МБОИЗ-ийн дүрэм

МБОИЗ-ийн ээлжит бус чуулганы 2023 оны 11-р дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар шинэчлэн батлав.

“МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ” ТББ-ЫН ДҮРЭМ

 Нэг. Ерөнхий зүйл

  • Төрийн бус байгууллагын нэр: “Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл”, товчилсон нэр “МБОИЗ”

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан, 11 дүгээр хороо,
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, 310 тоот

Утас: 70131400

Цахим хаяг: irgenii.zuwlul@gmail.com

Цахим хуудас: www.mecc.mn

Сонин: Экологи

1.2. МБОИЗ нь Байгаль орчны төрийн бус байгууллагуудын улсын анхдугаар зөвлөгөөнөөр 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

Хоёр. Нийтлэг үндэслэл

2.1. МБОИЗ нь Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд (ТББ) сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

2.2. МБОИЗ нь гишүүнчлэлтэй, шүхэр байгууллага бөгөөд өөрийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах, чадавхижуулах, төрийн, төрийн бус болон бусад байгууллага, иргэдтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх, гишүүн ТББ-ын хүсэлтээр тэднийг төлөөлөх үндсэн чиг үүрэг хүлээнэ.

2.3. МБОИЗ, түүний гишүүн, салбар байгууллагууд нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Байгаль орчны багц хууль, хөтөлбөр, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаа явуулна.

2.4. МБОИЗ нь “Ёс зүйн дүрэм”-тэй байж болно.

Гурав. МБОИЗ-ийн эрх

3.1. МБОИЗ нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн туг, далбаа, сүлд дуу, бэлгэдэл, тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банкинд харилцах данстай байна. Бэлгэдлийн утга санаа нь: Байгаль хамгаалахад иргэд олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх үйл явцыг зэрэгцээ таван хүний ногоон дүрсээр илэрхийлж дор нь “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” гэсэн нэрийн товчлол МБОИЗ гэсэн бичвэртэй байна.

3.2.      МБОИЗ нь хэвлэмэл болон цахим мэдээллийн хэрэгсэлтэй байна.

Мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

3.3. МБОИЗ нь “Ногоон од” одон, “Ногоон од” медаль зэрэг шагналтай байна. Нэр дэвшүүлэх, шалгаруулах явцыг журмаар зохицуулна.

3.4.      МБОИЗ нь итгэмжлэгдсэн боловсрол, шинжлэх ухаан, нийгэм, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, бизнесийн салбарын “Эко-Элч”-тэй байна. Нэр дэвшүүлэх, шалгаруулах явцыг журмаар зохицуулна.

3.5       МБОИЗ-ын гишүүн байгууллагуудын дундаас ажил үйлсээрээ үндэсний хэмжээнд манлайлсан ТББ-г “Эко элч”-ээр шалгаруулж өргөмжилнө. Нэр дэвшүүлэх, шалгаруулах явцыг журмаар зохицуулна.

3.6. Дүрмийн 3.2, 3.3, 3.4, 3.5 дах хэсэгт заасан журмыг МБОИЗ-ийн удирдах зөвлөл хуралдаж, батална.

Дөрөв. МБОИЗ-ийн алсын хараа, эрхэм зорилго,

үйл ажиллагааны чиглэл

4.1. Алсын хараа. Монгол өв соёлд тулгуурласан, эзэн эрхт, байгаль орчны засаглал тогтоох,

4.2. Эрхэм зорилго.  Байгаль орчныг хамгаалах үйлст иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоо, олон талт, эрх тэгш түншлэлийн хүрээнд, тогтвортой хөгжлийн төлөө эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг хангуулах, нийтийн эрх ашгийг хамгаалах, ил тод нээлттэй байдал, нийгмийн хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, соён гэгээрүүлэх.

