МБОИЗ-ийн дүрмийг дагаж хэрэгжүүлэх журам

МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн

2017-01-06-ны өдрийн хурлын 1 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт

 Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн

дүрмийг хэрэгжүүлэх журам

Энэхүү журмын зорилго нь МБОИЗ-ийн дүрэм, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

НэгМБОИЗ-ийн чуулганыг зарлах, хуралдуулах журам

  • Чуулган хуралдуулах жилийн 4-р улиралд МБОИЗ-ийн чуулганыг зарлан хуралдуулна.
  • Хуралдааны товыг тэргүүний санал гаргаснаар УЗ хэлэлцэж шийдвэрлэнэ.
  • Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага гарвал УЗ тов тогтооно.
  • Дараах шаардлагыг хангасан гишүүн ТББ-ууд чуулганд таслах эрхтэй оролцоно.
    • Чуулганы бүрэн эрхийн хугацаанд татвараа бүрэн төлсөн.
    • Ёс зүйн кодыг зөрчөөгүй.
    • Дүрмийнхээ хүрээнд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг
  • МБОИЗ-ийн удирдах зөвлөл шаардлагатай гэж үзвэл тэргүүн, удирдах зөвлөл, хяналтын хороонд нэр дэвшигчдэд нэмэлт шалгуур тогтоож болно.
  • Чуулганд урилгаар оролцож болно.
  • Урилгаар оролцогч нь чуулганы мандатын комисст албан ёсоор хүсэлтээ бичгээр гаргах ба бүртгэлийн хураамжаа урьдчилан төлсөн байна.
  • Чуулганыг тэргүүн удирдана.
  • Чуулганы хөтөлбөрийг УЗ хэлэлцэж батална.
  • Зохион байгуулалтын асуудалд дараах асуудлууд орно. Үүнд:
    • Тэргүүнийг сонгох
    • УЗ-ийн гишүүдийг сонгох
    • Хяналтын хорооны гишүүдийг сонгох
    • Хяналтын хороо хуралдаж даргаа сонгох
    • Хороод хуралдаж НП-д төлөөллөө сонгох
  • Чуулганаас тогтоол гарах ба зохион байгуулалтын асуудлаас өмнө хэлэлцэгдсэн асуудлаар хуучин УЗ гишүүд, зохион байгуулалтын асуудлыг шийдсэнээс хойш хэлэлцэгдсэн асуудлаар шинэ УЗ гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
  • Чуулганаар МБОИЗ-ийн дүрмийн төсөл хэлэлцэх, дүрэмд зарчмын өөрчлөлт оруулах шаардлага гарсан гэж үзвэл чуулган хуралдахаас өмнө нь бүх гишүүдээс санал, асуулга авч ногоон парламент, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлсэн байна.

Хоёр. МБОИЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах журам

2.1. МБОИЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах эрх чуулганд хадгалагдана.

2.2. Чуулганаар хэлэлцэж зарчмын хувьд баталсан дүрмийг МБОИЗ-ийн Удирдах зөвлөл хянан үг, үсэг, найруулгын болон утгын алдааг хянан засварлах, эрхтэй.

2.3. Энэхүү хянан засварлалтыг (редакцыг) чуулган хуралдсаны дараа 3 долоо хоногт багтаан дуусгаж, УБЕГ-т өөрчлөлтийг бүртгүүлэн, нийт гишүүдэд нээлттэй түгээнэ.

2.4. Удирдах зөвлөл нь редакц хийхдээ баталсан зарчмаас өөр утгын өөрчлөлт хийх (чуулганаар тохирсон тоон үзүүлэлт, сонгох, сонгогдох зарчим, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах зэрэг) эрхгүй боловч удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын хорооны гишүүдээс өмнө нь гаргаж байсан ёс зүйгүй асуудлуудыг давтахгүй байхад чиглэсэн эерэг өөрчлөлтийг оруулан батлах эрхтэй.

2.5. Зарчмын хувьд баталсан дүрмийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага гарвал ногоон парламентаар хэлэлцүүлж зөвлөмж авсны дараа удирдах зөвлөл хэлэлцэж батална.

