Дэлхий дахинд усны хомсдолтой 1.2 тэрбум хүн амьдарч байна Дэлхий дээр өнөөдөр цэвэр усны дутагдлаас болж нэг жилд нас барж байгаа 2.5 сая хүний 1.5 сая нь хүүхэд байдаг. Өөрөөр хэлбэл, 20 секунд тутамд дэлхийн хаа нэгтээ нэг хүүхэд цэвэр усны гачигдлаас болж амиа алддаг гэсэн судалгаа байдаг.
Манай улсын хувьд ч цэвэр усны нөөц багатай 22 орны нэгд ордог. Тэгсэн хэр нь цэвэр усаа үнэгүй хэрэглэдэг бас цөөхөн орны тоонд ордог байна. Үүний улмаас манай улсад усны хомсдол мөдхөн нүүрлэж болзошгүй болжээ. Хүн амьтан амьд явахын баталгаа болж байгаа цэвэр ус үнэгүй байгаагаас олон тооноор асгарсан усанд хариуцлага хүлээх хүн өнөөдөр алга л байна. Бидний усны мөнгө төлөөд байгаа үнэ бол үнэндээ усыг ууж, хэрэглэснийхээ төлөө биш бидэнд хүргэх гэж зөөвөрлөснийх нь төлөөх хөлс. Ялангуяа Улаанбаатар хотын хувьд орон сууцны хорооллын айл өрхүүдийн усны тансаг хэрэглээний үнэ мөнгө нь гэр хорооллын айл өрхүүдтэй харьцуулахад асар их зөрүүтэй хямдхан байдаг.
Ганц жишээ дурдвал: Сул асгарч буй цоргоноос нэг минут хүрэхгүй хугацаанд ойролцоогоор 60 литр ус асгардаг гэдэг. Өөрөөр хэлбэл, цагт 3600, өдөрт 86400 литр ус цэвэр ус зүгээр л урсаад өнгөрдөг байх юм. Харин энэ тоог бүтэн сараар нь үржүүлбэл 2.678.400 литр цэвэр ус сул асгардаг байх нь. Энэ их ус цэвэр, усны нөөц дууссан тохиолдолд нийслэлчүүдийг бүтэн сар хангах ус гэж бодохоор даан ч харамсалтай.
Уг нь дэлхий нийтээрээ нэг хүний усны хэрэгцээг өдөрт дунджаар 30-50 литр гэж тодорхойлсон байдаг. Харин манай улсад гэр хорооллын нэг иргэн өдөрт 7 литр ус хэрэглэдэг байхад орон сууцанд амдарьдаг нэг иргэн өдөр 290 литр ус хэрэглэдэг байна. Ийнхүү иргэдийн үрэлгэн зангаас болж усны нөөц өдөр ирэх бүр багассаар байна.