Утаанаас ч уршигтай хөрсний бохирдол

Нийслэлчүүд бид “Утааны эсрэг” дуу хоолойгоо нэгтгэн сүүлийн хэдэн өвөл л жагсаж, цуглаж, орилж байна. Гэвч асуудал шийдэгдсэн үү гэвэл үгүй.

Утаа нь агаарын бохирдол бий болгохоос гадна агаар дэх том ширхэгтэй тоосонцорууд нь доош унан хөрсийг давхар бохирдуулдаг бол, хөрсний бохирдол нь жилийн 4 улиралын турш агаар, орчныг бохирдуулсаар байдаг юм байна. Тун удахгүй Наадмын маргааш намар болж эргээд л утааны улирал эхлэнэ.

Дахиад л жагсаал цуглаан хийх үү…  Эсвэл “хэн нэгэн нь өвлийн улиралд морилон ирж” илбийн юм шиг цэвэрлэж, Нийслэлчүүд утаагүй болох уу. Аль нь ч биш гэдгийг бидний өнгөрсөн үеийн түүх харуулж байгаа.

Манай улсад зөвхөн Нийслэлд ч бус бүхий л сум аймгийн төвүүд агаар, орчны бохирдолтой болсон байгаа.

Аж ахуй эрхлэгчид болон Иргэн бүр агаар, орчныг бохирдуулахад оруулж буй сөрөг нөлөөллөө бууруулах, зөв дадал хандлагыг бий болгож, нийтээрээ нийгмээрээ хамтдаа агаар орчны бохирдолыг бууруулж чадна. Үүний тулд дараах үүргүүдийг заавал биелүүлдэг болох ёстой:

1. Өөрийн бий болгож буй хог хаягдалаа ангилан зориулалтын газарт нь хаяж занших

2. Нус цэр, тамхины иш, бохь зэргээ зөвхөн хогийн саванд хаяж занших

3. Ил задгай бие засах, хог хаягдал хаяхаа болих, Аж ахуйн нэгж бүр өөрсдийн бие засах газар, гар угаах газраа олон нийтэд зориулан нээлттэй, үнэ төлбөргүй болгох

4. Гэр хорооллын айл өрх бүр жорлон, угаадсаа зайлуулдаг уламжлалт арга технологио халж дэвшилтэт технологийг хэрэглэж занших, ногоон орчин бий болгох

5. 8-9 сараас эхлэн гэр, байшингаа дулаалах, /хана, шал, хаалга, цонхны дулааны алдагдалыг бууруулах/ өвлийн бэлтгэлээ хийх

6. Аль болох хуучин авто машины хэрэглээгээ хязгаарлаж, нийтийн автобус унаа ашиглах

7. Цахилгаан хангамжийн асуудлаа  хороо, хэсгийн дарга нартаа уламжилан шийдвэрлүүлэх

8. Дулаан хангамжийн дэвшилтэт технологи бүхий шийдлүүдийг урин дулааны цагт худалдан авч бэлтгэх зэрэг олон ажлуудыг өөрсдөө хийх ёстой.

Хөрсний бохирдолын зарим асуудлыг хөндөж,Нийтлэлчийн бичсэн асуудал дэвшүүлсэн өгүүллийг толилуулъя.

Хөрсний бохирдол нийслэлчүүдэд хор хөнөөл учруулж байна

Нийслэлчүүдийн өмнө “Хөрсний бохирдлын асуудал” тулгараад удаж байна.

Ялангуяа гэр хорооллынхны хувьд энэ асуудал хамгийн хурцаар  яригдана.

Дулааны улирал эхэлж, газрын хөрс гэсэхтэй зэрэгцээд гар, хөл, амны өвчин ихэсдэг нь хөрсний бохирдолтой шууд холбоотойг мэргэжилтнүүд хэлж байна.

Задгай жорлон, зах замбараагүй хаясан үнс, хогноос эхлээд үйлдвэрийн бохир, химийн хорт бодис гээд хөрс бохирдох нөхцөл маш олноор нийслэлд бүрджээ.