Гурав. МБОИЗ-ийн хороо

  • МБОИЗ нь үйл ажиллагаагаа мэргэжлийн хороодоор дамжуулан хэрэгжүүлнэ.
  • Мэргэжлийн хороод нь дүрмээр тодорхойлсны дагуу дараах чиглэлээр ажиллана. Үүнд:
    • Биологийн олон янз байдал,
    • Газар, газрын хэвлийн нөөц баялаг, ус, агаар,
    • Эрх зүй, хяналт үнэлгээ, чадавхижуулах, сургалт судалгаа, сурталчилгаа, нөлөөлөл,
  • Мэргэжлийн хороо бүрээс гурван төлөөлөл Ногоон парламентад сонгогдоно.
  • Хороод чуулганы үеэр ногоон парламентад оролцох төлөөллөө сонгоно.
  • Ногоон парламентад сонгогдох төлөөллийг хорооны даргын санал болгосноор УЗ-өөр баталгаажуулна.
  • МБОИЗ-ийн хороод нь дарга, тэргүүлэгчидтэй байна.
  • Хорооны даргыг тэргүүний санал болгосноор УЗ-ийн гишүүдээс сонгож батална.
  • Хорооны дарга дараах бүрэн эрхтэй. Үүнд:
    • Хорооныхоо үйл ажиллагааг удирдлагаар хангах, зохицуулах
    • Хорооны тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх, хороогоороо хэлэлцүүлэх, батлах.
    • Хорооны болон хорооны тэргүүлэгчдийн хурлыг зарлах, хурлыг удирдах,
    • Хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, биелэлтийг хангуулах
    • Хорооны болон хорооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах, тайлагнах
  • Хорооны тэргүүлэгчид 5 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй сондгой тоотой байна (дарга+гишүүд).
  • Хорооны болон тэргүүлэгч гишүүдийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна.
  • Тэргүүлэгчдийн олонх нь оролцсон нөхцөлд тэргүүлэгчдийн хурал хүчинтэйд тооцогдоно.
  • Хуралд оролцсон тэргүүлэгч гишүүдийн олонхийн саналаар (50+1) шийдвэр хүчин төгөлдөр болно.
  • Хорооны хуралд оролцох гишүүдийн тоонд хязгаарлалт тогтоохгүй.
  • Хорооны хурлаар хэлэлцсэн асуудал хуралд оролцогчдын олонхийн (50+1) саналаар шийдвэрлэгдэнэ.
  • Хорооны хурлын тоонд хязгаарлалт тогтоохгүй.
  • Хурлаас тогтоол гаргах ба оролцсон тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулна.
  • Хорооны үйл ажиллагааны зардлыг тухайн хороонд харъяалалтай УЗ-ийн гишүүд хариуцна.
  • Хороо нь жилд нэгээс доошгүй удаа удирдах зөвлөлд ажлаа тайлагнана.

Дөрөв. МБОИЗ-ийн Ногоон парламентын ажиллах журам

МБОИЗ-ийн Ногоон Парламентын үйл ажиллагааг МБОИЗ-ийн шинэ дүрмийн заалтуудтай уялдуулж МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар нэмэлт өөрчлөлт оруулан баталсан “МБОИЗ-ийн ногоон парламентын дүрэм”-ээр зохицуулна.

Тав. МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарь, хариуцлага тооцох журам

5.1. МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүний ажил үүргийн хуваарийг ногоон парламентаар нээлттэй хэлэлцэн тогтоож тэргүүн батална.

5.2. УЗ-ийн гишүүд нь ногоон парламентийн гишүүнээр ажиллах ба батлагдсан ажил үүргийн хуваарь, ёс зүйн кодыг дагаж мөрдөнө.

