Утаанаас ч уршигтай зүйл улаанбаатарчуудыг заналхийлж байна

Урин дулааны улиралд нийслэлийн иргэдийн хувьд тулгамдаж буй асуудал бол хөрсний бохирдол юм. Утаанаас ч уршигтай гэгдэх хөрсний бохирдлын талаар мэдээлэл  хүргэж байна.  

 

Хөрсний бохирдол гэж юу вэ?

Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний бичил биетэн хөрсөнд ордог.

Агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж улмаар ургамлын нөмрөгийг устгах, усыг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас хөрсний бохирдолт нь хотын экосистемийн бохирдолтын төлөв байдлыг тодорхойлдог.  

Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газрын хөрсний тогтоосон 50 гаруй цэгээс жил бүрийн 5, 10 дугаар саруудад дээж авч, шинжилгээ хийлгэж, хөрсний бохирдлын түвшинг тогтоох үнэлгээг хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн норм / MNS3297-91/ -тай харьцуулан үнэлгээг өгдөг.  Хөрсний бохирдол ихтэй дүүргүүд, бүс нутгууд,

  • Арьс ширний үйлдвэр- хром, хар тугалга, никель
  • Ногоон нуур- хром, хар тугалга, никель
  • 100 айл- хром, хар тугалга, никель
  • Шувуун фабрик, бөхөгийн голын адаг- E.Coli, эмгэг төрөгч бактер, мөөгөнцөр
  • Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол- E.Coli, мөөгөнцөр
  • Хан-Уул дүүргийн Яармагийн 8-р хорооны нутаг дэвсгэрийн хогийн цэг орчим-    E.Coli, мөөгөнцөр
  • Баянзүрх дүүргийн Амгалангийн вокзал- E.Coli, Salmonelle
  • Сонгинохайрхан дүүргийн Сонгины амралт-E.Coli, мөөгөнцөр их хэмжээтэй
  • Нарантуул захын орчим-Аммоний азот 50 дахин их байгаасудалгаа гарсан байна.

 
Хөрсний бохирдлын хэлбэр

Химийн бохирдол: хүнд металлууд, цацраг идэвхит бодисууд, нефтийн нүүрс усууд, эрдэс бордоонууд.

Биологийн бохирдол: мал амьтны сэг, хөдөө аж ажуйн, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлууд, ойн хортон шавжтай тэмцэхэд хэрэглэдэг бактериуд.

Хөрсний бохирдлын эх үүсвэр

  • Гэр хорооллын жорлон
  • Ил задгай бие засах
  • Үхсэн мал, нохойны хүүрийг ил хаях
  • Фермерийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс амьтан, малын ялгадас бууцыг гол, уулын ам, жалга руу замбараагүй ихээр асгах
  • Автомашины задгай угаалгын газар
  • Эмнэлгийн аюултай хог хаягдал

Халдвар дамжих зам

Ахуйн замаар

Гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар орсон гуталтайгаа гэр дотроо явах,  бохир гутлаар гишгэсэн шалан дээр хүүхэд нь тоглож байгаад халдвар авах
Ус хадгалах савны бохирдол, ус хутгах тусгай шанагагүй байх, ус авах, хоол унд хийхдээ гараа угаахгүй байх, таггүй саваар ус зөөхөд тоос, шороо, гарын бохирдол зэргээс ус бохирдож халдварт өвчин дамжих эх үүсвэр болдог.

Дамжуулагчаар дамжин халдварлах

Хамгийн аймшигтай нь өвчин дамжих зам нь хүн бохир хөрснөөс ялаагаар дамжин халдвар авч болдог. Хүн төрөлхтөн ялааны хөлийг хорьж дийлэхгүй учраас хөрсний бохирдлыг багасгах нэг арга нь айл өрх иргэн бүр угаатсаа ил завгай асгахгүй байх, бохир усны цооногт асгах,  эко жорлон ашиглах нь чухал юм.

Бохирлогдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг ба халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.

Хөрсний бохирдлын хорт нөлөө

  • Аммоний, фосфор-Гадаргын болон газрын доорх усыг бохирдуулдаг
  • E.Coli, Salmonelle- Гэдэсний халдварт өвчин болох цусан суулга, халдвартшар, балнад, урвах тахал
  • Малаас хүнд дамжин халддаг боом, бруцеллёз
  • Мэрэгч амьтдаас хүнд халддаг тарваган тахал, галзуу, шимэгч хорхойн халдварууд гэгддэг хялгасан хорхой, цагаан хорхой, өргөн туузан хорхой, хүж хорхой
  • Үхрийн болон гахайн туузан хорхой, сүрьеэ, амьсгалын замын өвчин үүсгэдэг.
Хөрсний бохирдлыг бууруулах зөвлөмж
  1. Угаадсаа ил задгай асгахгүй байх. Угаадас нь гэр хороолол амьдардаг айлуудад төдийгүй орон сууцны айлуудад хамааралтай. Орон сууцанд амьдардаг  хүмүүс орцныхоо гадаа хивс, автомашинаа угааж буй дүр зураг дулааны улиралд их элбэг харагддаг.
  2. 1900-аад оны хоцрогдсон газар ухаж жорлон гаргах технологиос татгалзах. Орчин үеийн боловсон жорлон ашигласнаар дулааны улиралд ялаа зэрэг шавьж шавахгүй тав тухтай бие засах боломжтой.
  3. Хогоо ил задгай хаяхгүй байх. Ахуйн хог хаягдалаа зориулалтын хогийн уутанд савлаж, боож хаяж хэвшээрэй.
  4. Автомашинаа ил задгай угаахгүй, ус зайлуулах шугамтай зориулалтын угаалгын газраар үйлчлүүлэх. Автомашин угаалгын жижиг газруудын ихэнх нь ус зайлуулах шугамгүй байдаг.
  5. Айл өрхүүдийн бие засах газар, бохир усны нүх зэрэг ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, ашиглалт, хог хаягдлын зайлуулалт хангалтгүй зэргээс болж ус бохирлогдож байгаа учир ундны усаа баталгаатай газраас авах, усаа буцалгаж хэрэглэх, гэрийн нөхцөлд усыг зөөвөрлөх, хадгалахад онцгой анхаарах шаардлагатай.
  6. Нэгэнт хөрсний бохирол ихтэй энэ үед дулааны улиралд хүүхдүүдээ гадаа тоглуулахдаа ариун цэврийг сайн сахиулах, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn