайсанхүлэг хаан гантай зун “Өвөл зуд болох магадлалтай байна” гээд ард иргэдийг дураар мод түлээгээ бэлдэх, ан гөрөө хийхийг зөвшөөрсөн зарлиг гаргаад гөрөөчдийн ахлагч нарт хүргүүлж байжээ.

Нэг талаас Монгол орон ган, зудтай хэцүүдсэн үедээ байгальдаа ханддаг байсны жишээ. Нөгөө талаас гөрөөчид ан амьтнаа хамгаалдаг байсныг нотолж буй. Тиймээс л зарлигаа гөрөөчдийн ахлагчдад хүргүүлжээ. Гөрөөчид бид эртнээс байгаль, газар орноо хамгаалсан. Ингэхдээ газар нутгаа тасалж хуваагаад “Чи үүнийг хамгаал” гэхгүй, хараа гүйцэх газраа хамгаалдаг байсан.

Гөрөөчид бол удам дамжиж ирсэн байгаль, ан амьтан хамгаалагчид юм....

Гэтэл энэ өв уламжлал тасарчихлаа. Социализмын үед нэг суманд ганцхан ойн цагдаа байсан хэрнээ, нутаг дэвсгэрийнхээ байгаль, ан амьтныг бүхэлд нь харж чаддаг байсан. Гөрөөчид, иргэдтэй хамтардаг байсан учраас тэр юм. Энэ бол бичигдээгүй хууль.

Одоо бол ойн цагдаа гэдэг нэрийг хаяж, нэг суманд багадаа 4-5, зарим газарт 10 орчим байгаль хамгаалагч ажиллуулдаг болжээ. Тэгсэн хэрнээ байгаль орчноо хамгаалж чадахгүй байна. Өнөөх өв уламжлал чинь алдагдаж, иргэн, гөрөөч хүнийг байгаль хамгаалагч гэж үзэхээ больчихсон учраас тэр. Энэ бол бодлогын маш том алдаа.

Үг хэлэн дээрээ хүртэл монголчууд бид бодож, зөв хэрэглэх ёстой юм.

Мал хулгайлсан хүнийг бид малын хулгайч гэж ярьдагаас биш “хулгайн малчин” гэж хэлдэггүй. Гэтэл ан гөрөөсийг хулгайлсан хүнийг бид “Хулгайн анчин” гэж хэлээд байдаг. Угтаа бол ангийн хулгайч гэж хэлэх ёстой. Албаар эсрэгээр нь хэлж ард түмнийг гөрөөчдийн эсрэг сэтгэхүйтэй болгосон буруу бодлого л доо. Үгийн сонголт дээрээ ч бид бодолцох ёстой. Би бол гөрөөчин хүн.

Анчин, гөрөөчин хоёрын ялгаа юунд байна?

Анчин биш, гөрөөчин гэж ярьдаг номтой. Гөрөөлнө гэдэг нь ална гэсэн үг биш. Гөрөөлнө, гөрөөчин гэдэг үг чинь гөрөөс гэдгээс гаралтай үг.

Мал гэж үг бий. Малчин ч гэж хүн бий. Малыг малладаг биздээ. Өсгөж үржүүлээд, хэрэгцээний малаа гаргаад, мах сүүг нь хэрэглээд явдаг биз?

Яг үүнтэй л ижил. Гөрөөчин хүн гөрөөлдөг.

Гөрөөлнө гэдэг нь шал өөр. Энэ жил амьтдын тоо толгой өсөж үү, тарга хүч авсан байна уу, өнгө зүс ямар байна, хаагуур байна гээд олон асуудал байна. Гөрөөчин гэдэг чинь малчинтай л ижил юм. Хамгаална, тоо толгойг нь өсгөнө, хэдийг нь гөрөөлөх вэ, хэзээ гөрөөлөх вэ гэдгээ хүртэл боддог монголчуудын үе дамжиж ирсэн ухаан байхгүй юу.

Монголчуудын дээд удамд гөрөөчин, малчин хүмүүс л байдаг. Аж ахуй нь л тэр байсан юм чинь. Гөрөөний соёл  маш өндөр сууж өгсөн байдаг. Анчин гэдэг харин сүүлд гарсан үг.