5.3. УЗ-ийн гишүүн бүр МБОИЗ-ийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулахад шаардагдах санхүүжилтэд хувь нэмрээ оруулах үүрэгтэй бөгөөд сонгуульт хугацаандаа 1 саяас доошгүй төгрөгийг МБОИЗ-ийн дансанд оруулна. МБОИЗ-ийн институцийг боловсронгуй болгох, гишүүн байгууллагуудыг чадавхижуулах зорилго бүхий нэг ажлыг хариуцсан ажил үүргийн хуваарийн дагуу өөрийн мэргэшиж ажилладаг чиглэлээрээ жилд нэг удаа зохион байгуулах үүрэг хүлээнэ. Эх үүсвэр нь УЗ гишүүний өөрийнх нь санаачилж бичсэн төсөл, хөтөлбөр, хандив хэлбэрээр байж  болно.

5.4. УЗ-ийн гишүүн нь мэргэжлийн хорооны дарга, хорооны тэргүүлэгч, гишүүн, Ногоон парламентийн гишүүн байх бөгөөд тухайн мэргэжлийн хороог удирдлагаар хангах, хэвийн ажиллагааг хангах үүрэг хүлээнэ.

5.5. Ажлын алба нь УЗ-ийн гишүүдэд ажлын 3 хоногийн өмнө хурлын зар хүргэсэн байна. Яаралтай хуралдах шаардлага гарвал тэргүүн нь 24 цагийн өмнө өөрөө мэдэгдсэн байна.

5.6. УЗ-ийн гишүүн нь хуралдаа оролцох боломжгүй болсон тохиолдолд шалтгаанаа бичгээр, эсвэл цахим шуудангаар урьдчилан мэдэгдсэн байна. Хэрэв утсаар мэдэгдсэн бол дараа нь бичгээр өгч баталгаажуулсан байна. Дараах нөхцөлийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцно, үүнд:

5.6.1. Гадаад, дотоодод томилолтоор явах

5.6.2. Олон улсын болон үндэсний хэмжээний хурал, цуглаанд төлөөлөгчөөр оролцох

5.6.3. Эрүүл мэндийн шалтгаанаар

5.6.4. Өөрөөс нь үл хамаарах бусад шалтгаан

5.7. УЗ-ийн хурлаар тухайн гишүүн нь үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзсэн дараах тохиолдлуудад сонгуульт ажлаас нь чөлөөлнө.

5.7.1. Хуралдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа оролцоогүй. Урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  тасалсанд тооцно.

5.7.2. Тэргүүнээс, эсвэл удирдах зөвлөлийн хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, МБОИЗ-ийн хэвийн үйл ажиллагаа, хөгжил төлөвшилд сөргөөр нөлөөлсөн гэж УЗ үзвэл,

5.7.3. Энэ журмын 5.3-т заасан үүргээ биелүүлээгүй бол.

5.7.4. МБОИЗ-ын ёс зүйн кодыг зөрчсөнийг МБОИЗ-ийн гишүүн, Хяналтын хороо нотолж, тогтоосон бол.

5.8. УЗ-ийн гишүүний үүргээ биелүүлээгүй, ёс зүйн кодыг зөрчсөний улмаас УЗ-ийн гишүүнээс болон тэргүүнээс чөлөөлөгдсөн бол дахин УЗ ба тэргүүнд сонгогдох, нэр дэвших эрхгүй.

5.9. Ёс зүйн кодыг зөрчин, МБОИЗ-ийн хөрөнгийг хувьдаа ашигласан, МБОИЗ-ийн дүрмийн дагуу удирдах зөвлөлийн гишүүдэд зөвшөөрөгдөөгүй үйлдэл хийсэн, хийхийг завдсан зэрэг  ёс зүйгүй үйлдэл нь хожим баримтаар тогтоогдсон бол 5.8-д заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэл болно.

Зургаа. МБОИЗ-ийн мэдээллийн хэрэгслэлийн журам

6.1. Нийтлэг үндэслэл

  • Энэхүү журам нь МБОИЗ-ийн дүрэм, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд МБОИЗ-ийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд нээлттэй мэдээлэх, сурталчилах болон гишүүддээ зориулан дотоод сүлжээгээр дамжуулан мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохицуулна.

