Монголчууд машинаа цэвэршүүлсэн саарал усаар угааж эхэллээ

Өнөөдөр монголчууд бид машин тэргээ уудаг усаараа угааж байгаа. Энэ нь ямар хор уршигтайг мэддэг хэрнээ ярихаас хэтэрдэггүй. Тэгвэл Японы "Toyota" корпорацийн Монгол дахь албан ёсны газар "Мөнх Хада" ХХК-ийн угаалгын газар машин угаасан усаа цэвэршүүлээд 100 хувь дахин ашиглаж байна. Нэг ёсондоо саарал ус хэрэглэж байна.

Эдний машин угаах автомат салон шалан дор усаа буцаан сорих төхөөрөмжтэй. Түүгээр ус доошоо хоолойгоор ирж тус бүр нэг тонны хоёр саванд хуримтлагдан цэвэршүүлэх аппаратаар орж буцдаг.

"Мөнх Хада" ХХК-ийн зөвлөх инженер Ж.Эрхэмбаярын хэлж байгаагаар ийм газар Монголд одоогоор хоёрхон байгаа (“Зоос гоёл” ХХК-ийн хажууд) гэж байна. Япончуудын суурилуулсан цэвэршүүлэх төхөөрөмж нь машины шороо тоосоос гадна тос, тортогын хамт усыг цэвэрлээд эргээд ашигладаг аж. Ийм газруудаар үйлчлүүлсэн хэн хүн байгаль орчноо хамгаалах үйлсэд, ирээдүйн амьдралдаа өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.

"Мөнх Хада" ХХК нь Монголын Байгаль орчны Иргэний зөвлөл (МБОИЗ)-өөс зохион байгуулсан "Эх дэлхийн өдөр"-өөр "Хариуцлагатай монголчууд" өдөрлөг зохион байгуулж энэ үеэр зарим байгууллага, хүмүүсийг "Эко элч"-ээр өргөмжилсөн билээ.