Та социализмын үеийн гөрөөчин хүн. Улсын төлөвлөгөө биелүүлж явсан талаараа хууч хөөрөөч?

Цагаан зээрийг мундаг том бригад гардаг байлаа. Би цагаан зээрийн бригад ахалж гарч байсан удаатай. Нийтдээ 10-аад хүний бүрэлдэхүүнтэй, нийт 3000 зээрийн гэрээтэй.  2900 орчим зээр агнаад 10 тонн махаар давуулж нэгдүгээр байранд орж байсан. Тэр бичиг одоо хүртэл надад бий.

Тэр үед экспортод гаргадаг байсан болохоор тавьдаг нөхцөл нь их хэцүү л дээ. Биенд нь бууны сумны нүх байхгүй, зөвхөн хүзүү толгойнд буудсан байх ёстой байдаг. Тэнд л жинхэнэ сайн гөрөөчин, сайн буудагч гэдгээ харуулна даа.

Гэхдээ төлөвлөгөөнд гарахдаа зүгээр ч нэг гардаг байгаагүй. Октябрын баяраар гарч, 15 хоног гал нээх эрх өгдөг. Гал нээх эрхийг Сайд нарын зөвлөлөөс хүн очиж нээнэ. 15 хоногийн дараа Сайд нарын зөвлөлөөс дахиад хүн ирж гал хаана. Яг энэ 15 хоногийн хугацаанд л  номроо биелүүлнэ. Гэхдээ нормоо биелүүлээгүй, дутлаа гээд хугацаа сунгана гэсэн асуудал бол байхгүй.

Муу бууддаг улсууд цээжээр нь буудаад цоолчихсон байдаг. Задарчихсан арьсны нүхээ цагаан утсаар оёод, нөгөөх нь баригдаж буцаагдана. Тиймэрхүү хөгжилтэй юм болдог байсан.

Манай бригадад Моюу гээд мундаг гөрөөчин, бууддаг хүн байсан. Өнгөрсөн жил тэнгэр хальсан даа. Цагдаагийн газарт шинжээчээр ажиллаж байсан “Төрийн Моюу” гэдэг хүн миний багш байлаа.

10 гаруй бригад гарч байсан. 1 бригад 3000 зээр буудах номртой. Бүгдийг нь экспортолж байсан байх аа. Ер нь тэр үед цагаан зээрийн мах 28 мөнгө, бугынх 53 мөнгө байлаа.

Одоо цагаан зээрийг хөлөөрөө малын өвчин тараалаа гээд ад үзээд байдаг. Уг нь тодорхой хэмжээнд гөрөөлж, экспортод гаргаж байвал зүгээр л юм байгаа юм.

Буга бас гөрөөлж явсан уу. Төлөвлөгөөнд буга бэлтгэдэг байсан байх шүү тиймээ?

Тэр үед буга маш их байсан. 1985, 1986 оны үед юм даа. Байгаль орчны сайд Товуугийн үед Засгийн газрын тогтоол гаргуулаад хоёр жил бугын агналт хийлгэсэн. Эхний жил 200 буга агнуулахаар тоо гарсан. Сайд нарын зөвлөлөөс очиж гал нээгээд яг нэг сарын хугацаа өгч байлаа.

Батхаанд 800 буга тоологдоод, 200-г нь дотоодын хэрэгцээнд ашиглах зөвшөөрөл гаргаж байсан. Яг тарган байгаа үед нь гөрөөлөөд, дотоодын хэрэгцээнд ашиглая гэж байсан. Хаалтын өдөр төв хорооноос хүн хүрч ирээд бугаа дахиж тоолж байлаа. Бид 197-г агначихаад байхад дахиад 807 буга согоо тоологдож байсныг тод санаж байна. Тэгээд ирэх жил нь дахиад 100 бугын зөвшөөрөл гарч байсан.

Бугаас махыг нь тушаана. Ан олзворын үйлдвэрт эврийг нь тушаана. Арьсыг нь хатааж, элдээд дэвсгэр зэрэг юм хийдэг байсан. Чив засааг нь хүртэл тушаадаг байлаа.