6.2. Ерөнхий зүйл

  • МБОИЗ нь албан ёсны “Экологи” сонин, mecc.mn цахим веб сайт болон нүүр номын хуудастай байна.
  • “Экологи” сонин нь цаасан хэлбэрээр олон нийтэд үнэ төлбөргүй тараагдах бөгөөд цахим хувилбартай байж болно.
  • МБОИЗ-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг mecc.mn цахим веб сайт болон нүүр номын хуудас, дотоод сүлжээгээр дамжуулан өдөр тутам болон 7 хоногоор тоймлон гишүүн байгууллагууд, олон нийтэд мэдээлнэ. “Экологи” сонин нь жилд 2-оос доошгүй удаа хэвлэгдэх ба давхар цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй хүргэнэ.
  • Мэдээллийн хэрэгсэлүүдийг байнгын тогтвортой ажиллуулах үүргийг Тэргүүнээс олгосон эрх мэдлийн хүрээнд гүйцэтгэх захирал, хамтын ажиллагаа, сүлжээ хариуцсан мэргэжилтэн хүлээнэ.
  • Ажлын алба, УЗ, ХЗ, НП болон гишүүдэд зориулсан мэдээллийг дотоод мэдээлэл гэх ба энэ мэдээллийг нийтэд түгээх тухай УЗ-ийн шийдвэр гарахаас өмнө нийтэд түгээх нь ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй гэж үзнэ.
  • УЗ-ийн хуралдаанаар нийтэд түгээх тухай шийдвэр гарсан МБИОЗ-ийн албан ёсны чиг хандлага, үзэл баримтлалыг илтгэсэн мэдээллийг нийтэд зориулсан мэдээлэл гэх ба уг мэдээллийг цаг алдалгүй эхлээд өөрийн вэб сайтаар дамжуулан түгээнэ.
  • УЗ, ХЗ, НП-ийн хэн нэгэн гишүүн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо МБОИЗ-ийг төлөөлөх эрх албан ёсоор УЗ-өөс аваагүй үед мэдээлэл түгээхдээ хувь хүн болон өөрийн байгууллагын нэрийн өмнөөс хандана.

6.3. Вэб сайт, нүүр номын хуудсанд мэдээлэл оруулах

  • Вэб сайтын Мэдээ мэдээлэл хэсэгт ажлын албаны дотоод сүлжээ, мэдээлэл хариуцсан ажилтан /админ/ албан ёсны нэр, хаягаар орж мэдээлэл тавина. Нүүр номын хуудаст МБОИЗ-ийн мэдээллийн асуудал хариуцсан УЗ гишүүн болон ажлын албаны админ албан ёсны мэдээллийг оруулна.
  • УЗ, аймгуудын салбар зөвлөлийн дарга нар, ХЗ, НП-ийн гишүүд болон гишүүн ТББ-ууд сайтанд оруулах мэдээллээ өөрсдөө редакци хийж ирүүлсэнийг эх сурвалжийн хамт админ оруулна. Мэдээлэл нь текст, зураг, дүрстэй байна. Зургийн хэмжээ нь 650 пиксэлээс ихгүй байна.
  • УЗ, аймгуудын салбар зөвлөлийн дарга нар, ХЗ, НП-ийн гишүүд болон гишүүн ТББ-ууд өөрсдийн тавьсан мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

6.4. Үйл ажиллагааг сурталчлах

  • МБОИЗ-ийн ажлын албаны ГЗ нь МБОИЗ болон түүний гишүүдтэй холбоотой бүхий л үйл явдал, бүтээлч ажил, оролцсон хурал цуглаан, гарсан шийдвэрийг үнэн бодитоор шуурхай цаг алдахгүй мэдээлэх ажлыг тогтмол зохион байгуулж, гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээнэ.
  • МБОИЗ-ийн гишүүд нийтэд түгээх хэрэгцээтэй гэж үзсэн мэдээллээ өөрийн нэрээр сонин, нүүр ном, вэб сайтад үнэ төлбөргүй тавих эрх эдлэх бөгөөд энэ тухайгаа цахимаар эсвэл албан бичгээр мэдэгдэхэд ажлын алба хүлээн авч уг гишүүний нэрээр мэдээллийг олон нийтэд түгээнэ.
  • МБОИЗ-ийн гишүүдийн түгээж буй мэдээлэл нь МБОИЗ-ийн дүрэм, Ёс зүйн журамд нийцсэн тогтвортой-ногоон хөгжлийг дэмжсэн байна.

