Хаврын урин дулаан ирж амьд байгаль сэргэж өсөж үржихийн бэлэгдэлтэй өдрүүд ирж мод тарих сарын аян эхэлдэг билээ.          Энэ жилийн хаврын ногоон өдрүүдээр Монголын тандан судлаачдын холбоо ТББ-аас санаачилан МБОИЗ-тэй хамтран эхлүүлсэн   “ҮЛДЭХ МӨР МИНЬ-НОГООН” уриатай  айл өрх бүр амьдрах орчноо тохижуулах, сайжруулах  Мод тарих өдрүүд үргэлжилсээр.
Аюулт тахлын дуулианаар бид ихэнх цагаа гэртээ өнгөрөөж буй. Энэ цагаа ашиглан хашаандаа нэг ч гэсэн мод тарьж ургуулан, амьдрах орчноо бүтээлчээр сайжруулан өнгөрүүлэхийг уриалж байна.

Мод тарих, ургуулахад зайлшгүй хийгдэх ёстой 9-н алхмын талаар Байгаль хамгаалагч  Г.Эрдэнэцолмон-ын өгсөн зөвлөгөөг хуваалцаж байна.
1. Мод, сөөгөө сонгохоос өмнө та танай хашаа, зусланд усалгаагаа хэрхэн шийдэх, хөрсний бүтэц ямар, талбай ашиглалтын хэмжээ ямар байх, байнгын арчилгаа, усалгаа хийж чадах эсэхээ өөрөөсөө асуугаарай.
2. Та хашаа, зусландаа мэдээж өнгө үзэмж, тав тухтай байдлаа нэмэгдүүлэхээр мод, сөөг тарих гэж байгаа учир эхлээд тухайн орчиндоо тохируулж модны өндөр, навчны болон цэцэгний өнгө, үнэр болон сүүдэрлэлтийг бодолцож мод, сөөгний төрлөө сайтар судалж сонгоорой. Мод бүр өөрийн гэсэн өнгө, үнэр, хэлбэр, хэмжээтэй гэдгийг бодолцож, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах эсвэл интернэтээр орж, өөрийн орчин онцлогт тохирох мод, сөөгийг хайж олох хэрэгтэй .Тарих мод, сөөгөө сонгохдоо мөнх ногоон шинэснээс бусад шилмүүст моднууд, өнгө загвар сайтай гэвэл цэцэглэдэг эсвэл навчаараа гоёдог моднууд бүйлс, монос, интоор, үрэл, агч болон жимсний моднууд, ургамлан хашлага, хаалт хийх бол шархуайс, нохойнхошуу, хайлаас гэх мэт маш олон сонголт танд байгаа.
3. Сонгосон мод, сөөгнийхөө ургах орчин, арчилгааны хэлбэрийг судалж, хашаа, байшингийнхаа хаана тарих сонголтоо хийхгүй бол модны төрлөөс хамаарч чийгсэг, сүүдэрсэг эсвэл гэрэлд дуртай, арчилгаа их шаарддаг, хэлбэршүүлдэг гэх мэт дотроо янз бүр байдгийг санаарай.
4. За тэгээд эхний ажил бол хэрвээ танай хөрс үнэхээр сийрэгжилт сайн бөгөөд ялзмаг ихтэй биш л бол мод тарих хөрсийг зохиомлоор буюу элс 30%, хар шороо 30%, өөрийн үндсэн хөрс 30%, биоялзмагт хөрс эсвэл өнжмөл хөх бууц 10% байхаар бодолцож бэлтгэх шаардлагатай. Гэхдээ улиас, хайлаас, чацаргана, /жимс чухал биш гэж үзвэл/ гэх мэт зарим навчит модонд бол танай хөрсний чанараас хамаарч бас үндсэн хөрсөнд бага зэргийн био-ялзмагт бордоо хийгээд тарьж бас болно.