Махыг нь дэлгүүрт 3 төгрөг 75 мөнгө гээд зардаг байсан нь малын махнаас хямд байдаг байсан. Яг агнуурын үеэр нэг өдөр өнжөөд хөргөгчтэй машин ирээд бугын мах аваад явдаг байсан.

 

Одоо ч бугын тоо толгой нэлээд цөөрсөн гэдэг байх шүү?

Сүүлд бугын цусан эвэр, чив засааг урагшаа их зөөсөн дөө. Хятадтай сайдсан тохиолдол бүрт ангийн тоо толгой буурна гэдгийг манай үе үеийн удирдлагууд, хүмүүс тоогоогүй урагшаа их юм зөөсөн. Тэгээд л бугын тоо толгой огцом буурсан даа. Амьтны тоо толгой их байна гээд зарлахад л гадны нөлөө орж эхэлдэг нь энэ байхгүй юу.

Өөр жишээ ч зөндөө бий шүү дээ. Манай тэмээг барах гэж зөвхөн тавхайг нь худалдаж аваад, баавгайг минь барах гэж  сарвууг нь өндөр үнээр авна гээд л.

Сүүлийн 20 жилд тэгээд дээр дооргүй бүх юм руугаа дайрлаа. Ихэс дээдэс уул уурхай газар ус руугаа дайрлаа. Ядарсан энгийн ард тарвага туулай руугаа дайрлаа.

Гэхдээ сүүлд галт зэвсгийн хууль гарснаар ан гөрөө цэгцэрсэн юм болов уу гэж боддог?

Хууль алдаатай гарсан. 2001 онд Галт зэвсгийн тухай хууль гарсан юм. УИХ-ын гишүүд чинь хөөрлөөрөө хандаад, хүн болгон буу эзэмшиж болно гээд дайрчихсан. Манай гөрөөчдөөс Уртнасан, Одончимэд гээд гайгүй нөхдүүд уг нь их хуралд байсан. Хүн бүр буу эзэмшиж болохгүй, гөрөөчид л буу эзэмших хэрэгтэй гэхээр нөгөөдүүл нь тоогоогүй.

Анх батлагдсан хуулийн бас нэг алдаа нь ангийн буу байлдааны бууг нь ялгаж өгөөгүй. Оросууд байлдааны буугаа жаахан засч янзлаад ангийн буу шиг хэлбэртэй болгоод наашаа зарж эхэлсэн. Манайд автоматууд орж ирсэн нь ийм учиртай.

Галт зэвсгийн тухай хуулинд хагас автомат ангийн буугаа буруу оруулаад өгчихсөн...

Манай Энэбиш бид хоёр нөхдүүд байсан. 2009 онд хүүхэд нь их хуралд гарахад хүүхдээр нь дамжуулаад Галт зэвсгийн хуульд ангийн буу гэдэг ойлголтыг зөвөөр оруулж өгсөн. Тэр нь явсаар байгаад 2015 онд билүү шинэ хууль батлагдахад санаанууд орсон байна лээ. Гэхдээ буруу орчихсон.

Галт зэвсгийн тухай хуулинд байлдааны бууг зөвшөөрөөгүй нь зөв. Гэхдээ хагас автомат ангийн бууг буруу оруулаад өгчихсөн. Дэлхий нийтээрээ хагас автомат ангийн буу хүхээндээ 3 сум ордог байхгүй юу. Гэтэл манайх хүхээндээ 10 сум орж болно гээд заачихсан. Тэгээд л тэр буу чинь  байлдааны буу болчихож байгаа байхгүй юу.

Ан агнуурын хуулинд манай Мэргэжлийн анчдын холбоо оролцож байсан. Ангийн буу гэдэг нь хагас автомат бол 3 сумтай, гараар замагладаг бол 5 сумтай байна гээд оруулж өгсөн.

Автомат буу барихаар л тэгээд ан гөрөө биш аллага хядлага болж хувирдаг байх?

