“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын танилцуулга

0
2648

Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “…Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж заасан бөгөөд гадаад, дотоод нөхцөл байдал, түүнчлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын хүрээнд өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирэх 30 жилийг урт хугацаагаар төсөөлөх хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах хууль зүйн үндэслэл, практик шаардлага бий болсон.

Түүнчлэн Улсын Их Хурлаас Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлж, Монгол Улс 30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн нэг бодлоготой байхаар тусгасан. 

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Тогтоолын хавсралтад Монгол Улс 2050 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт шинжилгээ-үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлж өгсөн.