Загасны үржлийн үе эхэлсэн тул энэ сарын нэгний өдрөөс зургадугаар сарын 15-ныг хүртэл загасчлалд хорио тогтоожээ. Загас үржлийн үедээ маш олон тооны түрс шахдаг ч мянгаас нэг нь л жараахай болдог. Мөн үржлийн үед нь загас агнавал тухайн төрөл зүйл устах хүртэл аюул учирдаг тул Дорнод аймгийн БОАЖГ-аас энэ үеэр загас агнахгүй байхыг анхааруулав.
Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг өөрөөр тогтоожээ. Тухайлбал, Буйр нуурын загасыг тавдугаар сарын дундаас наймдугаар сар хүртэл агнахыг хориглодог. Харин Дархадын цагаас загас наймдугаар сараас 10 дугаар сарын сүүл үе, омоль загасыг наймдугаар сарын сүүлээс аравдугаар сар дуустал, зарим загасыг есдүгээр сараас дараа оны нэгдүгээр сарын сүүлч үе, Алтайн сугас загасыг зургадугаар сарын дундаас наймдугаар сар дуустал хугацаанд агнахыг хориглосон нь ч бий.
Түүнчлэн гол нуурын мөс гэсч, цөн түрэх аюултай байна. Иргэд энэ үеэр нууранд гарч загасчлах гэж яваад амь насаа алдсан эмгэнэлт явдал тус аймагт хэд хэдэн удаа гарч байсан юм.
Монгол Улсын амьтны тухай хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчин үржлийн энэ үед загасчилсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгохоор хуульчилжээ.