4.3  МБОИЗ-ийн үйл ажиллагааны чиглэл:

4.3.1. Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд иргэд, салбарын ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах,

4.3.2. Байгаль хамгааллын үндэсний болон олон улсын жишиг, стандарт шаардлагыг хангуулахад үр дүнтэй нөлөөлөх,

4.3.3. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагааг таслан зогсоохыг зорих,

4.3.4. Байгаль орчны талаар төр, засгийн байгууллага, компанийн  нээлттэй байвал зохих мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох,

4.3.5. Хууль, тогтоомж, дүрэм, журам, шийдвэр болон тэдгээрийн  хэрэгжилтэд  хяналт тавих, сайжруулахад чиглэсэн нөлөөллийн ажиллагаа явуулах,

4.3.6. Үндэсний хэмжээнд нийтийн эрх ашиг, иргэдийн зөрчигдсөн эрхийг нэхэмжлэн хамгаалах, өмгөөлөх, сэргээх,

4.3.7. Байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжих, Төр, засгийн байгууллагуудтай харилцах иргэний нийгмийн эрх тэгш “Ногоон” түншлэлийг дэмжин хөгжүүлэх,

4.3.8. Төр, засгийн үйл ажиллагаа болон хөгжлийн хөтөлбөрүүдийг “Ногоон” хариуцлагатай болгоход нөлөөлөх төрийн бус байгууллага, иргэдийн хүчтэй хяналтын тогтолцоог бий болгох,

4.3.9. Гишүүн ТББ-ыг чадавхжуулах, мэргэшүүлэх, иргэдийн экологи, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, нийгмийн хариуцлага, тогтвортой хэрэглээний зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх,

4.3.10. Байгаль орчныг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсан, нийгмийн хариуцлагатай иргэд, байгууллагын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах,

4.3.11. Нийтийн болон гишүүдийн эрх ашгийг хамгаалан нэхэмжлэл гаргах

 

Тав. МБОИЗ-ийн үйл ажиллагааны зарчим

5.1. Байгаль орчин, хүний эрхэд сөрөг нөлөө бүхий аливаа үйл ажиллагааг үл тэвчинэ.

5.2. Сайн дурын гишүүнчлэлд суурилна.

5.3. Хүний эрх, нийгмийн шударга ёсыг дээдлэнэ.

5.4. Бие даан хараат бусаар ажиллана.

5.5. Хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлнэ.

5.6. Ил тод, нээлттэй байна.

5.7. Манлайлагч байна

5.8. Оролцоо, олон ургальч үзэлд тулгуурлана.

5.9. Тэгш хамтын ажиллагаа, өргөн түншлэлийг хөгжүүлнэ.

5.10. Хүчирхийллийг үл дэмжинэ.

5.11. Ёс зүйтэй байж авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.

5.12. Эрх тэгш түншилж, эв нэгдэлтэй байна.

5.13. Тогтвортой, эерэг өөрчлөлтийн төлөө байна.

5.14. Нийтийн эрх, ашиг сонирхолд нийцсэн байна.

5.15. Улс төрөөс ангид байж аль нэг нам, бүлэг, хүчний эрх ашигт үйлчлэхгүй.

Зургаа. МБОИЗ-ийн бүтэц, зохион байгуулалт

6.1.  МБОИЗ-ийн эрх барих дээд байгууллага нь 4 жилд нэг удаа хуралддаг үндэсний чуулган юм. Чуулган нь гишүүн байгууллагуудаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ. Сонгогдох төлөөлөгчдийн тоог Удирдах зөвлөл тогтооно. Чуулган сонгогдсон төлөөлөгчдийн ердийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.

6.2.  Шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно.

Үүнд:

6.2.1. Тухайн жилд жинхэнэ гишүүний болзлыг хангасан байгууллагуудын ердийн олонхи (50%+1) санал гаргасан,

6.2.2. Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь санал гаргасан,

Долоо. Чуулганы бүрэн эрх

7.1. Жинхэнэ гишүүд удирдах бүрэлдэхүүнд сонгогдох эрх эдэлнэ.

7.2. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ, үүнд:

7.2.1. Хууль эрх зүйн орчин, байгууллагын хөгжил төлөвшилтэй холбоотойгоор МБОИЗ-ийн дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулж, хэлэлцэж батлах,

7.2.2.  Ээлжит чуулганаар МБОИЗ-ийн болон Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг сонсох,

7.2.3. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг тэргүүний санал болгосноор удирдах зөвлөл хэлэлцэж шийдвэрлэнэ.

7.3. Чуулганы төлөөлөгчдөөс Удирдах зөвлөлийн гишүүнээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгууль явуулж  хамгийн олон санал авсан 9 гишүүнийг Удирдах Зөвлөлийн гишүүнээр баталгаажуулна.