Хагас автомат буу үүрээд сууринд суулаа гэж бодъё. 10 гахай урдуур нь гарлаа. Гэтэл хагас автомат буу гох дарах болгонд сум гарна. Ингэхээр 10 сумтай хүний урдуур 10 гахай гарахаар бүгдийг нь буудах гээд шунадаг байхгүй юу.

Гэхдээ шуналыг лус савдаг мэддэг л дээ. Гөрөөчин хүнтэй лус савдаг харьцаж байдаг юм. 10 сумтай хүн бүгдийг нь буудчихъя гээд шунахаар лус савдаг нэгийг ч өгдөггүй юм. Зөрүүлнэ, онуулахгүй. Ингээд лус савдаг, хангай хишгээ хайрласангүй гэж бид ярьдаг юм.

Лус савдаг муу юм бодохыг анддаггүй. Анд гарахдаа, гөрөө хийх гээд сууринд суухдаа ингэж буудна, тэдийг буудна гээд шуначихаар лус савдаг мэддэг байхгүй юу. Тэр хүнээс зөрүүлээд, өөр сууриар гаргачихдаг. Эсвэл онуулдаггүй байхгүй юу.

Нэг нэгээр замагладаг гөрөөний буу бол оновчтой хаана нь буудах вэ гэдгээ сайн бодож байж бууддаг юм. Ингээд шунахгүй, яг сайн онож, зовоолгүй тээглүүлэх юмаа бодож байвал хангай хишгээ хайрладаг.

Та бол хөвчийн гөрөөчин хүн. Гахайнд нэлээд явсан байх?

Гахайн ан гөрөөчний шийрийг шалгадаг юм даа. Хоёр тонн, гурван тонн гахайны төлөвлөгөө бариад л гардаг байлаа.

Монгол гахайны жин айхтар их биш. Бодон 100-120 татдаг. Нэг тэмээнд 2 бодон ачдаг. Мэгжийг 60 кг гэж тооцдог. Гурван мэгжийг нэг тэмээнд ачна. Ингээд хэдэн тонн мах хийхээсээ шалтгаалаад тэмээгээ тооцоолж, авч гарна.

Гахайны мах 55 мөнгө байж байгаад 2 төгрөг болоод, сүүлдээ 5 төгрөг болсон санагдаж байна. Гахайны анд арваннэгдүгээр сард гардаг. Нэг отог 4-5 хүнтэй дээд тал нь 18 тэмээтэй.

14,5 хоногт 2 тонн юу байхав гээд л гардаг. Гэхдээ ан, гөрөө гэдэг хэцүү. Яг цагаа тулахаар энгэрт гахай байхгүй байх нь бий. Шунал нь дэндчихсэн бол зөрүүлээд, буруудаад байдаг.

Өвгөн гөрөөчид “Буруу өдрөө гарсан байна эсвэл хэн нэг нь шуналтаад, буруу юм бодсон байна” гээд засал үйлдээд, гэртээ харьчихаад буцаад ирж болно. Майхан саваа үлдээгээд харьчихаад буцаж ирээд гөрөөлөхөд засагдсан байна. Хариад ирэхэд шунаж байсан хүн бол бодоод бодлоо цэгцэлчихээд ирдэг. Гөрөөчин хүн ер нь бодлоо цэгцэлсэн байх ёстой.

Хэт шунах, буруу юм бодоход лус савдаг хишиг хайрладаггүй юм. Энэ үед гөрөөчид дом хийж засдаг...

Эс бөгөөс газар дээр нь дом үйлдэж засаж болно. Өөр юм буудаад оноод байгаа хэрнээ гахай буудахаар л онохгүй байж болно. Тэр хүнд чинь шуналын сэв суучихсан байгаа байхгүй юу. Модны тайрдас дээр ч юм уу гахайны дүрс хөөгөөр зураад тэрийгээ онуулдаг. Ингээд заагддаг.

Гөрөөчид давсаар утлага засал хийдэг. Отогтоо гал түлээд бор давсаа цогон дээр нь цацдаг. Тэр нь дуугараад утаа гарна. Тэрэндээ отгоо ариусгаад, буугаа, өөрсдийгөө утаж болно. Энэ давсны засал бол бүх ан дээр, бүх гөрөөчдийн утлага засал юм.

