МБОИЗ усны асуудлаар олон улсын семинар зохион байгуулав

 


Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) АНУ-ын Нью Мексикийн Байгаль орчны судалгааны хүрээлэнтэй хамтран “Монгол, АНУ, ОХУ, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан семинарыг өнгөрөгч бямба гарагт зохион байгууллаа. Тус семинар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болсон бөгөөд Сав газрын менежмент ба ус ашиглалт, Эко системийн үйлчилгээний төлбөрийн зарчмыг Монголд нэвтрүүлэх боломж, Тайширын усан цахилгаан станцын нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөө сэдвээр үндсэн илтгэлүүдийг толилуулсан юм.

Одоогийн байдлаар Монголд үйл ажиллагаагаа явуулж буй усан цахилгаан станцуудаас хамгийн том нь Говь-Алтай, Завхан аймгийн 18 сумын төвийг цахилгаан эрчим хүчээр хангаж буй Тайширын УЦС.
АНУ-ын эрдэмтэн, Нью Мексикийн Байгаль орчны судалгааны хүрээлэнгийн захирал Пол Робинсон Тайширын УЦС-ын далангаас доош амьдарч байгаа малчин ардын сэтгэгдэл, санаа бодлыг сонсож тэдний аж амьдралд усан цахилгаан станцын үйл ажиллагаа хэрхэн нөлөөлсөн тухай судалгаа хийсэн байна.

Тус УЦС-ын усан санг дүүргэх хугацаанд Завхан гол тасарч далангаас доошоо мал маллахад ихээхэн хүндрэлтэй болсон, соёлын дурсгалт газрууд буюу сум суурингийн туурь усанд автсан зэрэг сөрөг нөлөө их гарсан гэж Пол Робинсон судалгаандаа дурджээ. Тэрбээр “Их сайн сайхны төлөө бага золиос гардаг гэж үг бий. Гэхдээ эдгээр нь шийдэж болохгүй асуудал биш” гэв.

Гадаргын усны ашиглалтыг хөгжүүлэх нь усны сав газрын экосистем, тухайн газар оронд амьдарч байгаа хүн зоны амьдрал ахуй гээд маш өргөн хүрээг хамарсан асуудал тул манай оронд Сав газрын зөвлөлийг 2004 онд анх байгуулж одоо энэ асуудлыг Сав газрын захиргаад хэрэгжүүлэн ажиллаж байна. Монголчууд хэрэглээний усныхаа 90 хувийг гүний усаар хангаж байна.

Гадаргын ус ашиглахтай холбоотой Эг, Шүрэнгийн УЦС-ын төслүүд, Орхон-Говь буюу Говийг усжуулах төслийг гацаагаад байгаа асуудал бол Байгал нуурын экосистемд хор хөнөөл учруулна гэж үзсэн Оросын ард түмний эсэргүүцэл юм. “Байгалыг авар” тэргүүтэй хөдөлгөөнийхөнд болоод Буриадын энгийн ард иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгөх, ОХУ-ын талтай хамтран ажиллах зорилгоор Дэлхийн Банкны MINIS төслийнхөн Монгол эрдэмтдийн баг, Эрчим хүчний яамны төлөөлөл Улаан-Үүд, Эрхүү хотуудад хэд хэдэн удаа зөвлөлгөөн явуулж төслийн урагшлуулах хүчин чармайлт гаргаж байгаа билээ.

“Хэрэв үнэхээр Монгол УЦС-ын төслүүд Байгал нуур, түүний экосистемд сөрөг нөлөөтэй гэж үзэж үүнийг эсэргүүцэж байгаа юм бол ОХУ-ын талаас манай улсын эрчим хүчний алдагдлыг нөхөж өгөх зохицуулалтыг хийж өгөх ёстой” хэмээн тус хурлын үндсэн илтгэгчдийн нэг Доктор Н.Эрдэнэсайхан хэллээ.



Усны барилга байгууламжийн инженер, доктор Г.Долгорсүрэн, “Өдөр бүр манайхаас [Монголоос] 339 м3/сек хурдтай ус урсан ОХУ-ын нутаг дэвсгэр лүү орж байна. Үүний ихэнх нь манай нутагт орсон цас, бороогоор үүсгэгдэн бий болсон ус. Усны “эзэн” болсон Монгол хүмүүс гадагшаа гарч байгаа усны урсгалынхаа зөвхөн 0,7 хувийг авч ашиглахыг эрмэлзэж байгаа нь тийм ч том хүсэлт биш гэж бодож байна” гэлээ.

Монгол Улс цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээнийхээ талыг ОХУ-аас өндөр үнээр худалдан авдаг. Өөрсдийн эх үүсвэрээр хангаж байгаа эрчим хүчний 90 хувийг маневрлах чадвар муутай дулааны цахилгаан станцуудад үйлдвэрлэж байна. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх хүрээнд Засгийн газраас 2020 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг 20 хувьд хүргэх, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Харин одоогийн байдлаар зөвхөн 4.3 хувийг л сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа юм.                  Б.Амарсайхан