7.4. Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлж олонхийн санал авсан нэр дэвшигчийг тэргүүнээр сонгож баталгаажуулна.

7.5. Чуулганы төлөөлөгчид удирдах зөвлөлийн гишүүнд зөвхөн чуулганд оролцогчдоос нэр дэвшүүлнэ.

7.6. Жинхэнэ гишүүн нэг ТББ-аас удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд зөвхөн нэг хүний нэрийг дэвшүүлнэ.

7.7. Чуулганы төлөөлөгчдөөс хяналтын зөвлөлийн гишүүнээр 5 хүнийг тус тус сонгож батална.

7.8. Чуулган нь асуудлыг ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

7.9.Чуулганаас гарах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

Найм. Удирдах зөвлөл

8.1. Удирдах зөвлөл нийт 9 гишүүнтэй байна.

8.2. Удирдах зөвлөлийн хурлыг улиралд нэгээс доошгүй удаа хийж, бүрэн тэмдэглэл хөтлөн, шийдвэрийг тэмдэглэл, тогтоол хэлбэрээр гаргана.

8.3. Удирдах зөвлөлийн хурал нь ердийн олонхи (50%+1) оролцсоноор хүчин төгөлдөр болно. Удирдах зөвлөлийн хуралд гадаадаас болон орон нутгаас цахим хэлбэрээр оролцож болно.

8.4. Хуралд хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүй гишүүн саналаа бичгээр болон цахим шуудангаар өгсөн тохиолдолд саналыг хүчинтэйд тооцно.

8.5. Удирдах зөвлөлийн хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш удаа оролцоогүй бол гишүүнийг чөлөөлж тухайн чуулганаас нэр дэвшиж санал авсан дараагийн хүнийг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.

8.6. Удирдах зөвлөл асуудлыг ердийн олонхийн саналаар, санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

8.7. Удирдах зөвлөлийн хурлаар хувь хүнтэй холбоотой бүх асуудлыг хаалттай, бусад асуудлыг ил хэлбэрээр санал хурааж шийдвэрлэнэ.

8.8. Хурлын тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр явуулж, гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гаргах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тусгана. Тайлбар гаргаж буй гишүүн тайлбараа бичгээр гаргаж гарын үсэг зурна. Хуралдааны тэмдэглэлийг төсөл байдлаар гаргаж хуралд оролцсон гишүүдэд уншуулж эцсийн хувилбарыг хадгална.

8.9. Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг Удирдах зөвлөлийн дарга эсвэл, Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн саналаар зарлан хуралдуулж болно.

Ес. Удирдах зөвлөлийн эрх

9.1.      МБОИЗ-ийн стратегийн төлөвлөгөө, дүрмийн дагуу хэрэгжүүлэх дотоод журмыг хэлэлцэж батлах, хэрэгжилтийг хангуулах чиглүүлэх.

9.2.      Гишүүн байгууллагуудын татварын хэмжээг тогтоох, өөрчлөх, санал тавьсан үед тайланг хэлэлцэх.

9.3.      МБОИЗ-ийн жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, төсвийг хэлэлцэж батлах, нэмэлт өөрчлөлт оруулах.

9.4.      МБОИЗ-ийн чуулганыг тогтоосон журмын дагуу зарлах.

9.5.      Удирдах зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болж орон тоо гарсан тохиолдолд удирдах зөвлөлийн чөлөөлөгдсөн гишүүний оронд чуулганаар нэр дэвшиж, жагссан дараагийн хүнийг оруулан батлах.

9.6.      Тэргүүнээс оруулсан саналыг үндэслэн ажлын албаны бүтэц, орон тоо, төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг  хэлэлцэж батлах.

Арав. Удирдах зөвлөлийн үүрэг

10.1.    Удирдах зөвлөл Тэргүүнээр дамжуулан ажлаа чуулганд тайлагнана.

10.2.    Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх асуудлаар сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтад оролцохгүй. Хуралдаан даргалагч уг асуудлаар сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр нэг гишүүн даргална. Удирдах Зөвлөлийн хуралдааны дэг, хэлэлцэх асуудлыг журмаар зохицуулна.

10.3. Байгууллагын хөрөнгийн эс үүсвэрийг бий болгоно.

10.4.Гишүүн байгууллагуудаас гишүүддээ шагнал урамшуулалд тодорхойлох, гадаад дотоодын арга хэмжээнд оролцуулахаар тодорхойлсон хороодын саналыг хэлэлцэж батална.

10.5.МБОИЗ-ийн гишүүн байгууллага, Удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол түүнээс үүсэх хариуцлагыг МБОИЗ хүлээхгүй.

10.6.Удирдах зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарь, хүлээх үүрэг хариуцлагыг журмаар зохицуулна.

Арван нэг. Удирдах Зөвлөлийн дарга буюу МБОИЗ-ийн тэргүүн

11.1.    МБОИЗ-ийн тэргүүн нь удирдах зөвлөлийн дарга байна.

Арван хоёр. Удирдах Зөвлөлийн даргын эрх, үүрэг

12.1. МБОИЗ-ийн ажлын албаны бүтэц орон тоо, ажил үүргийн хуваарь, төсөв, үйл ажиллагааны үндсэн чиглэл, бодлогыг тодорхойлж Удирдах зөвлөлд хэлэлцүүлэн батлуулах.

12.2. Удирдах зөвлөлийн хурлын товыг цаг үетэй уялдуулан тогтоож, ажлын албаар дамжуулан хэрэгжүүлж, гүйцэтгэлд хяналт тавих.

12.3. Хуралдааны чөлөө цагаар Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах

12.4. Гүйцэтгэх захирал болон ажлын албаны ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, хяналт тавих.

12.5. МБОИЗ-ийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг манлайлан зохион байгуулах.

12.6. Хороод , зөвлөлүүд, орон нутаг дахь салбарын хуралдаанд оролцох, санал оруулах.

12.7. МБОИЗ-ийг гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх.

12.8. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Сайдын зөвлөлд МБОИЗ-ийг төлөөлөх эрхтэй. Тухайн хэлэлцэх асуудалтай холбоотойгоор Удирдах зөвлөлийн гишүүн оролцож болно.

12.9.Тодорхой асуудлаар бүрэн эрхээ Гүйцэтгэх захирал болон Удирдах зөвлөлийн бусад гишүүдэд шилжүүлэх.

12.10. Удирдах зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг гаргаж, удирдах зөвлөлийн хурлаар батлуулан хэрэгжилтийг хангуулах.

Арван гурав. Удирдах Зөвлөлийн даргыг чөлөөлөх үндэслэл

13.1. Удирдах зөвлөлийн дарга нь үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд (гэмт хэрэг зөрчилд холбогдож шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон, МБОИЗ-ийн дүрмийг ноцтой зөрчсөнийг Хяналтын хороо тогтоосон) удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгуульт ажлаас нь чөлөөлнө.

13.2.  Удирдах зөвлөлийн дарга нь нас барах эсвэл эрүүл мэндийн шалтгаан, өөр албан тушаалд томилогдох, удаан хугацаагаар томилолтоор ажиллах болон бусад шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр татгалзах тохиолдолд удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгуульт ажлаас нь чөлөөлнө. Орон тоо гарсан үед чуулганы үеэр дараагийнх нь санал авсан хүнийг шууд сонгоно.

Арван дөрөв. Удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

14.1. Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараагийн чуулган хүртэл үргэлжлэх ба гишүүн нь 1-ээс илүү удаа улиран сонгогдохгүй.

14.2  Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах,

14.3. Дүрмийн зорилго, үйл ажиллагааны чиглэлд хамаарах асуудлаар тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөн МБОИЗ-ийн байр суурийг илэрхийлэх,

14.4. МБОИЗ-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, ажлын албыг тогтвортой ажиллуулах, гишүүн байгууллагуудыг чадавхжуулах, хөгжүүлэх, төлөвшүүлэх үүрэг хүлээнэ.

14.5. Өөртөө болон өөрийн ТББ-даа МБОИЗ-өөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг авахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ дэмжлэг авах бол удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх ба дахин удирдах зөвлөлийн гишүүнээр нэр дэвших эрхгүй.

14.6.    Удирдах зөвлөлийн гишүүд нь бий болсон эсвэл байж болох сонирхлын зөрчлөө ил болгон жил бүр гарын үсэг зурж байна. Сонирхлын зөрчлийн бодлогыг журмаар зохицуулна.

14.7. Төрийн захиргааны төв байгууллагуудын Сайдын зөвлөл, бусад байгууллагуудын УЗ, бусад хэлбэрийн удирдлагын бүтцэд МБОИЗ-ийг төлөөлөх эрхтэй.