Долоо. Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам

7.1. МБОИЗ-ийн дэргэд үйл ажиллагааныхаа чиглэлээр мэргэжлийн зөвлөл ажиллаж болно.

7.1.1. Ой, ургамал

7.1.2. Амьтан болон агнуур судлал

7.1.3. Газрын хэвлийн баялаг, ус, агаар

7.1.3. Эрх зүй, өмгөөлөл, нөлөөлөл

7.1.4. Үнэлгээ, мониторинг, ёс зүй

7.1.5. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл

7.1.6. Сургалт, чадавхижуулах

Шаардлагатай бол бусад хэлбэрийн мэргэжлийн зөвлөлийг УЗ-ийн шийдвэрээр байгуулж болно.

7.2. Мэргэжлийн зөвлөл нь удирдах зөвлөл, ногоон парламентад асуудал оруулан хэлэлцүүлж бусад байгууллагуудад уламжлахдаа зөвлөмж, дэмжлэг авах эрхтэй.

7.3. Мэргэжлийн зөвлөл нь тухайн мэргэжлийн чиглэлээр гишүүн байгууллагууддаа мэргэжлийн болон мэргэшлийн эрх, зэрэг олгох, батламжилсан эрх олгох асуудлыг хуулийн хүрээнд зохион байгуулна.

7.4. Энэ дүрмийн 6.3-д заасан эрхийг МБОИЗ-ийн нэрийн өмнөөс Засгийн газар болон холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас авсан байна.

7.5. Хяналтын хорооны гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг үнэлгээ, мониторинг, ёс зүйн мэргэжлийн зөвлөл хэлэлцэж шийдвэр гаргаж болно. 

Найм. Эрдэмтэн, судлаачдын зөвлөлийн ажиллах журам

8.1. МБОИЗ-ийн дэргэд байгаль, орчныг хамгаалахад шинжлэх ухааны үндэслэлтэй хандах зорилгоор эрдэмтэн судлаачдын зөвлөл ажиллаж болно.

8.2. Эрдэмтэн судлаачдын зөвлөлд (ЭСЗ) байгаль орчны чиглэлээр ажилладаг эрдэмтэд, судлаачид сайн дурын үндсэн дээр нэгдэж орно.

8.3. Эрдэмтэн судлаачдын зөвлөл нь дараах ажлыг эрхлэнэ, үүнд:

8.3.1. гишүүн эрдэмтэд судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх,

8.3.2. шинэ арга зүйг танилцуулах, сургах, дадлагажуулах,

8.3.3. судалгааны төсөл боловсруулах, уламжлах, хэрэгжүүлэх, грант олоход нь туслах

8.3.4. судалгааны үр дүнг нь хэлэлцэх, зөвлөмж өгөх, нийтийн хүртээл болгох, патент гэрчилгээ авахад нь туслах

8.3.5. Шинэ арга зүй боловсруулах

8.3.6. Гишүүдийнхээ хөдөлмөрийг үнэлэх, үнэлүүлэх

8.3.7. Байгалийн нөөцийн ашиглалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх, тоо хэмжээг тогтоох, зөвшөөрөл олгох, хэрэгжилтэд хяналт тавихад төрийн захиргааны төв байгууллагад туслах, үүнтэй холбоотой асуудлаар төсөл, санал боловсруулах хэрэгжүүлэх

Ес.Санхүүгийн үйл ажиллагааны журам

9.1. Ерөнхий зүйл: Дүрмийн 18.3, 19, 20-р зүйлийг удирдлага болгон МБОИЗ-ийн удирдлага, санхүүгийн нөөцийг байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний зорилт, байгууллагын тогтвортой хөгжлийг хангахад чиглүүлэх, төлөвлөлт, хуваарилалтыг боловсронгуй болгох, санхүүгийн дотоод хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх зорилготой. Энэхүү журам нь МБОИЗ-ийн тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ажлын алба, төслийн нэгж, гишүүдийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлно.

