ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ХАЙРГА ДАЙРГА ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООСОН

0
1683

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй Туул голын асуудлаар ярилцсаныг хүргэж байна.

-ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ХАЙРГА ДАЙРГА ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООСОН-

-Өргөдлийн байнгын хорооноос Туул голын асуудлаар гурван удаа хэлэлцүүлэг зохион байгууллаа. Та байнгын хорооны даргын үүднээс Туул голын асуудлыг УИХ-ын түвшинд авч хэлэлцэх зайлшгүй шаардлагыг хэрхэн харж байна?

-Туул голын сав газар, түүний ойр орчим, усны ундарга ихтэй хамгаалалтын бүсэд сүүлийн хэдэн жил янз бүрийн үйл ажилллагаа явуулж байгаа. Бүр замбараагаа алдсан. Үйл ажиллагааг нь харахад, хайрга дайрга олборлолтоос гадна барилгууд баригдаж байна. Баригдчихсан хаус хотхонууд ч их бий. Уг нь ААН-үүд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авдаг. Гэтэл яг газар нь очоод, байдлыг нь ажиглахаар хаалттай хашааны цаана нэг бол хайрга олборлож байна. Эсвэл барилга баригдаж байх жишээтэй. Зориулалтын бусаар ашиглаад байна гэсэн үг л дээ.

Иргэд энэ байдлыг маш ихээр эсэргүүцдэг. Өргөдлийн байнгын хороонд л гэхэд, зөвхөн Туул голын асуудлаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 5900 орчим өргөдөл санал ирүүлсэн. Тиймээс ч манай байнгын хороо Туул голын асуудлыг анхаарч, араас нь хөөцөлдөөд явж байна. Гурван ч удаа хэлэлцүүлэг хийлээ. Байнгын хороон дээр тухайлан хэлэлцэж, ажлын хэсэг хүртэл гарч ажилласан байгаа. Туул голын асуудал өөрөө шинэ сэдэв биш. Яригдсаар ирсэн ч өнөөг хүртэл нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй. Тэгэхээр УИХ-ын түвшинд асуудлыг хэлэлцэж, том агуулгаар нь харж байж л үр дүнд хүрнэ гэдэг ньтодорхой байгаа юм.

Байнгын хорооны ажлын хэсгийн гаргасан голлох үр дүн юу байв?

-Гол, мөрөн урсац сав газар бүхий хамгаалалтын тусгай бүсэд хайрга дайрга олборлохыг хориглох тогтоолыг байнгын хорооноос гаргаж, холбогдох газруудад хүргүүлсэн. Энэ нь байнгын хорооноос гаргасан ажлын хэсгийн танилцуулга, санал дүгнэлтэд үндэслэгдсэн юм. Тогтоол одоо хэрэгжээд байна. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлээс гол мөрний дагуу байршилд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ нь Туул голын эрэг дагуу хайрга дайрга олборлолтыг зогсоосон нь маш чухал алхам болсон.

Тэгэхээр одоогийн үүсээд байгаа гол бэрхшээл нь Туул голын эрэг дагуу баригдаж буй барилгуудын асуудал гэсэн үг үү?

-Тийм. Барилгын ажил одоо ч үргэлжилж байна. Туул голын эргээс  ердөө 10 метр хүрэхгүй газар хүртэл барилгын ажил явагдаж байгаа. Хуулиараа бол  голын эргээс 50 метрээс дотогш зайд ААН үйл ажиллагаа явуулах эрхгүй. Хайрга дайрга олборлосноос болоод Туул голын урсац тасарсан. Одоо хөрсний чийгийг нь барьж буй бургасыг сүйтгэх ажиллагаа маш эрчимтэй явагдаж байна. Холбогдог албаны хүмүүсийг нь ажлаа хий гэж шаардахаар “Зөвшөөрлийг нь цуцлахаар шүүх дээр очоод бидний шийдвэр уначихдаг” гэж учирладаг. Ихэнх тохиолдолд шүүх зөвшөөрлийг нь эргүүлээд сэргээчихдэг юм байна. Тэр ч байтугай төр төлөөлөөд ажиллаж байгаа албан хаагчид ААН-үүдийн хашаанд нь ч нэвтэрч чадахгүй байдалтай ажиллаж  байгаа. Төр төлөөлж буй байгууллагууд ийм нөхцөлд байхад ажил урагшаа явахгүй. Тийм учраас бид БОАЖЯ-д хугацаатай үүрэг өгсөн юм.

