Монгол Улсын ойн сангийн нийт талбайн 84.9%-ийг нутгийн хойд хэсэгт тархах шилмүүст, навчит ой, 15.1%-ийг нутгийн өмнөд хэсгийн говь, цөлийн бүсэд тархах заган ой эзэлнэ.
Монгол орны ой Сибирийн их тайга, Төв-Азийн хээр, цөлийн торгон заагт уур амьсгалын эрс тэс нөхцөлд тархан ургах тул байгалийн аясаар тэлэн ургах боломж нэн хязгаарлагдмал, ой бүтээмж, өсөлтийн хувьд бага, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртөмтгий эмзэг экосистем юм. Мен гол, мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих, цөлжилтийг сааруулах зэрэг экологийн өндөр ач холбогдолтой.
Манай орны ойн талбайн хэмжээ нийт газар нутагтай харьцуулахад бага боловч 1 хүнд ногдох ойн талбай 3.7 га/хүн байгаа нь дэлхийн дундаж 0.54 га/хүн үзүүлэлтээс хавьгүй өндөр байдаг. Улсын Их Хурлын 2015 оны 49 дүгээр тогтоолоор “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ыг батлан гаргаж, ойг хамгаалахад чиглэсэн менежментээс ойг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментэд шилжих зорилтыг дэвшүүлсэн.
Ойн сангийн талбай: Ойн сангийн талбай 2020 оны байдлаар 18608.0 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.9%-ийг эзэлж байгаа бөгөөд 12452.0 мян.га нь ойгоор бүрхэгдсэн (байгалийн болон таримал ой, гол мөрний дагуух бургас, сөөг), 5634.4 мян.га нь ойгоор бүрхэгдээгүй (тармаг мод, байгалийн аясаар ойжиж байгаа болон зориудаар ойжуулж байгаа газар, түймэр, мод бэлтгэл, хөнөөлт шавжид нэрвэгдсэн ой), 521.6 мян.га нь ойн сан доторх ойн бус талбайд хамаарна. Ойн сангийн 15471.5 мян.га буюу 83.1% нь хамгаалалтын бүсийн, 3136.5 мян.га буюу 16.9% нь ашиглалтын бүсийн ойд хамаарч байна.Статистик харахНийтлэлийг дэмжих
Бүх хариу үйлдэл:55