Гахайн төлөвлөгөөнд явж байхад тэмээ дүүрээгүй бол тэгээд хоног сунаад, сар шахуу явна. Бид чинь гахайгаа тэмээнд ачаад тэрийгээ “Тэмээ хувцаслана” гэж ярьдаг. Өнөөдөр хоёр тэмээ хувцаслалаа, одоо дөрвөн тэмээ хувцаслах дутуу гээд ярина даа.

Гахай, чоно шархдуулахаар хоёр жил эргэж хөрвөөгөөд, хуяглаад гээд ам дамжсан яриа байдаг. Одоо бол фэйсбүүк гэгчээр шуураад байгаа. Энэ ер нь хэр үнэний ортой вэ?

Гөрөөчин хүнд жудаг бий гэж яхэлээд байгаа. Амьтныг зовоож гөрөөлдөггүй. Зовсон мах бүү хүрт, бүү түгээ гэж үг бий. Зовоож тамлаж гөрөөлсөн мах юм болдоггүй. Зовсон мах гэж ярьдаг л даа. Сайн анчин бол зовоож шархдуулалгүй ан гөрөөгөө хийдэг юм. Ер нь аливаа амьтныг зовоохгүй гөрөөлнө гэдэг чинь нэг буудалтаар л унагаах ёстой.

Чоно, гахай шархдуулах, баавгай шархдуулах ер нь сайн юм биш. Гахайг шархдуулаад араас нь мөрөөр нь явахаар модон дотроос гэнэт гарч ирж эргээд дайрдаг тал бий. Нохойтой гөрөөлж байх үед харин яах ч үгүй. Нохой чинь гөрөөчнөөсөө түрүүлж очоод боргоогоод байж байдаг.

Гахайн анд нохойгоор их явдаг юм билээ. Та нохойгоор ан хийж байв уу?

Хийлгүй яахав. Гахайн анд нохойгоор ан хийж байлаа. Баавгай дээр нохойтой явж байлаа. Баавгай тэр үед хураамж 25 төгрөг байсан. Баавгайтай сумдад төлөвлөгөө очоод тэр нь биелдэггүй байсан. Гөрөөчид харин улсын төлөвлөгөө биелүүлээд хувийн юманд явах сонирхол байдаггүй байлаа шүү дээ.

Баавгайнд ичихээс нь өмнөхөн явдаг. Лайка гээд анч нохой байдаг. Хар нялхаасаа Москвагаас нохой зөөдөг байлаа шүү дээ.

Монголын тайга гээд анч нохой байдаг даа?

Тэр бол хурдтай анд их тохиромжтой. Үнэг, чононд их гөрөөлдөг. Гэхдээ би бол хөвчийн анчин. Тайга нохой хөвчийн анд тохирохгүй, цагаан газрын анд тохиромжтой л доо.

Манайх гурван үеэрээ хөвчийн гөрөөчин. Манай өвөө, аав тэгээд би. Тийм учраас ч ёс жудаг, гөрөөчдийн ёс гээд түрүүнээс хойш яриад байгаа юм.

Ер нь нохойгоор гөрөөлдөг соёл Монголд бий. Тэр бол бидэнд бага сага үлдчихсэн яваад байна. Шонхороор гөрөөлдөг соёл бас байлаа. Тэрийг бол одоо бараг хаячихаад байна. Соёлоо бид бага багаар алдаад л байна. Уг нь соёлоо хадгалж, өвлүүлж байвал тэр нь хөгжөөд хамгаалах тал руугаа явдаг юм шүү дээ.

Сүүлийн үед ан гөрөө хийнэ гэхээр техникээр зодож, машинаар хөөж хийдэг болж. Яаж ч бодсон олигтой зүйл биш дэг ээ?

Машинаар хөөх, онгоцоор хөөх аль алиныг нь л үзсэн. Ер нь тийм онц зүйл биш. Улайрчихдаг байхгүй юу. Ингэж хөөж яваад осол аваар ч их гарсан даа.