 -ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ 28 ААН-ИЙН 

ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА-

Байнгын хорооноос салбар яаманд үүрэг өгсөнтэй холбоотойгоор зарим ААН-үүдийн газар ашиглах зөвшөөрлийг нь цуцалсан юм уу?

-Манай байнгын хорооноос өгсөн үүргийн дагуу БОАЖЯ-наас Туул голын эрэг орчимд үйл ажиллагаа явуулж байгаа 28 ААН, иргэний газар ашиглах зөвшөөрлийг нь цуцлах албан  тоотуудаа хүргүүлсэн байгаа. Бид хуулийн өмнө энэ чиг үүргийг хэрэгжүүлэх учиртай төрийн захиргааны албан байгууллагуудаас хариуцлага нэхэж ажиллана. Холбогдох байгууллагуудын хэлж буйгаар, албан тоотын хэрэгжилт 60 хоногийн дараа хангагдах учиртай. Үндсэндээ 60 хоног чинь хоёр сарын хугацаа. Энэ хугацаанд Туул голын эрэг дагуу зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй явж байгаа бүх барилгын ажлыг зогсоох юм. Зөвшөөрөл нь өөрөө Усны тухай болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа. Тиймээс цуцлахаас өөр арга байхгүй. УИХ-ын гишүүд ч энэ асуудалд онцгой анхаарч, хяналтаа тавьж, шахалт үзүүлж ажиллах юм.

Туул голыг хамгаалах чиглэлд ААН-үүдтэй хариуцлага тооцох, арга хэмжээ авах хуулийн зохицуулалт нь хангалттай байгаа юу?

-Цагдаад барилгын ажил явагдаж буйг нь мэдээлж, гомдол гаргахаар олон нийтийн гзар тодорхой хэв журам зөрчөөгүй учир бидэнд хамаагүй гэдэг. Тэгээд шүүх дээрээ очоод асуудал нь гацчихдаг. Тэгэхээр Зөрчлийн хуулиар энэ асуудал шийдэгдэхэд хүндрэлтэй байна гэсэн үг. Тиймээс ч энэ асуудлыг Эрүүгийн хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэсэн байр сууринаас гишүүд хандсан. Ер нь бол, хуулийн зохицуулалт нь хангалттай байгаа. Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ААН-үүд үйл ажиллагаа явуулсаар байна. Зөвшөөрлийг нь цуцалчихаад байхад л үйл ажиллагаа явуулаад байх жишээтэй. Энэ мэтчлэн асуудлууд их байна.

Та өөрөө ч хэллээ. Туул голын асуудал энэ УИХ-ын үед яригдаж байгаа шинэ сэдэв биш. Туул голын эргийг дагаад манайхны хамаг томчуул газар авчихсан. Хууль, хяналтынхан ч дийлдэггүй. Ийм байдал дахиад л давтагдах биш үү?

-Олон нийт ч хэлж байгаа. Мөнгөтэй баян хүмүүсийн газар учраас асуудал гацна гэж тайлбарладаг. Тийм ээ, энэ асуудал яригдсаар ирсэн ч үр дүнд хүрсэн нь ховор. Бүр зарим сайдын үед “Үүнийг  тань цуцалчихъя. Шүүх дээр очоод сэргээчихнэ биз” гэсэн үүднээс  хүртэл асуудалд хандсан гэдэг хардлага дагуулдаг. Тийм учраас бид ААН-үүдэд хууль зөрчиж, зөвшөөрөл олгосон төрийн албан хаагчдыг бас АТГ-д шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байгаа. Туул голын асуудлыг одоо бид зарцаахгүйн тулд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүртэл дэмжлэг хүсмээр байна. Бид хуулиа барьж ажиллах учиртай. Үүний төлөө манай байнгын хороо ажиллах болно. Өнгөрсөн хугацаанд бид Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг ихээр ярьсан. Энэ ажил маань эхнээсээ үр дүнгээ өгч, урд хөрштэйгөө хамтарч, Төв цэвэрлэх байгууламжаа шинэчлэхээр боллоо. Одоо Туул голын асуудлыг бас л ингэж эрчимтэй ярих шаардлага үүсчихээд байна.

-ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУХ БҮСИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХЭЛБЭРЭЭР
ТОХИЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ-

-Та газар  ашиглах тусгай зөвшөөрлөө цуцалсан ААН-үүдтэй танилцав уу. Бас л хоёр намын томчууд байгаа биз дээ?

-Туул голын асуудал дээр бид МАН, АН гэж талцах шаардлага ерөөсөө байхгүй. Хүн амын талаас их хувь нь оршин суудаг Нийслэл хот маань 2030 онд усны хомсдолд орох вий. Ийм судалгаа ч бий. ААН-үүдийн тухайд бид салбар яамнаас нь нарийвчилсан мэдээллийг эхний байдлаар нь олж авсан. Баахан компанийн нэр л байна лээ. Мэдээллийг бүр нарийвчилж авна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ асуудал дээр харьцангуй нааштай, идэвхтэй ажилаж байгаа. Үнэхээр тогтоолоор бидэнд чиглэл өгчихвөл яам хэрэгжүүлээд явна аа гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ дагуу ажил явж байна.

ААН-үүд газар ашиглах тусгай зөвшөөрлийг нь цуцалсан албан тоот хүлээж авангуутаа шуудхан явчихгүй байх. Энэ эсэргүүцлийг хэрхэн даван  туулах бэ?

-Ухамсартай хүмүүс бол байна. Мэдэгдлээ авангуутаа ирээд уулзаж байгаа ААН-үүд байна. Туул голыг жинхэнэ утгаар нь аялал жуулчлалын чиглэлд ашиглах ёстой гэж үзэх хүмүүс ч байх жишээтэй. Мэдээж эсэргүүцэж байгаа ААН, иргэд ч байна. Хэвлэл мэдээлэлд бас тодорхой байдлаар нөлөөлөх гэж оролдож байгаа. Гэхдээ бид энэ бүхнийг даван туулж, ард нь гарах ёстой. Хууль шүүх, Нийслэл, цагдаа, салбар яамтай нь идэвхтэй хамтран ажиллана.

-Зөвшөөрлөө цуцлуулсан ААН-үүдэд үүсч болох санхүүгийн эрсдлийг хэрхэн зохицуулах юм?

-Бид энэ асуудлыг хөндөж ярьсан. Мэдээж ААН-үүд шуудхан очоод газраа авчихаагүй. Бүгд л тодорхой хүрээнд төлбөр, мөнгөө төлсөн байгаа. Одоо Туул голын эрэг дагуу газрыг зарна гээд явж байгаа иргэн ч бий. Энэ нь Туул голын эрэг дагуух газар өөрөө авлигажилт, хууль бусаар мөнгөжих хэрэгсэл болж байгааг харуулж байгаа юм. Яг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг хохирлыг барагдуулах чиглэлд төрийн байгууллагууд анхаарч ажиллана. Гэхдээ энэ нь хууль зөрчиж байгаа байгууллагуудыг өршөөнө гэсэн санаа биш. Ялангуяа зөвшөөрлийг нь цуцалчихаад байхад үйл ажиллагаа явуулаад байгаа ААН-үүдтэй хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллах үүрэг өгсөн байгаа.

-Цаашдаа Туул голын эрэг дагуух бүсийг хэрхэх талаар төрийн байгууллагууд саналаа нэгтгэсэн болов уу?

-Ер нь Туул голын эрэг дагуух бүсийг аялал жуулчлалын хэлбэрээр тохижуулах, тодорхой санхүүжилт хийх шаардлагатай байгаа. Нийслэлээс саналаа гаргаад ирсэн тохиолдолд УИх үүнийг дэмжиж ажиллах чиглэлд анхаарч ажиллана. 2020 онд  Туул голын эргийг яг аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлье. Ингэж чадахгүй бол албан тушаалтнуудад нь шууд хариуцлагаа тооцоод явна гэдгээ байнгын хорооны зүгээс илэрхийлсэн байгаа.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН