Улсын хэмжээнд гурван газар том хэмжээний түймэртэй байна
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адарга, Батноров сумд, Дорнод аймгийн Баян-Уул сумдад гурван том түймэр асч байна.
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх зүүн аймгууд руу явахаасаа өмнө ОБЕГ-т ажиллаж, зарим үүрэг өгсөн юм.
Сар гаруй үргэлжилж байгаа түймэрт хүний амь нас эрсдээгүй нь сайн боловч айл өрх орон гэргүй болж, олон мал, их хэмжээний газар нутаг, бэлчээр шатаж цаашид үргэлжлэх магадлал өндөр байгаа тул Онцгой байдлын алба байнгын өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллахыг үүрэг болгов. Мөн орон нутгийн төр захиргааны байгууллага яаралтай, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч байх, ард иргэдийг дайчлан ажиллуулах, Улсын нөөцийн өвс тэжээл, бусад техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахыг үүрэг болголоо.
Хээрийн түймрийн гол шалтгаан иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.
Зүүн гурван аймагт гарч буй түймэр дээр эдгээр аймгуудаас гадна Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, төр захиргааны байгууллага, иргэд ажиллаж байна.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын албанаас 950 алба хаагч, 86 автомашин, Хилийн цэргээс 246 алба хаагч, 15 автомашин, Цагдаагийн байгууллагаас 15 алба хаагч, орон нутгаас 2883 иргэн, 310 автомашин, 47 мотоцикль, нийт 4094 хүн, 418 автоамшин тус тус дайчлагдан ажиллаж байна.
Эх сурвалж http://www.info.mn