Харин өвгөчүүлийн гөрөөлдөг байсан шиг гөрөөлөх бол зөв. Моюу гуай, авто баазын дарга байсан Рэнцэндорж гээд сайхан гөрөөлдөг хүмүүс байсан. Сүүлийн үеийн гэвэл Жадамба генералийн хүү Энхбаяр гээд залуучуудад бид нар зааж, цуг гөрөөлж, үргээлгэнд нь явж өгч байсан. Эд нар чинь тэгж машинаар хөөх, онгоц зэргийг эрхэм болгодоггүй юм билээ.

Гөрөөчин гэдэг хүн чинь ур ухаанаа гаргаж, авьяасаа гаргаж, тэвчээр хатуужил зааж байж гөрөөлөх ёстой.

Өглөө эрт тосчихдог байхгүй юу. Хаагуур гарах уу, хаана суух уу гээд бодно. Дах дэгтийтэйгээ нэг газар суугаад үлддэг байхгүй юу. Жишээлбэл чоно хаана гөрөөлөөд, буцах вэ, хэний сууриар гарах вэ гээд бас бодно. Энэ бол ёс жудгаараа гөрөөлж байгаа нь тэр.

Машин онгоцоор бол амархан л даа. Техникийн хүчээр хөөгөөд л буудчих нь. Ингэхээр тэр хүнд “Би энийг гөрөөлчихлөө” гэх сэтгэгдэл төрдөггүй байхгүй юу. Илт давамгайгаар, хялбархан хожчихоод, их утгагүй байгаа юм л даа.

Гөрөөчин гэдэг хүн чинь ур ухаанаа гаргаж, авьяасаа гаргаж, тэвчээр хатуужил зааж байж гөрөөлөх ёстой.

Чонын авд хэр явж байв?

Чонын авд бага явсан. Ойр зуур үргээлэг, сууринд суух байдлаар л явж байлаа. Бусдаар бол би ёстой төлөвлөгөө биелүүлээд явж байсан удаа байхгүй.

Чоно дээр гөрөөчдийн ёс жудаг байдаг. Чоно дээр ч гэлтгүй баавгай, ирвэс гээд махчин амьтдыг бид адилхан гөрөөч гэж хүндэлдэг.

Өвгөчүүдийн яриа байдаг юм. Хоёр ууланд янгир байдаг байлаа гэхэд ирвэстэй уул руу гөрөөчид явдаггүй. Харин ирвэсгүй ууланд янгир байгаа бол тэр уул руу явдаг байж. Өвгөчүүд “Чи адилхан гөрөөч юм байж нэгнийхээ хоолыг булаах гэлээ” гээд хэлдэг байсан юм. Ирвэсийн онцлог нь чонотой адил бүгдийг нь сэглэдэггүй. Нэгийг л барьж аваад явдаг.

Чоно бол өөр л дөө. Мал руу нэг л орвол сарвалзсан болгон руу дайрдаг, сэглэдэг л дээ.

Чоныг социализмын үед төлөвлөгөө өгөөд агнуулж л байсан. Одоо л нэг их хайртай болоод л агнуулахгүй гээд байна. Цагаан газарт машинаар хөөж алж байгааг хорьсон нь зөв. Харин хөвчийн чоно ихтэй газарт чоно агнахыг хориглосон нь буруу гэж боддог.

Чонын хориог тавьчихаар буудаад дуусгачих юм биш үү?

Чадахгүй барахгүй байх. Одоогийн залуучууд чадахгүй. Хүн болгонд буудуулаад явдаг чоно гэж хаана байхав. Хүн болгон чоно агнаад байж чаддаг юм биш. Чоно үхэх хүнийхээ л өмнө ирж үхдэг амьтан.

Гахайнд явж байхад ойрхон чоно ульдаг. Хөгшчүүд “Бидний энд бууж гахай гөрөөлөхийг өнөөх гангианууд мэдчихэж” гээд хэлдэг. Бид чинь гахай тээглүүлчихээд, гэдсийг нь гаргаад дөрвөн шийртэй нь үлдээгээд отог руугаа буцдаг. Буун дуунаар чоно тэр газарт очоод гэдсийг нь иддэг. Чоно  ухаантай шүү дээ. Гөрөөчид гэдсийг нь үлдээгээд явдаг гэдгийг сайн мэднэ.

