Туул голын эрэг дагуу, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Маршалын гүүрний зүүн талд “Зүүнбаян рефайнери” ХХК бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулж, бургас мод ихээр сүйтгэж, байгаль орчинд багагүй хохирол учруулж байгаа талаар гомдол хүсэлт иргэдийн зүгээс БОАЖЯ-нд их ирэх болжээ. Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-аас мэдээлэл хийлээ.
Богдхан уулын дархан цаазат газрын Багатэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч “Зүүнбаян рефайнери” ХХК нь Байгаль орчны сайдын 2008 оны наймдугаар сарын 22-ны өдрийн тушаалаар 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар эрх авч, газар ашиглах гурвалсан гэрээг мөн оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан байна. Эрх авч, гэрээ байгуулсны дараа зөөврийн сууц байрлуулан, хамгаалалтын хашаа барьжээ.
Тусгай Хамгаалалттай Газруудын ахлах мэргэжилтэн Ч.Гал “2014 оны тавдугаар сард манай Хамгаалалтын захиргаанаас тухайн ашиглаж буй газарт хяналт шалгалт хийж, бургас мод сүйтгэсэн зөрчилд 6 сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийг ногдуулж төлүүлсэн байдаг.
Мөн 2016 оны есдүгээр сард тухайн компанийн ашиглаж байгаа талбайд дахин хяналт шалгалт хийхэд бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулсан, бургас мод ихээр сүйтгэсэн зөрчлүүд дахин илэрч, бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг нүүлгэх албан шаардлага хүргүүлсэн боловч компанийн зүгээс улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэх боломжгүй байна гэсэн утгатай хариуг тухайн үед өгч байсан юм.
Улмаар 2017 оны тавдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн байгаль хамгаалах газартай хамтран огтлогдсон бургас, модны экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу “Зүүнбаян рефайнери” ХХК-д БОХУлсын байцаагч Ойн тухай хуулийн дагуу 12 сая орчим төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулсан. Уг төлбөрийг төлж барагдуулсан.
Гэвч “Зүүн баян Рефайнери” ХХК-ийн байгальд учруулж байгаа хохирол, тус компанийн зөрчил, дутагдал арилахгүй байсаар байна.
Иймд “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн талбайн хэмжээ хэтрүүлсэн, ДЦГ-ын нийтлэг горим зөрчсөн, байгаль орчныг сүйтгэж, унаган төрхийг алдагдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, газар ашиглах эрхийг дуусгавар болгох шаардлагатай гэж үзэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган тус компанийн лицензийг цуцалсныг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.
Цаашид аялал жуулчлалын зориулалттай газар авсан хэр нь байгалийн унаган төрхийг алдагдуулж, зориулалтын бусаар ашиглаж буй аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар албан ёсны шаардлага тавьж, цуцлах хүртэлх арга хэмжээг авч ажиллах юм байна.
Ж.МАРАЛ