14.8.Сайдын зөвлөл болон бусад байгууллагуудын удирдах бүтэц, зөвлөл, ажлын хэсгүүдэд томилогдсон, сонгогдсон гишүүд тухай бүр мэдээллийг гишүүдээ нээлттэй өгч, нийтэд танилцуулна.

Арван тав. МБОИЗ–ийн хороо, салбар зөвлөл, ногоон парламент

15.1.    МБОИЗ нь үйл ажиллагааныхаа чиглэлээр төрөлжсөн, байнгын ажиллагаатай гурван хороо байгуулж ажиллана. Үүнд:

  1. Биологийн олон янз байдал,
  2. Газар, газрын хэвлий, ус
  3. Сургалт-судалгаа, мэдээлэл, сурталчилгаа, хяналт-мониторинг, нөлөөлөл, өмгөөлөл

Хорооны үйл ажиллагааг журмаар зохицуулна. Шаардлагатай асуудлаар МБОИЗ-ийн Удирдах Зөвлөл дэд болон түр хороо байгуулан ажиллаж болно. Журмыг удирдах зөвлөл батална.

15.2.    Хороо нь гишүүн ТББ-даа чадавхжуулах, мэргэшүүлэх зорилго тавьж ажиллана.

15.3     МБОИЗ нь аймагт салбар зөвлөлтэй байж болно.

15.3.1.  МБОИЗ-ийн салбар зөвлөлүүд нь МБОИЗ-ийн дүрмийн хүрээнд бие дааж хараат бусаар үйл ажиллагаа явуулна.

15.3.2. Салбар зөвлөлүүд нь МБОИЗ-өөс гишүүн байгууллагын хувьд үйл ажиллагаагаа дэмжүүлэх, бүх төрлийн үйлчилгээ авах, санал санаачлага гаргах эрхтэй.

15.3.3. Салбар зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

15.4     МБОИЗ нь дэргэдээ байгаль орчны “Ногоон парламент”-тай байна.

15.4.1.МБОИЗ-ийн тэргүүн нь Ногоон парламентын дарга байх бөгөөд “Ногоон парламент”-ийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

15.5.  МБОИЗ нь дэргэдээ мэргэжлийн байгууллагын гэрчилгээ олгох эрх бүхий, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй мэргэжлийн зөвлөл ажиллуулж болно. Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

15.6. МБОИЗ нь дэргэдээ Эрдэмтэд судлаачдын зөвлөл ажиллуулж болно. Эрдэмтэд-судлаачдын зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

15.7.  МБОИЗ-ийг олон улсын болон дотоодын байгууллага, төсөл хөтөлбөр, хурал чуулганд төлөөлөх, сонгох, сонгогдох эрхийг аль нэг гишүүн байгууллагын төлөөлөгчид олгож болох бөгөөд үүнийг журмаар зохицуулна.

15.8. МБОИЗ нь чадамжинд суурилсан мэргэжлийн сургалтын төвтэй байж болох бөгөөд журмаар зохицуулна.

15.9. МБОИЗ нь Ёс зүйн /шударга байдлын/ хороотой байж болно.

Арван зургаа. Хяналтын  Зөвлөл

16.1.    МБОИЗ нь 5 гишүүнтэй зөвхөн дотоод үйл ажиллагааг хянах үүрэг бүхий Хяналтын зөвлөлтэй байна.

16.2. Хяналтын зөвлөлийн гишүүдийг чуулганы хуралдаанаас шалгуурыг хангасан төлөөлөгчдөөс нэр дэвшүүлж сонгоно.

16.3.    Хяналтын зөвлөлийн даргыг хяналтын зөвлөлийн гишүүдийн хурлаас олонхийн саналаар сонгоно.

16.4.    Удирдах Зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх захирал, Ажлын албаны ажилтнууд, МБОИЗ-ийн дэргэдэх сан, хороо, Ногоон парламент зэрэг байгууллагын удирдлагууд Хяналтын зөвлөлд сонгогдох эрхгүй.

