БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН 2015-2016 ОНЫ ТАЙЛАН

2015-2016 оны тайлан нь

-Цаг агаар, уур амьсгалын төлөв байдал, -Өөрчлөлтийн хандлага, байгалийн баялгийн нөөцийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчны бохирдол, өөрчлөлтийн төлөв, байгаль орчны засаглалын төлөвшил, хөгжил гэсэн үндсэн 4 бүлэгтэй.

 Тайланд туссан зарим тоо баримтыг онцолбол:

          Дэлхийн дулаарлын нөлөө манай оронд эрчимтэй ажиглагдаж 1940 оноос хойшхи цаг уурын байнгын ажиглалтын мэдээгээр агаарын дундаж температур сүүлийн 70 гаруй жилд 2,2°С-аар нэмэгджээ.

  •  1997-2001 онуудад хур тунадас маш бага, 30°С-ээс дээш халуун өдөр олон байснаас чийгийн баланс хасах утгатай болж сүүлийн 70 гаруй жилийн хамгийн хуурайшилтай үе болсон байна.
  •  2015 оны жилийн дундаж агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад говь болон тал хээр, Орхон Сэлэнгийн сав нутгаар 1,2-1,3°С, Идэр Тэсийн сав нутаг, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор орчмын нутгаар 1,6-1,9°С, Алтайн уулс, Их нууруудын хотгор, Төвийн нутгаар 1,5-1,7°С-аар дулаан байжээ. 2016 оны жилийн дундаж  агаарын температур олон жилийн дунджаас 0.4°С-аар дулаан, 2015 оныхоос 1°С-аар сэрүүн байжээ.  
  •  Сүүлийн жилүүдэд агаар мандлын гаралтай аюултай болонгамшигт үзэгдлийн тоо ихсэж, 1990-2000 онд жилд дунджаар 30 орчим аюултай үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001-2016 онд 2 дахин нэмэгджээ. Шороон шуургатай өдрийн тоо 2014 онд 37 байсан бол 2015 онд 47 болж өссөн байна. Монгол Улсын хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээ дэлхийн дунджаас бага боловч нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгаралт нь 2014 оны байдлаар 6,08 тонн СО2-экв  байгаа нь дэлхийн дунджаас харьцангуй өндөр байна. Манай орны байгаль, нийгэм, эдийн засгийн салбарын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээний дүнгээр мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэх хандлагатай байгаа юм.

 

 

 

  •  Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76.8% цөлжилтөд өртсөн байна. Аймгийн байдлаар авч үзэхэд Говь сүмбэр аймгийн 62,8%, Дорнод аймгийн 43,5%, Сүхбаатар аймгийн 31,1%, Дундговь аймгийн 27,9%, Өмнөговь аймгийн 17,5% тус тус цөлжилтөд хамрагдсан байна. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарчээ.
  •   2016 оны байдлаар уул уурхайн зориулалтаар 27068 га талбай эвдрэлд орсноос 11375 га талбай буюу 42%-д техникийн нөхөн сэргээлт, 7425 га талбай буюу 27,4%-д биологийн нөхөн сэргээлт тус тус хийсэн байна. 2016 оны байдлаар 16 аймгийн 34 сумын нутаг 1637 га талбай бүхий 96 хэсэгт бичил уурхайн олборлолт явагдаж байна.
  •  Ойн сангийн 2016 оны үзүүлэлтийг 2013-2014 оныхтой харьцуулахад нийт талбай 137,8 мянган га-аар, нөөц 1948,1 мянган шоометрээр нэмэгдэж, ойрхог чанар 0,1%-иар өссөн байна. Хууль бус мод бэлтгэл, ойн түймэр, хортон шавжийн хөнөөлд өртөх замаар ойн нөөцийн хомсдол, доройтол нэмэгдэж байна.
  •   Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 2000 онд нийт нутаг дэвсгэрийн 13,8%, 2014 онд 17,4%, 2017 онд 17,8% болж өссөн байна. 2016 оны байдлаар 21 аймгийн нийт 57,9 сая га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.
  •  Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын хүн ам, автомашины тоо ихээхэн өсч, үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хирээр агаар, хөрс, усны бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс давах тохиолдол тогтмол гарч байна. Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж хүлцэх агууламжаас 2015 онд 2,4 дахин, 2016 онд 3 дахин их гарчээ. Орон нутгийн хэмжээнд авч үзвэл Баянхонгор болон Даланзадгадад хүлцэх агууламжаас 1,6-1,8 дахин их байна.
  •  Түүнчлэн хот, суурин газрын хог хаягдлын хэмжээ өсч 2015 онд улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн 371 төвлөрсөн цэгт 2,3 сая тонн хог хаягдал тээвэрлэн хаясан байна. Нийт хог хаягдлын 90,9%-ийг ахуйн, 9,1%-ийг үйлдвэрлэлийн хог хаягдал эзэлсэн байна. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлын дөнгөж 0,31%-ийг дахин боловсруулжээ.
  •  Байгаль орчны салбарт 27 хууль, 18 үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Түүнчлэн олон улсын 12 конвенци, 5 протоколд нэгдэн, 30 гаруй улстай хоёр талт хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.
  •  Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 2013-2016 онд жилд дунджаар 61,6 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн байна. 2016 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 70 тэрбум төгрөгөөс дөнгөж 29%-ийг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулжээ. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар 11 улстай Засгийн газрын түвшинд, 11 улстай яамдын түвшинд гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллаж байна. 2016 онд манай улсад 404 мянган жуулчин аялж, 312 сая ам долларын орлого оруулсан нь 2015 онтой харьцуулахад жуулчдын тоо 4,4%, орлогын хэмжээ 11,4%-аар тус тус өссөн байна.

 

 

 

  •  Тайланд төлөв байдлын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлохын зэрэгцээ цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх дүгнэлт, санал, зөвлөмжийг тусгасан байна.
  •   Улс орны эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, ард иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхдээ төлөв байдлын тайланд тусгагдсан гол дүгнэлт, санал, зөвлөмжүүдийг сайтар анхаарч, байгалийн нөхцөл, нөөц, даацад нийцсэн байх тулгуур зарчмыг баримтлах шаардлагатай гэжээ.

Тайлангийн бүрэн эхийг дараах линкеер татан авч танилцана уу.

http://www.parliament.mn/n/proy