Ногоон байгууламжийн хяналтын ажлын хэсэг хуралдлаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавих чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үүний дагуу Монголын байгаль орчны иргэний зөвлөл Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт ажиллаж байгаа юм. Ногоон байгууламжийн хяналт, мониторингийн ажлын хэсэг өнөөдөр МБОИЗ-ийн ажлын албан дээр хуралдаж, ажиллах явцад гарч буй хүндрэл бэрхшээл, ололт амжилтаа дүгнэхээс гадна цаашид ажиллах чиглэлээ тодорхойлж, алдаа оноогоо хэлэлцлээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр дүүргүүдийн ТӨК ажил үүргээ хариуцлагатай, сайн гүйцэтгэдэг бол тендерт шалгарсан хувийн ААН-үүд шаардлага тавихад эсэргүүцдэг, ажлын хариуцлага алддаг зэрэг алдаа дутагдлууд гаргасаар байгааг дурьдав. Мөн ухамсаргүй иргэд шинээр тарьж буй тарьц суулгацыг ухаж сэндийчих, тасдаж гэмтээдэг тохиолдлууд нэлээдгүй гардаг байна.
МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ-р ахлуулсан дээрх ажлын хэсэгт судлаач, доктор, ойн инженер, экологич, биологич зэрэг хобогдох мэргэжлийн 8 хүний бүрэлдэхүүн ажиллаж байгаа бөгөөд Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, тарьц, усалгаа, ажлын туршлага, төлөвлөгөө, байгууламжийн стандарт, технологи зэрэгт хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авахаас гадна цэцэрлэгч нарт зөвлөмж өгч ажиллаж байгаа юм.
МБОИЗ- ажлын алба