2015 оны 1 сарын 19-ны өдөр МБОИЗ-оос Чингисийн талбай дээр нээлттэй хэвлэлийн бага хурал хийж төрийн өндөрлөгүүдэд өргөх бичиг барив.

Та бүхэнд өргөх бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

УИХ-ын дарга З.Энхболд

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

БОНХАЖ-ийн Сайд Д.Оюунхорол

УИХ-ын Байгаль орчин, хүнс, ХАА-н Байнгын хорооны дарга Су.Батболд нарт

МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ӨРГӨН БАРИХ БИЧИГ

 

2015-01-16

Шийдлийн Засгийн газар нь улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, эдийн засагт учирч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд, хамтарсан Засгийн газар байгуулан шуурхай ажиллаж эхэлсэн хэдий ч, эдийн засгаа аврах нэрийн дор байгаль хамгаалах хууль тогтоомжуудыг хүчгүйдүүлж “Ирээдүй хойч үеэсээ өрсөн бүхнийг ухаж мөнгө болгох”-ыг уриалж үндэсний аюулгүй байдал, байгаль орчин, нүүдэлчдийн уламжлалт мал аж ахуй, соёл уламжлалд халтай шийдвэрүүд гаргаж эдийн засгаа дан ганц уул уурхайн салбар дээр түшиглэн аврах өрөөсгөл арга замыг сонгож байгааг Монголын байгаль орчны  иргэний зөвлөл эрс буруушааж байна.

Уул уурхайн ашиглалт нь тодорхой хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгоод зогсдог, хүний эрүүл аюулгүй амьдрах орчинд арилшгүй сөрөг нөлөөлөл үзүүлдэг, биологийн олон янз байдал, төрөл зүйлийг устгадаг, эргээд хэдэн тэрбумаар нь зарцуулаад ч аврах боломжгүй байгаль орчны аймшигт сүйрлийг дагуулдгийг байгалийн баялагийг хэт шүтсэн олон улсын эдийн засгийн өсөлтийн түүх нотолдог.

Гэтэл үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулж болохуйц төсөл, хөтөлбөрийг хуулиа өөрчлөн байж, дэмжиж буруу шийдвэр гаргадаг, баталдаг гажуудлын буухиаг ард түмний хамгийн итгэл тавин хүлээж байсан ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР үргэлжлүүлж байгаа нь туйлын хариуцлагагүй явдал юм.

Иймд байгаль орчинтой холбоотой гаргасан буруу шийдвэрүүдээ яаралтай эргэн харж засаж залруулахыг Шийдлийн засгийн газраас шаардаж энэхүү бичгийг та бүхэнд өргөн барьж байна.

Өргөх бичигт тусгагдсан эдгээр асуудлуудад Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхий чиг үүргийн яам болох БОНХАЖЯам онцгой анхаарал хандуулах ёстой гэж МБОИЗ үзэж байна.

Үүнд:

  1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын ам болгоноос нь гол горхи урсдаг, байгалийн өвөрмөц тогтоцтой, газрын хэвлийд нь Монголын түүх соёлын дурсгал, археологийн үнэт олдворууд хадгалагддаг. 2200 жилийн түүхтэй анхны төрт ёсны Хүннү гүрний 200 орчим хаад, ноёд, язгууртны булш хиргэсүүр цогцоороо хадгалагдан үлдсэнийг археологичид тогтоож, дэлхий дахины судлаачдын сонирхолыг татсан газар. Ноён уулын сав газарт алт болон төмөрлөгийн хайгуул олборлолт хийх тусгай зөвшөөрөлтэй 42 компанийн үйл ажиллагааг “Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн хүрээнд зогсоосон. Хэрэв УИХ-аас энэ ордыг стратегийн ордод оруулбал “Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн хүрээнээс гарч “Сентерриа Гоулд”-ын олборлох 80 тн алтаар Монгол Улс түүх соёлын өв уламжлалаа найр тавин худалдсан эмгэнэлт явдал болно. Иймд УИХ шийдвэр гаргахаасаа өмнө соёлын өвийн тухай хуулийн дагуу палентологи, археологийн урьдчилсан хайгуул судалгаа хийлгэж, Монгол улсын түүхийн амбиц болох Ноён уулын түүх соёлын өвийг хамгаалан авч үлдэх ёстой.
  2. Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах эрхийг хүндэтгэсэн, ирээдүй хойч үеийнхээ амьдрах баталгааг хангаж, 5 жил Монголын ойн сан, усны эхийг хамгаалсан, нөгөө талаар экологид халтай эрсдэлтэй санхүүгийн хөрөнгө оруулалтаас Монголын олон бизнесийн байгууллагыг дампуурлаас хамгаалсан  “Урт нэртэй” хуулийг ямар ч үнээр хамаагүй өөрчлөхөөр улайрч байна.  Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газар Иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцөлийг ашиглах ёстой.
  3. Монгол улс Байгаль орчин, нутаг усаа аварья гэсэн иргэдээ шоронд хийж, амь насыг нь егүүтгэж байгаа энэ эмгэнэлтэй цаг үед, байгаль орчны төлөө тэмцэж ирсэн иргэний нийгмийн байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллахын оронд хавтгайруулан элдэв нэр, хоч өгч үйл ажиллагааг нь эрх мэдлээрээ далайлган  мохоох оролдлого хийж, эдийн засгаа хөгжүүлэх ажилд саад, тээр болсон мэтээр УИХ дээр ярьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хэлсэн үгнийхээ төлөө иргэний нийгмийн байгууллагуудаас уучлалт гуйн, залруулга хийхийг шаардаж байна.
  4. Монгол улс нэн ховор амьтан, ургамал хамгаалах олон улсын конвенцид хүлээн зөвшөөрч нэгдэн орсон үүргээ зөрчин, нэн ховор, ховордсон ургамал, цоохор ирвэс гэх мэтийн амьтад руугаа довтолж, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулинд буруу жишиг болохуйц өөрчлөлт оруулж, шинжлэх ухааны тооцоо судалгаанд анхаарал тавихгүйгээр Шийдлийн засгаас гаргаж буй уймраа шийдвэр нь “Монголын төр ой санамж”-аа алдаж үндэсний аюулгүй байдалд шууд аюул учирч буйн эмгэнэлт дохио гэлтэй. Өөрсдийгөө “Мэргэжлийн байгууллага”, “Мэргэжлийн холбоо”, “эрдэмтэн” хэмээн цоллосон зарим нэгэн хүний хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн увайгүй үйлдлийг шинжлэх ухааны нотолгоо, үндэслэл мэтээр үзэж өдөр тутмын хэмээн нэрлэгддэг ганц нэг сонинд өндөр төлбөртэй нийтлэл гаргуулан ард түмний “тархийг угааж” экологид халтай шийдвэрүүдийг лоббидон, бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хуулиар хамгаалдаг буруу зуршлыг таслан зогсоохыг шаардаж байна.
  5.  Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд цөөнгүй хийдэл зөрчил байгаа, байгаль орчны багц хуулиудтай нийцээгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй зэрэг шалтгаанаар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг үндэслэн орон даяар өргөн хэлэлцүүлэг явуулж бий болгосон ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлахын оронд, нийт газар нутгийнхаа 30 хүртэл хувийг тусгай хамгаалалтанд авах олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж, Дархан цаазат Богдхан уулын орчны газрыг иргэдийг орон сууцжуулах нэрийн доор төр булаан авч, бизнес хийх шийдвэр гаргаж байгаагаа яаралтай залруулахыг шаардаж байна.

 

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүд, дэмжигчид бид, улс орныхоо хөгжил Байгаль орчны төлөө тэмцэхдээ гадныханд хөтлөгдсөн увайгүй удирдлага, улс төрчдөөс болж эрсдэлтэй, хүчирхийлэлд суурилсан, ёс зүйгүй тэмцлийн арга хэлбэрээс татгалзаж, аливаа асуудалд хүлээцтэй тэвчээртэй хандаж, хэлцэл зөвшилцөлийн арга хэлбэрийг сонгохоо нэг бус удаа илэрхийлсээр байгаа. Бид бие биеэ хүндэтгэсэн шударга, ил тод, зөвшилцөл хийхэд бэлэн байна.

МБОИЗ-өөс ухаалаг төр, иргэний нийгмийн харилцан хариуцлагатай, уялдаатай түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд иргэд, иргэний нийгмийн оролцоог хангахад хүчин чармайлт гаргаж, уламжлал, ёс заншил, байгаль орчинд хал багатай хөгжлийн төлөө оролцогч талуудтай хамтран ажиллах чин хүсэлтэй байна.

Шийдлийн засгийн газраас улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Монголын хөгжлийн сорилт болсон энэ цаг үед, аливаа шийдвэрийг гаргахдаа Иргэний нийгмийн байгуулагуудтай нээлттэй санал солилцож, өргөн оролцоог хангах зарчмаар, зөвшилцөлийн арга хэлбэрийг ашиглан, зөв шийдвэрт хүрч байх нь үндэсний эрх ашигт нийцнэ гэж МБОИЗ үзэж байна.

Монголын байгаль орчны иргэний нийгмийн төлөөлөл, төрийн бус байгууллагууд, гишүүд, дэмжигчид төрийнхөө зөв шийдвэр, шудрага хуулийг дээдлэн, хуулийн хүрээнд аливаа буруу үйлдлийг сөрөн зогсох болно.

Төрийн мэлмий тунгалаг

Түмэн олон амгалан

Ус гол нь цэнгэг

Уул овоо нь ариун дагшин байх болтугай.

МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here