16.5.    МБОИЗ-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд жил бүр мониторинг хийж, гишүүн байгууллагуудад танилцуулах, зөрчлийг шаардлага тавьж арилгуулах, Хөндлөнгийн Аудитын байгууллагаар санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд дүгнэлт гаргуулах саналыг удирдах зөвлөлд оруулах эрхтэй,

16.6. Хяналтын зөвлөлийн дарга болон аль нэг гишүүн Удирдах зөвлөлийн хурал, ажлын албаны хуралд таслах эрхгүйгээр оролцоно.

Арван долоо. МБОИЗ-ийн гишүүн байгууллагын эрх үүрэг

17.1.  МБОИЗ нь жинхэнэ болон дэмжигч гишүүдтэй байна.

Жинхэнэ гишүүн гэдэг нь: Байгаль орчин, тогтвортой хөгжил, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан, МБОИЗ-ийн гишүүнээр 2-оос доошгүй жил болсон, дүрмийг хүлээн зөвшөөрсөн ТББ байна.

Дэмжигч гишүүн гэдэг нь: МБОИЗ-ийн эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагаа, баримтлах зарчмыг дэмжигч гадаад дотоодын иргэд, байгууллагыг хэлнэ.

17.2     Жинхэнэ гишүүний эрх

17.2.1. МБОИЗ-өөс явуулж буй бүх үйл ажиллагаа, үйлчилгээнд хамрагдах,

17.2.2. МБОИЗ-ийн Удирдах зөвлөл, Ногоон парламент, Ёс зүйн хороо болон Хяналтын зөвлөлд сонгох, сонгогдох,

17.2.3. МБОИЗ-ийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой санал шүүмжлэл гаргах, албан ёсоор хариу шаардан авах,

17.2.4. МБОИЗ-ийн чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрт оролцох, дотоод гадаадын арга хэмжээнд оролцох,

17.2.5. МБОИЗ-ийн гишүүн байгууллагууд үйл ажиллагааныхаа чиглэлээр дэд хороо, ажлын хэсэг байгуулан нэгдэн ажиллаж болно.

17.2.6. МБОИЗ-ийн гишүүнээс гарах, дахин элсэх,

17.3. Жинхэнэ гишүүн байгууллагын үүрэг

17.3.1. МБОИЗ-ийн үнэт зүйлсийг дээдэлж, ёс зүйн дүрэм, зарчмыг эрхэмлэн сахих,

17.3.2.  МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох, дэмжлэг үзүүлэх, санхүүжилтын эх үүсвэр бий болгох, татвараа бүрэн төлөх,

17.3.3. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийг мэдээлэх, холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтантай хамтран зогсоох,

17.3.4. МБОИЗ-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах,

17.3.5. МБОИЗ-ийн нэрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх,

17.3.6. Дүрэм, ёс зүйн дүрмийг чанд сахиж эрхэм зорилго, зорилтуудын эсрэг үйл ажиллагаа явуулахгүй байх,

17.3.7.

МБОИЗ-ийн гишүүнчлэлээс гарахдаа албан ёсоор хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ. Шийдвэрийг гишүүн байгууллагуудад нээлттэй мэдээлнэ.

17.4. Жинхэнэ гишүүн нь МБОИЗ-оос буюу МБОИЗ-ийн дэмжлэгээр санхүүжилт авсан бол санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг ажлын албанд гаргаж өгнө.

Арван найм. Гүйцэтгэх захирал, эрх үүрэг

18.1. Гүйцэтгэх захирлыг Удирдах зөвлөлийн даргын санал болгосноор томилно. Гүйцэтгэх захирлын ажиллах хугацаа, хариуцлагын хэмжээ, хязгаар, цалин, урамшууллыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

18.2.  Гүйцэтгэх захирлын эрх:

18.2.1. Тэргүүнээс олгосон эрх хэмжээний хүрээнд санхүүгийн эх сурвалж, нөөцийг бий болгох, захиран зарцуулах, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө төсвийг төлөвлөх,

18.2.2. Байгууллагын хөгжил төлөвшилтэй холбоотой санал, санаачилга гаргах,

18.2.3. Гишүүн байгууллага, иргэдэд шуурхай үйлчлэх, дэмжих ажлыг зохион байгуулах.

