Их говио хамгаалах бидний тэмцэл зогсоогүй.
Засгийн Газрын 2024-2028 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.2.8-р зүйлд тусгасан “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх” гэсэн заалтыг эсэргүүцэн Говийн Их Дархан Цаазат Газраа хамгаалж биологийн олон янз байдлыг энэ хэвээр хадгалан үлдээх гэсэн эрдэмтэн судлаач, хуульч, сэтгүүлч, оюутан залуус, нутгийн иргэд, байгаль хамгаалах чин сэтгэлтэй хүмүүс нэгдэж Нөү Нарансэвстэйн боомт хөдөлгөөнийг эхлүүлэн МБОИЗ-н баг шүхэрлэн ажиллаад даруй 2 жилийн нүүр үзэж байгаа билээ.
Нарансэвстэйн боомтыг нээх юм бол Дэлхийн өөр хаана ч байхгүй говийн эмзэг эко систем тэр дундаа Дэлхийд өөр хаана ч байхгүй зөвхөн Монголд Алтайн өвөр говьд 50 гаруйхан байх Мазаалай баавгай устгаж үгүй болох аюул эрсдэл дагуулж байгаагаас гадна одоо ч дэлхийн олон улсад гамшиг тариад буй Монголын говиос үүдэлтэй шар шороон шуурга буюу түйрэн улам нэмэгдэж талхлагдсан говийн сул шороон хөрсийг тогтоон барих боломжгүй болох гамшиг тулж ирсэн байгааг онцлон эсэргүүцсээр байгаа билээ.

Энэ өдрүүдэд дэлхийн олон орон Монголд чуулж цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ган зуд байгалийн гамшигт үзэгдлийг багасгахад хувь хүн, айл өрх, улс орнууд нэгдэн оролцох тухай санал нэгдэж буй энэ цаг дор бид ч бас өөрсдийн үүргээ биелүүлэх эрсдлийг үүсгэхгүй байх хамгийн зөв гарц бол боомт нээхгүй байх, тухайн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагааг бүр мөсөн хориглох явдал юм.



