Н.Дашзэвэг: Горхи, Тэрэлжээс хууль бус мод бэлтгэсэн гэдэг ташаа мэдээлэл

0
1574

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас хууль бус мод бэлтгэсэн гэх мэдээлэл цацагдсан. Уг асуудлаар Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөл хуралдлаа. Тус зөвлөлийн дарга, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Н.Дашзэвэгээс эл асуудлыг тодрууллаа.

 -Горхи, Тэрэлжээс хууль бус мод бэлтгэлээ гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд газар дээр нь очиж хяналт шалгалт хийсэн. Үр дүн нь ямар гарав?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг хууль бус мод бэлтгэсэн ноцтой зөрчил гараагүй. Ерөнхийдөө огтлох ёстой хөгширсөн,цаашид ашиглах боломжгүй модыг огтолж, бэлтгэсэн байна. БОНХАЖЯ, ЦЕГ, МХЕГ болон байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөллүүд газар дээр нь очиж шалгалт хийсэн.

-Нийслэлийн БОНХГ өөрийн мэдлийн ногоон бүсийн замаар мод ачсан машиныг явуулахгүй гэснээс зөвшөөрөлтэй мод ачсан олон машин зогсож байгаа юм байна. Замын асуудлыг Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх зөвлөлийн хурлаар яаж шийдэв?

-Нийслэлийн байгаль хамгаалах газар, Тусгай хамгаалалттай газрын хооронд маршрутын маргаан гарсан байна. БОНХАЖЯ-наас хамгийн товчхон маршрутаар шийдье гэсэн санал гаргасан байсан нь хараахан хэрэгжиж амжаагүй байсан юм билээ. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх зөвлөлийн хурлаар энэ маргааныг нэг тийш нь шийдэж, товчхон маршрутаар модоо оруулья гэсэн шийдэлд санал нэгдлээ. Ингэснээр бензин шатахуун хэмнэхээс эхлээд олон талын ач тус гарна. Том машинууд тэр олон гол горхи, даваа гүвээг давахад хүндрэлтэйгээс эхлээд замын аюулгүй байдал талаасаа олон бэрхшээл байдаг.

Зөвлөлийн хурлаар хамгийн богино маршрутаар явья, хяналт шалгалтаа сайжруулья, замын гурван байгаль хамгаалагчаар заавал дамждаг байя, олон түмэнд харагдах үүднээс өдрийн цагаар мод ачсан машинаа явуулдаг болгоё, мод ачсан машин дээрээ лого, ойн хөтөлбөр хадах, мөн мод болгон дээр тэмдэглэгээ тавих, эцсийн цэг дээр иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хяналтыг нэмэгдүүлье гээд олон зүйлийг хийхээр тохирч, цаашид ойн цэвэрлэгээ хийж байгаа бүхий л компаниуд энэ загварыг баримталж нийслэл рүү мод оруулдаг больё гэсэн анхны шийдвэрийг гаргалаа.

-Богино маршрут гэдэг нь хаагуур вэ?

-Улиастайн замаараа л орж ирэхээр болж байна. Горхи, Тэрэлжээсээ шууд Улиастайн амаар орж ирэх юм. Тойруу гээд байгаа нь Тэрэлжээрээ тойроод Баянзүрхийн товчоогоор орж ирэхээр бараг л 140 км болдог. Богино маршрутаар орж ирэхэд 50 гаруй км. Энэ нь хэн хэндээ ашигтай хувилбар. Ядаж л түлээний үнэ нэмэгдэхгүй, хямд байх боломжийг хангаж байна. Энэ асуудал дээр талууд тохиролцлоо.

-Дээрх мод ачсан машинууд хууль зөрчөөгүй гэдэг нь батлагдсан гэж ойлгож болох уу?

-Хууль зөрчөөгүй гэдэг нь шалгалтаар батлагдсан. Засгийн газрын Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн дагуу, Монгол Улсын хуульд зааснаар тусгай эрх авсан компаниуд шатсан, хөгширсөн модыг огтолж л байгаа юм чинь модныхоо голд цагаан өнгөтэй л байна л даа. Шатсан гэхээр л нэлэнхүйдээ хар, хөө байх мэтээр ойлгож болохгүй. Тиймээс буруу, ташаа мэдээлэл олон нийтэд цацагдсан гэдгийг зориуд хэлмээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here