Хамгийн аюултай нь бохирдсон хөрс эргэж сэргэхдээ маш удаан гэнэ. Тодруулбал, хөрсний өнгөн хэсэг /0-30 см/ үүсч бий болоход барагцаагаар 1000 жил шаардагддаг ажээ.

Хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна. Гэхдээ хөрсний цэвэршилтэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайн хөрсний бохирдолтын хэмжээ болон ямар төрлийн зүйлсээс бохирлогдсоноос шалтгаалдаг аж. Мөн хөрсний бүтэц, цаг агаарын байдал гэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна.

Хөрс бохирдох үндсэн шалтгаанууд

Хөрс химийн хороор бохирдох:

Дэлхийд жил бүр сая гаруй тонн ургамлын өвчний эсрэг хэрэглэдэг химийн хор үйлдвэрлэгддэг.  Химийн хорны хүнд нөлөөлөх үйлчлэлийг цацраг идэвхит бодистой зүйрлэж болох юм. Энэ  нь амьд бие махбодод нөлөөлж, бүх экосистем гүнзгий өөрчлөгдөхөд  хүргэдэг ажээ.

Химийн хор дотроос хамгийн аюултай, тэсвэртэй хлорт органик нэгдлүүд нь хөрсөнд олон жил хадгалагдаж, амьд организмыг хордуулсаар байдаг гэнэ.

Эдгээр химийн нэгдлүүд нь хүний биед нэвтэрч янз бүрийн хорт хавдар үүсгэхээс гадна, хүний генд нөлөөлж, үр удамд удамшлын янз бүрийн эмгэгүүд үүсгэх чадвартай юм байна.

Үйлдвэрийн хог хаягдлаар хөрс бохирдох:

Хөрсний хэвийн ажиллагааг алдагдуулахад хий-утааны хаягдал асар их хор хөнөөл үзүүлдэг байна.

Хөрс нь хүнд хор хөнөөлтэй химийн олон элементүүдийг шингээж, хуримтлуулах чадвартай байдаг. Хүнд металлууд, мөнгөн усны хэрэглээтэй үйлдвэрлэлийн ойр орчмын газрын хөрсөнд мөнгөн усны найрлага байх ёстой хэмжээнээсээ хэдэн зуу дахин их байдаг байна. Эдгээр элемент нь утаа-хийн байдлаар ялгарч хөрсөнд шингэдэг ажээ. Тодруулбал, авто замын ойролцоох хөрсөнд хар тугалганы хэмжээ их байдаг гэнэ. Нийслэл хотын авто замын хөдөлгөөнд өдөрт шинээр 86  автомашин /суудлын 50 автомашин/ нэмэгддэг гэсэн судалгааг Авто замын газраас өглөө. Тодруулбал, шинээр нэмэгдсэн авто машины 10 хувь нь үйлдвэрлэснээс хойш гурав жил хүртэл хугацаагаар ашигласан тээврийн хэрэгсэл байдаг гэнэ.

Харин Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тээврийн хэрэгслийн 24 хувийг 4-9 жил, 72 хувийг арав ба түүнээс дээш жилээр ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл тус тус эзэлдэг байна.

Хөрс нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдох:

Олон улсын экологийн ноцтой асуудлын нэг нь газрын хөрс нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдох явдал юм. Манай орны хувьд ийм хэмжээнд хүрэхүйц нефтийн бүтээгдэхүүн, нефтиэр бохирлогдсон талбай одоогоор байхгүй ч цаашид хэрхэхийг өнөөдөр таашгүй.

Нийслэлийн агаарын чанарын албанаас авсан мэдээллээр авто машины утаа хүний амьсгалах түвшинд цацагддаг байна.

Машины утаа нь амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, ядрах, бие сульдах, хорт хавдар үүсгэх, хүүхдийн өсөлт зогсоох гэх мэт үйлчилгээтэй нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдгийг эрдэмтэд судлан тогтоосон гэнэ.

Эдгээр хорт бодис нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлаараа янз бүр. Тодруулбал, хар тугалга хүний ихэнх эрхтний тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис аж. Түүнийг мэдрэлийн хор гэж нэрлэдэг. Нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх, хүүхдийн өсөлтийг бууруулахаас гадна хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай, оюуны хомсдолд хүргэж ч болох талтай гэнэ.