Энд чинь хэмнэлт хүртэл яваад байгаа юм. Чоно өөр амьтан барих байсан бол болиод бэлэн гэдэс идчихэж байгаа юм. Гөрөөчин гөрөөчнөө дагаж хоолтой болж байгаа юм.

Тэр ч байтугай шөнө отгийн хажууд ирээд сарны гэрэлд сууж байдаг. Хэдэн залуучууд бид чинь чоно байна , буудъя гэж хөөрөөд хөгшчүүдэд загнуулна. “Гахай гөрөөлөх гэж яваа юм уу, чоно гөрөөлөх гэж яваа юм уу. Хэд хоног гэдэс цатгалан, гахайн гэдэс идээд явж байна” гээд загнана.

Бид нарыг дагаад сар шахуу гахайн гэдэс идээд явсан удаа бий.

Та хамгийн дээд тал нь хэдэн хоногоор гөрөөнд явж байв?

Гахайн төлөвлөгөөнд 45 хоног явж байсан. Бугын төлөвлөгөөнд нэг сар. Цагаан зээр 15 хоног байх жишээтэй.

Ер нь ямар ан гөрөө таны хувьд хамгийн хэцүү вэ?

Хамгийн хэцүү ан гэвэл тарвага. Их нарийн буундаа ордог. Тарвагыг яг цагаан шанаанд буудах ёстой байдаг. Тэрийг онож буудна гэдэг хэцүү. Мундаг гөрөөчдөд бол амархан л даа.

Хүмүүс баавгайн ан хэцүү гээд яриад байдаг шүү дээ?

Баавгайн ан хэцүү биш шүү дээ. Хүмүүс  өөрсдийгөө мундаг болгох гэдэг юм уу яадаг юм, аймар хэцүү гэж ярьдаг. Тийм бол биш. Ямар багшаар яаж заалгаснаас болно.

Энгэр дээр байгаа баавгай, нохойгоор гөрөөлж байгаа байвгай бол айх юм байхгүй.  Нохой чинь ээрээд, боргоогоод байж байгаа юм чинь ойртож очоод нохойгоо буудчихалгүй шиг баавгайгаа сайн буудах ёстой. Бүдүүн хүзүүний уганд бууддаг. Цагаан зээрэнд бас бүдүүн хүзүүний угт бууддаг. Зээр идээшлээд байнга толгойгоо дээш доош болгодог ч хүзүү яг байрандаа л байдаг.

Гахайн дээр бол үргээлгээр гарч ирдэг, хурдтай давхиж байгаа учраас урагшаа бүдүүн хүзүү хойшоо улаан суганд онилдог. Их доор зүрхтэй амьтан шүү дээ. Гахайнд бол алддаггүй юм дөө.

Баавгай чинь өөрөө зоригтой ч юм. Ойртож байгаад тайван буух хэрэгтэй. Баавгайн нүд их жижигхэн шдээ. Нүд нь цэхэлзээд харагдах зайнд очоод л буудах ёстой.

Гөрөөчдийн ёс жудгийн талаар?

Чи гөрөөчин учраас нэгийг идчихээд 10-ыг хамгаалах үүрэгтэй гэдгийг залуус ойлгох учиртай. Олон сайхан ёс жудаг бий.

Гахай унагаачихаад сууж байна гэж бодъё. Гэдэс гаргаагүй сууж байхад өөр нэг гөрөөчин ирвэл яг адил хуваарь хүртэнэ. Яагаад гэвэл тэр сүүлд ирсэн гөрөөчин хуваарь хүртээд, гөрөөлөх гэж байсан нэг амьтны амиа хэлтрүүлдэг юм. Хуваарь орчихлоо боллоо гээд гөрөөчин явдаг. Гэдэс гаргачихсан хойно ирвэл хувь өгдөг. Хувь гэдэг нь чанаж идэх тогоо мах л байдаг юм.