9.2. МБОИЗ-ийн үндсэн хөрөнгөнд хандив, тусламжаар орж ирсэн бүх эд хөрөнгийг бүртгэнэ.

9.3. МБОИЗ-ийн үндсэн хөрөнгийг бүртгэх, захиран зарцуулах, эзэмшүүлэх, ашиглуулах эрх гүйцэтгэх захиралд хадгалагдах ба түүний эрх хэмжээг нь тэргүүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгасан байна.

9.4. Үндсэн хөрөнгийн бүртгэлтэй холбоотой зөрчил дутагдал илэрвэл байгууллагын дүрэм, холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

9.5. Санхүүгийн зардлыг дараах байдлаар ангилна.

  • Цалин хөлстэй холбоотой зардал /хөдөлмөрийн хуулийн дагуу ажиллагсдын цалин хөлс, ЭМД, НДШ, албан томилолт, замын зардал (буудлын болон зорчих тээврийн, бинзений төлбөр), урамшуулал, тэтгэмж/
  • Бараа үйлчилгээний нийтлэг зардал /МБОИЗ-ийн ажлын албаны үндсэн үйл ажиллагаа болон төслийн үйл ажиллагаатай холбоотой гарах зардлууд/
  • Тогтмол зардал /цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, түрээс/
  • Хөрөнгийн зардал /шинээр үндсэн хөрөнгө худалдан авах, өргөтгөл хийх болон хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой зардлууд/

9.6.  Цалин, хөлсийг сар бүрийн 25-нд олгоно.

  • Цалинг кассаар болон картаар олгоно.
  • Хууль тогтоомж, МБОИЗ-ийн дүрэм, журмыг үндэслэн ажиллагсдын цалин хөлсийг тогтоосон Тэргүүний тушаал жил бүр гарсан байна.

9.7. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд 2 жил тутамд санхүүгийн мэргэжлийн хяналтын шалгалт, жил бүр дотоод болон хөндлөнгийн аудитын хяналт шалгалт хийгдсэн байна.

9.8 Тэргүүн, төслийн удирдагч, төслийн нэгжийн захирал бэлэн ба бэлэн бусаар хийгдэх гүйлгээнд хяналт тавьж, баталгаажуулан гүйцэтгэх захиралд зөвшөөрөл өгөх ба гүйцэтгэх захирал, төслийн менежер, ня-бо нар баримтын бүрдэлд татвар, санхүүгийн хууль, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж, санхүүгийн бүртгэл, тайлагналд цаг тухайд нь тусгаж ажиллана. Касс болон банкны тооллогыг сар тутам хийж төслийн удирдагчид тайлагнаж ажиллах бөгөөд, шаардлагатай бол донор байгууллагад бичгээр хүргүүлэх үүрэгтэй.

9.9. Гадаад, дотоодын түншлэгч байгууллагуудтай тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж, МБОИЗ-ийн институци, гишүүн байгууллагуудын хөгжил төлөвшилд зориулж төсөл, хөтөлбөр санаачилж бодит хэрэгжилт бий болгосон УЗ гишүүн, ГЗ, төслийн нэгжийн захирал, гишүүдийг төслийг нь дуустал удирдагчаар тогтвортой ажиллуулна. Төслийн удирдагч нь уг төсөлтэй холбоотой үйл ажиллагаа, санхүүгийн тайлагналдаа хариуцлагаа бүрэн хүлээж, МБОИЗ-ийн имиж, нэр хүндийг хамгаалж ёс зүйтэй ажиллах үүрэгтэй.

9.10. Төсөл, хөтөлбөрийн удирдагч, төслийн ажилтнуудын баталгаат гарын үсэг, төслийн хүрээнд гарах зардлууд дээр зурагдах гарын үсгийн жагсаалтыг донор байгууллага, санхүүжүүлэгч байгууллагад тогтвортой байдлын баталгаа болгон албан бичгээр гаргаж өгнө.

