Сар шинээс өмнө хог шорооноосоо салдаг уламжлалт ёсны дагуу БОНХАЖЯ-ны харьяа газрууд, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шашны их сургуулийн оюутнууд, зарим ТББ-ын төлөөлөлтэй хамтран ирэх бямба гаригт Туул голын эрэг хөвөө орчмыг цэвэрлэх гэж байна.

Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сэргээх чиглэлээр гарсан БОНХАЖ-ын сайдын 2015 оны нэгдүгээр сарын 30-ны А-40 дугаар тушаалын дагуу хийгдэж буй эхний ажил юм.

Энэ өвөл цаг агаар харьцангуй дулаахан байгаа учраас голын хөвөөгөөр аялж, амрах иргэдийн тоо тасрахгүй байгаагийн улмаас хог хаях, автомашинтай голын мөсөн дээгүүр явах зэрэг үзэгдэл элбэг байна.

Тиймээс БОНХАЖЯ Туул голын орчныг бохирдуулахгүй байх, мөс цөмрөх болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх, байгаль дэлхийгээ дээдэлж амарч, аялахыг ард иргэддээ уриалж дээрх цэвэрлэгээг хийж байгаа юм.

Саяхан Туул голын сав газрын захиргаанаас Гачуурт тосгоноос Шувуун фабрик хүртэл голын эрэг дагуу эргүүл, хяналт шалгалт хийсэн. Энэ үеэр хог хаягдлаа хаясан, харзны усанд орохдоо голын усыг бохирдуулсан хэд хэдэн зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авсан.

Мөн Гачуурт тосгоноос Шувуун фабрик хүртэл голын эрэг дагууд голруу тээврийн хэрэгсэлтэй ордог, иргэд харзны усанд ордог газруудын байршлыг тодорхойлж, зураглал хийсэн.

Харзны усанд ордог 5 байршил, тээврийн хэрэгсэлтэй ордог 10 байршилд анхааруулах, хориглох тэмдэглэгээ хийхээр төлөвлөж байна. Цаашид БОНХАЖ-ын сайдын тушаалын дагуу Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сэргээх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here