18.2.4. Удирдах зөвлөлийн даргын зөвшөөрлөөр МБОИЗ-ийг дотоод, гадаадад төлөөлөх

18.2.5. Энэ дүрмийн 18.3.7 заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Удирдах зөвлөлийн гишүүдээс сонгуульт ажлаа хэрхэн хэрэгжүүлж буй талаарх тайлан мэдээллийг шаардаж авах

18.3. Гүйцэтгэх захирлын үүрэг:

18.3.1. МБОИЗ-ийн өдөр тутмын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааны төлөвлөгөөг сар, улирал, жилээр боловсруулж, төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан, удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж, үр дүнг үнэлэх,

18.3.2. Санхүүгийн эх сурвалж, нөөцийг тогтоох, олж авах.

18.3.3. Удирдах зөвлөл болон Удирдах зөвлөлийн даргыг мэдээллээр ханган ажлыг нь дэмжих, ажлаа уялдуулан зохицуулах.

18.3.4. Төр засаг, холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах, тэдний туслалцаа дэмжлэгийг авахад идэвх чармайлт гаргах.

18.3.5.  Гишүүн болон дэмжигч байгууллага иргэдийн мэдээллийн сан бүрдүүлж мэргэжил арга зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх, зарим шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах.

18.3.6.  Удирдах зөвлөлд улирал бүр МБОИЗ-ийн үйл ажиллагааны болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, үр дүнг танилцуулах

18.3.7. Удирдах зөвлөлийн гишүүд хэрхэн ажиллаж буй талаарх мэдээллээр гишүүдийг хангах

Арван ес. МБОИЗ-ийн Ажлын алба

19.1. Ажлын албаны ажилтнуудын ажил үүргийн хуваарийг Гүйцэтгэх захирал гаргаж, баталж мөрдүүлнэ.

19.2. Ажлын албаны хүний нөөц, орон тоо, төсвийг Удирдах зөвлөлийн хурлаас баталсны дагуу Гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ.

19.3.  Ажлын алба нь МБОИЗ-ийн дотоод бүтцэд ордог бүх нэгжид үйлчилнэ.

19.4. Гишүүн ТББ-ыг МБОИЗ-ийн эрхэм зорилго, зорилтуудтай нийцүүлэн үйл ажиллагаа явуулах, чадавхижахад нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

Хорь. МБОИЗ-ийн хөрөнгө, санхүүжилт

20.1.  МБОИЗ-ийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

20.1.1. Гишүүдийн татвар, хандив,

20.1.2. Дэмжигч байгууллагын хандив, дэмжлэг.

20.1.3. Дүрэмд нийцсэн үйл ажиллагаанаас олсон орлого,

20.1.4. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдсон санхүүжилт,

20.1.5.  МБОИЗ-ийн үйл ажиллагааны явцад бий болсон үндсэн хөрөнгө

20.2. Жилийн татварын хэмжээг удирдах зөвлөл тогтоох бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10%-иас хэтрэхгүй байна.

20.3. Аливаа хандив, дэмжлэг нь Монгол улсын хууль, МБОИЗ-ийн үндсэн зарчмууд,  холбогдох дүрэм журамд нийцсэн байна.

20.4. МБОИЗ нь гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран түншлэгч болон консорциум байгуулан тендерт олон улсын тендерт оролцсон бол 5 хүртэл хувийг ажлын албаны санхүүжилтэд зориулж зарцуулахаар гэрээндээ тусгана.

20.5. МБОИЗ-ийн үйл ажиллагааны явцад бий болсон үндсэн хөрөнгө нь МБОИЗ-ийн хөрөнгө юм. Үндсэн хөрөнгөд бүртгэн авах, захиран зарцуулах асуудлыг журмаар зохицуулна.

20.6. МБОИЗ-ийн хөрөнгөнөөс ашиг хуваарилах, зээл олгох, хуулиар хориглосон зориулалтаар хандив өгөх, хөрөнгийн баталгаа гаргах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

20.7. Хуулийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус санхүүгийн аудит оруулан дүгнэлт гаргуулна.

20.8. Дүрэм

Хорин нэг. МБОИЗ-ийг татан буулгах

21.1. МБОИЗ-ийн эрх барих дээд байгууллага болох Үндэсний чуулганаас үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй гэж үзсэн тохиолдолд татан буулгах буюу бусад байгууллагатай нэгтгэх шийдвэр гаргана.

21.2. МБОИЗ нь татан буугдсан тохиолдолд хөрөнгийг “Төрийн бус байгууллагын тухай” хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.