Д.Оюунхорол: Төрийн шийдвэрийг үл тоодог аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэнэ

 

Богдхан уулын байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газарт иргэд, аялагчид, жуулчдад зориулан автомашин, дугуйны зогсоол, стандартад нийцсэн хогийн цэг зэргийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Богдхан уулын тус байгалийн цогцолбор газарт газар эзэмшиж байсан “Энигма” компанийн 42 га газраас 3 га-г нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Гэвч “Энигма” компани 3 га газрыг чөлөөлж өгөхгүй хэмээн эсэргүүцсээр байна. Уг эсэргүүцэлдээ өөрийн охин компани болох Монголын үндэсний их сургуулийн оюутнуудыг хүртэл оролцуулсан юм.

Улмаар тус компанийн зүгээс дээрх асуудлаар БОАЖЯ-ыг шүүхэд өгсөн бөгөөд шүүхийн анхан шатны шийдвэр “Энигма” компанийн талд гарсан байна. Тиймээс уг шийдвэртэй холбогдуулан БОАЖЯ-наас давж заалдаад байгаа юм. Тэгвэл “Энигма” компани шүүхийн шатанд байгаа асуудлыг цэгцрээгүй байхад нь МХЕГ-аас үйл ажиллагаа явуулахыг хориглосон уг байршилд барилга барихаар газар ухаж эхэлсэн байна. Нэг ёсондоо МХЕГ болон бусад холбогдох байгууллагуудын шийдвэрийг үл хүндэтгэн, дахин газар ухаж эсэргүүцсээр байгаа юм.

 

 

 

Тэгвэл өнөөдөр хууль зөрчиж газар ухсан тус газарт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан,  БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, ЦЕГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан, албан хаагчид, мэргэжилтнүүд очиж танилцсан юм. Харин “Энигма” компанийн төлөөлөл болон удирдлагууд уг шийдвэр гарсан өдрөөс хойш албаныхантай уулзалт хийгээгүй байсаар байна. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа аливаа аж ахуйн нэгж заавал байгаль орчны үнэлгээ хийлгэж, тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас авах ёстой байдаг. “Энигма” компанийн хувьд ямар ч зөвшөөрөл аваагүй. Мөн төсөвт 3 тэрбум төгрөгийн татварын өртэй байгаа. Татварын мөнгийг уг компаниар төлүүлнэ. 3 га газрыг чөлөөлөхгүй гэж уг компани шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр тус компанийн талд гарсан. Гэхдээ давж заалдсан байгаа. Мөн МХЕГ-аас уг байршилд үйл ажиллагаа явуулж болохгүй гэж лацадсан байсан. Харин шүүхийн шатанд байгаа, дээрээс нь МХЕГ-ын шийдвэрийг үл хүндэтгэн, тавьсан лацыг авч газар ухсан байна. Нийтийн эзэмшлийн газрыг олон нийт, иргэд л ашиглах ёстой. Цаашид иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч аж ахуйн нэгжид хатуу шаардлага тавьж ажиллах болно. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Мөн “Энигма” компани 3 га газраа чөлөөлөхгүй гэж байгаа бол тэдний эзэмшлийн 42 га талбайн эзэмших зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг ч үгүйсгэхгүй” гэсэн юм.   

 

Дашрамд дурдахад, “Энигма” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа уг газарт өмнө нь Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал, цагдаа гээд бүх чиглэлээр хамтарч, шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар олон зөрчил илэрсэн гэх дүгнэлтүүд гарсан. “Энигма” компани нь газраа хоёр, гурав хувааж, их сургууль барина гэх нэрийн дор газрын төлбөрөөс зугтаасаар иржээ. Эх сурвалж: mne.mn