5. Модны суулгацыг сонгохдоо гол анхаарах зүйлс нь гадна талаасаа шалбарч гэмтээгүй, ургах нахиа нь задраагүй, үндэс нь хар шороотой эсвэл маш чийгтэй бөгөөд салаалалт сайтай, гол иш нь эгц шулуун, бат бэх, насандаа таарсан өсөлт хөгжилт сайтай заавал мод үржүүлгийн газарт ургасан байх. Уулнаас авчирсан суулгац амьдрах хувь багатай байдаг. Мод, сөөгний суулгац бэлтгэдэг олон компани, хувь хүн байдаг бөгөөд худалдаж авсан газраасаа тарилт, арчилгааны заавар заавал авч байгаарай.
6. Суулгацаа худалдаж авсан бол үндэс хатах эсвэл нахиа заврахаас өмнө аль болох хурдан хугацаанд суулгах хэрэгтэй бөгөөд манай орны хувьд хаврын улиралд 4.25-наас 5.25-нд буюу мод, сөөгний суулгацын нахиа задрахаас өмнө газар гэссэн үед, намрын улиралд 9.20-ноос газар хөлдөхөөс өмнө хугацаанд буюу мод, сөөгний өсөлт зогссон үед таривал тохиромжтой.
7. Мод, сөөгний төрөл, үндэсний тойргоос хамааруулан модны хувьд дундажаар 60х60см тогоо, шар хуайс, хайлаас, бургас зэрэг сөөгний хувьд 30х30 см бүхий шуудуу татаж, суулгацаа суулгахаасаа өмнө ханатал услах шаардлагатай. Мод, сөөгний нүхийг ухаж байхдаа үржил шимтэй өнгөн шороог нүхний нэг талд, доод талын үржил шимгүй шороог нүхний нөгөө талд тус тусад нь овоолох хэрэгтэй. Мод хоорондын зай, байшингаас алслалтын хувьд бас бодолцох хэрэгтэй бөгөөд хамгийн тохиромжтой зай нь мод хооронд 2-2,5м, шуудуунд тарьж буй сөөгний хувьд шатарчилах байдлаар 15см зайтай байвал зүгээр.
8. Мод, сөөгний суулгацыг суулгах үедээ бэлтгэсэн тогоо, шуудуунаасаа багадаа 15-20 см доор үндэсний хүзүү байрлахаар, үндэсний хүзүүг ил гаргахгүй, хэт дор суулгахгүй байхаар бодолцож, үндсийг маш сайн тараан байршуулж, дээрээс нь хөрсийг сайтар дагтаршуулсны дараа усалгааг ханатал хийж өгөх хэрэгтэй. Анх суулгасан модны иш орчим хэт даралттай усаар усалж болохгүй. Усалгааг нүхний дотор талын ханыг дагуулан зөөлөн услахгүй бол үндэсний хүзүү наранд гарч хатаж үхнэ.Мод, сөөгний төрлөөс хамаарч усалгааны норм өөр байдаг боловч нийтлэг анхаарах зүйл нь усалгааг өглөө эсвэл оройн сэрүүнд, хэт хүйтэн худгийн усаар бус жавар нь гарсан усаар услах бөгөөд зарим тохиолдолд бордоотой усаар усална.
9. Ингээд таны мод, сөөг суулгах ажил дууссан боловч одоо арчилгаа, хамгаалалтанд огтхон ч сэрэмж алдаж болохгүй. Жишээ нь хортон гарвал мэргэжлийн хүн дуудаж үзүүлэх, малаас хамгаалалт хийх, жимсний мод, бут бол шувуунаас хамгаалах, зарим модонд тулгуур бэхэлгээ хийх, навчит мод, сөөгөнд тайралт, хэлбэршүүлэлт хийх, цасаар болон үртэсээр хучих, модны навч, шилмүүсийг шүршиж услах зэрэг арчилгаа, хамгаалалтанд байнга анхаарах ёстой.