Харин нүүрстөрөгчийн исэл нь хүний амьсгалж буй агаарын хамт бодьгалд орж цусны улаан цогцсын эсийн солилцоонд оролцох чадварыг алдагдуулснаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлж бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах гэх мэт шинж тэмдгийг үзүүлдэг юм байна.

Азотын ислүүд нь хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож амьсгалын дээд замын чийглэгийн нөлөөгөөр азотын нитритийг үүсгэж, уушгийг гэмтээдэг бол хүхэрлэг хий хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулж, уушгинд нөлөөлөхөөс гадна хамгийн аюултай нь агаар дахь хүхэрлэг хийгээр амьсгалахад амьсгалын эрхтэн дэх усны ууртай нэгдэж хүхрийн хүчил үүсгэн, улмаар амьсгалын эрхтэнг гэмтээдэг байна.

Агаар, хөрс хоёрыг хамтад нь ярих хэрэгтэй

Нийслэлчүүд бид “Утааны эсрэг” дуу хоолойгоо сүүлийн хэдэн өвөл л нэгтгэн орилж байна. Гэвч хөрсний бохирдлын талаар  дуугардаггүй.

Угтаа бол агаарын бохирдол бий болгохоос гадна хөрсийг давхар бохирдуулдаг бол, хөрсний бохирдол нь жилийн 4 улиралын турш агаарыг  бохирдуулсаар байдаг юм байна.

Гэтэл бид түүнийг анзааралгүй агаар, хөрсний бохирдлыг тусад нь ярих гээд байдаг. Энэ хоёрын аль аль нь хүний биед төдийгүй амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлдэг.

Тэгэхээр Улаанбаатарын “хордлого”-ыг тайлах зайлшгүй арга замыг бид олох ёстой шаардлага бий болоод байна.

Гадны улс орны сайн жишгийг дуурайя:

Чилийн Атакамын цөлийн дунд уурхай түшиглэж байгуулсан нэгэн тосгон хөрсний бохирдлын улмаас “үгүй” болжээ.

Тухайн үед тосгоны хөрсөнд хар тугалганы агууламж их байсан гэдэг. Үүнээс улбаатайгаар тус тосгонд ургийн гажигтай төрөлтийн тоо нэмэгдсэн аж. Тиймээс энэ нутагт бараг хагас зууны турш нэг ч хүн суурьшаагүй гэнэ. Харин одоо энэ тосгонд хүмүүс суурьшиж, аж амьдралаа залгуулж байгаа аж. Хөрсний бохирдол нь дээд цэгтээ тулсан газарт хүн дахин суурьшиж, үр хүүхдээ өсгөнө гэдэг байж боломгүй үйлдэл мэт санагдаж магадгүй л дээ. Гэвч тэнд хүмүүс суурьшихын тулд бохирдолттой хөрсийг нь дахин сэргээх үйл явцыг хийж эхэлсэн байна. Усжуулалтын системийг шийдэж, хөрсөнд агуулагддаг эрдсийг дахин суулгаснаар хүмүүс эл нутагт дахин суурьших эх үндэс тавигджээ. Өөрөөр хэлбэл, тосгоны хөрсийг цэвэршүүлсэн гэсэн үг юм.

Бас нэг жишээ дурдахад, манай өмнөд хөрш хөрсний бохирдолт ихтэй. БНХАУ-ын засаг захиргаанаас Жүжоу хошууны ил жорлонтой айлуудад хөрсөнд шууд нэвчихээргүй 00-ыг үнэгүй тарааснаар хөрсний бохирдлын асуудлаасаа бага ч атугай ангижирч чаджээ.

Энэ мэт хол ойрын жишээг бид нийслэл хотынхоо “хөрс”-нд буулгаж болохгүй гэх газаргүй.

Улаанбаатарыг Атакамын цөлийн дундах тосгон шиг болгохгүй байх боломж бас бидэнд нээлттэй байгаа юм.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.Mn