Яг гөрөөлсөн, буудсан хүн бол зүлдээ авна. Зүлд гэдэг нь толгой нь. Тэгээд цуг гөрөөлсөн 4,5 хүн байвал тэнцүү хуваагаад хуваарь авдаг.

Гөрөөнд яваад ирсэн хүн хувь, хуваариа аваад нутагтаа очлоо гэхэд очоод айл саахалт,  нутгийнхандаа бас хүртээдэг. Сайн хүртээгээгүй бол дараа хангай хишгээ өгөхөө больчихдог. Тэгэхээр нутгийнхандаа ч сайн хүртээдэг учиртай.

Өдгөө орчин үед ч энэ жудгаа баримтлах учиртай. Олсон бол нутаг орондоо өгөх мөнгөө өгөөд, хүртээгээд явах ёстой.

Хангайн хишгээс хүртсэн бол орон нутаг, айл саахалтдаа хишиг хүртээж байх учиртай...

Хээлтэй, төлтэй амьтныг гөрөөлдөггүй. Дурандаад харахад төлтэй амьтан чинь хөх нь сэрийгээд, эсвэл биеийн бүтцээрээ хүртэл өөр харагддаг.

Бас монголчууд мал төхөөрнө, мал гаргана гэж ярьдаг биздээ. Ан гөрөөнд ална гэж ярьдаггүй. Гөрөөлнө, тээглүүлнэ гэнэ. Буудах гэхийг гох мултална гэнэ.

Яахав яг ингээл тулгаад асуухаар ярихад хэцүү юм. Өвгөдийн ярьж ирсэн захиас, ёс жудгууд бол яг газар дээрээ болсон үйл явдал дээр л гардаг юм. Жишээлбэл отог аваад гөрөөлж явж байхдаа залуус алдаа гаргалаа гэхэд  өвгөн гөрөөчид захиасаа хэлдэг юм. Одоо энд оффист суугаад ярьж байхад бас бүх юмаа гаргаад уудална гэдэг боломжгүй юм. Харин газар дээрээ тохиолдвол өвгөдийн захиас толгойд ороод ирдэг.

Гөрөөлнө гэдэг асуудал аль нэг танхим дээд сургуульд заадаг юм биш. Шавь сургалтаар бэлтгэдэг мэргэжил юм. Нэг ангид суугаад амьтан гэдэг чинь ийм гээд заагаад яах юм. Тэртээ тэргүй гөрөөлөөд явж байхад тэр амьтан чинь нүдэн дээр өөрөө гарч ирээд бие бүтцийг нь хараад, зан аашийг нь мэдэрчихдэг юм.

Орооны үе бол хамаагүй гөрөөлж болно. Жишээлбэл буга орооны үедээ урамддаг. Энэ үед аргил том, хөгширсөн бугыг олоход амар. Хөгшин буга их аргил хоолойтой, дуу нь их хол болчихсон байдаг. Байнга урамдаад байхгүй. Хааяа нэг үхэр мөөрч байгаа юм шиг аргил хоолойгоор урамддаг.

Гөрөөнд явж байхад хамгийн сайхан баяр хөөртэй мөч хэзээ байдаг вэ?

Социализмын үед төлөвлөгөө биелүүлсний дараа хамгийн сүүлчийн буудлага буюу хаалт хийдэг байлаа. Сүүлчийн буудлагад 2-3 хоногийн өмнөөс бэлдэнэ. Авлаж явахдаа “Тэнд гахайн өтгөн сүрэг байна. Битгий очоорой. Хаалт хийх юм” гээд газраа ч олчихно. Нэг юм уу, хоёр тэмээ хувцаслах л үлдвэл хаалт хийдэг.

Ангийн үед өвгөчүүд нь сууринд сууж, залуус нь үргээлгэнд явдаг бол хаалтаар өвгөчүүд залуусаа сууринд суулгадаг. Энэ бол хамгийн том баяр. Ахмад нь залуугаа хүндэтгэж буй учраас тэр.

Гөрөөлнө гэдэг чинь зөвхөн агнахын нэр биш. Энд тийм амьтан байхгү