Хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа

 

 

Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсантай холбоотойгоор БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлийн газрынхан НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвтэй хамтран үндэсний болон Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж дуусчээ. Энэхүү төлөвлөгөөг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр болсон бөгөөд нээлтийн хүндэт зочдоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлийн газрын дарга Т.Булган, НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төвийн дэд хөтөлбөрийн мэргэжилтэн Клаудиа Жиаковилли, Азийн сангийн Монгол дахь газрын дэд суурин төлөөлөгч Диана Фернандез, Азийн технологийн институтийн хог хаягдлын асуудал хариуцсан зохицуулагч Жильберто Боронан болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр нар хүрэлцэн ирсэн юм.

 

 

 

 

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “ Үндэсний болон Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө  боловсруулахад санхүүгийн  болоод техникийн тусламж  дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвийнхөнд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүн амын төвлөрөл өсч, эдийн засаг тэлж, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж байгаагаас гадна иргэдийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотойгоор үүсч буй хог хаягдлын тоо хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байна.Улсын  хэмжээнд  2016 оны  байдлаар хог  хаягдлын  төвлөрсөн  391 цэгт 2.1 сая тонн хог хаягдал цугларсан бол, зориулалтын бус газарт 107 мянган тонн хог хаягдал хаягдан, 98 мянган га талбай бохирдуулсныг цэвэрлэсэн байна. Мөн нийслэлийн гэр хороололд хүйтний улиралд ойролцоогоор 81 мянган тонн буюу нэг өрх ойролцоогоор 450 кг хаягдал шатааж, агаарын бохирдолднөлөөлж байна. Аюултай хог хаягдалтай холбоотой харилцааг зохицуулах эрхзүйн орчин хангалтгүй, аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж байхгүйгээс ихэнх нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрс, усанд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байна. Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ 1%-д ч хүрэхгүй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс хог хаягдлын цогц менежментийг  бий болгон,  түүнийг дэмжих  эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлэх, хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглах, түүнээс эрчим хүч үйлдвэрлэх замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, эцсийн устгах хог хаягдлын хэмжээг бууруулах тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулж, олон улсад тавигддаг шаардлагад нийцүүлэн  Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан.Монгол Улсын Засгийн газар хог хаягдлын менежменттэй холбоотой тулгарч байгаа асуудал, сорилтуудыг шийдвэрлэх талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч менежментийг нь илүү сайжруулах, ялангуяа хог хаягдлын талаарх иргэд, олон нийтийн мэдлэг ойлголт,  хариуцлага,  оролцоог нэмэгдүүлэх шаардлага байсаар байна. Хог хаягдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэн тэргүүнд бидний хийх ажлын нэг нь хуульд заасан хөтөлбөр, төлөвлөгөө, холбогдох  дүрэм,  журмыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах  ажил гэж үзэж байна. НҮБ-ын Байгаль орчны байгууллагын төслийн хүрээнд хамтран ажиллаж, Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний стратеги, түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг  боловсруулсан явдал нь Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, менежментийг сайжруулахад ихээхэн түлхэц болох болно” хэмээлээ.

 

 

Хог хаягдлын менежментийг сайжруулах энэхүү үндэсний стратегийн баримт бичгийн хүрээнд 2017-2030 он хүртэл хэрэгжүүлэх Хог хаягдлын менежментийн  алсын  хараа,  эрхэм  зорилго, 6 зорилтууд, 20 стратегиуд, тэдгээрт холбогдох үйл ажиллагаануудыг олон улсын аргачлалын дагуу томьёолжээ. Одоо уг баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу холбогдох тооцооллыг нь хийж албажуулж батлуулах юм байна.  Эх сурвалж: mne.mn