9.11. МБОИЗ-ийн санхүүгийн үйл ажиллагааг дотоод ба гадаад хэрэглэгчдэд ил тод байлгаж тогтмол тайлагнаж байна.

Арав. МБОИЗ-ийн шагналд нэр дэвшүүлэх, өргөмжлөл олгох, “элч” тодруулах журам

10.1. МБОИЗ-ийн гишүүн ТББ-уудыг дүрмэндээ заасан зорилтоо болон МБОИЗ-ийн дүрмийг хэрэгжүүлсэн байдал, байгаль орчныг хамгаалах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж дараах номинацуудад нэр дэвшүүлж шагнаж болно.

10.2. Нэр дэвшүүлэх номинацууд:

– Шилдэг идэвхтэн байгаль хамгаалагч

– Шилдэг экоклуб

– Экоклубын шилдэг багш

– Шилдэг байгаль хамгаалах нөхөрлөл

– Эко сэтгүүлч

– Эко элчүүд /дуучин, жүжигчин, төрийн түшээ, тамирчин гм/

– Эко хандивлагч

10.3. Шалгаруулах ажлын хэсгийг тухайн үед нь гүйцэтгэх захирлын тушаалаар хороодын оролцоог хангаж томилно.

Арван нэг. МБОИЗ-ийг төлөөлөх эрх олгох журам

11.1. Тэргүүн нь МБОИЗ-ийг гадаад, дотоодод төлөөлөх бүрэн эрхтэй.

11.2. МБОИЗ-ийг төлөөлөх эрхийг тэргүүн нь УЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захиралд олгох ба хугацаа, эрхийн хэмжээг тогтоож өгнө.

11.3. МБОИЗ-ийг төлөөлөх эрх олгосон шийдвэрээ бичгээр баталгаажуулсан байна.

11.4. МБОИЗ-ийг бусад байгууллагуудын ажлын хэсэг, зөвлөл, хороодод төлөөлж байгаа гишүүд тайлангаа улирал тутам удирдах зөвлөлд тайлагнана.

11.5. Удирдах зөвлөл нь МБОИЗ-ийг төлөөлж буй тухайн гишүүн үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзвэл эгүүлэн татах эрхтэй.

11.6. Үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гишүүний оронд Удирдах зөвлөл дараагийн хүнийг сонгоно.

11.7. МБОИЗ-ийг төлөөлж буй гишүүн нь тухайн ажлын хэсэг, хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэр нь байгаль орчинд сөрөг нөлөө бага байх, Монгол улсын хууль тогтоомж болон нэгдэн орсон конвенцийн заалттай нийцүүлэхэд анхаарахаас гадна үйл ажиллагаанд нь зорилго нь нийцэж буй гишүүн ТББ-ыг аль болох өргөнөөр оролцуулах, МБОИЗ-д дэмжлэг үзүүлэх талаас нь хандаж ажиллах үүрэгтэй.

11.8. Бусад байгууллагуудын ажлын хэсэг, хороо, зөвлөлүүдэд МБОИЗ-ийг төлөөлөн ажиллаж буй гишүүн нь хангалтгүй ажилласны улмаас эгүүлэн татагдсан бол дахин сонгогдох эрхгүй.

Арван хоёр. МБОИЗ-ийн гишүүнээс хасах журам

12.1. МБОИЗ-ийн гишүүнээс дараах нөхцөлд хасна, үүнд

12.1.1. Ёс зүйн кодыг зөрчсөн

12.1.2. МБОИЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан.

12.1.3. Татвараа төлөөгүй, төлөхөөс татгалзсан.

12.1.4. МБОИЗ-ийн тэргүүн, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, ажлын албанд ажиллаж байхдаа эд хөрөнгийг хувьдаа ашигласан, санхүүгийн зөрчил гаргасан,

12.2. МБОИЗ-ийн гишүүнээс гарах өргөдлөө тухайн ТББ-ын тэргүүн нь бичгээр гаргаж МБОИЗ-ийн ажлын албанд өгснөөр тухайн өдрөөс нь гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцно.

МБОИЗ-ийн удирдах зөвлөл