МБОИЗ-өөс Төлөөлөгч томилох журам

МБОИЗ-ийн УЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 19ий Анхдугаар хуралдаанаар  батлав.

МБОИЗ-ИЙГ ГАДНЫ БАЙГУУЛЛАГАД ТӨЛӨӨЛӨХ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

  1. Энэхүү журмаар МБОИЗ-ийг гадны байгууллага (гадны байгууллага гэж төр, засаг, олон улс, орон нутаг, банк санхүү, төрийн бус байгууллага, олон улсын болон бусад хурал зөвлөгөөнийг хэлнэ)-д МБОИЗ-ийг төлөөлөх төлөөлөгчийн эрх үүрэг, түүнийг томилох, эгүүлэн татах үйл ажиллагааг зохицуулна.
  2. Төлөөлөгчийг тухайн байгууллагын санал болгосон хугацаагаар томилно.
  3. Төлөөлөгчийг Удирдах зөвлөлийн гишүүний санал болгосноор тухайн хүний өөрийн сонирхол, зөвшөөрлийг үндэслэн түүний мэргэжил, одоо явуулж буй үйл ажиллагааны чиглэл, тухайн байгууллагад очоод ямар үйл ажиллагаа явуулах талаар товч төлөвлөгөөг үндэслэн Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар томилно.
  4. Төлөөлөгч нь тухайн төлөөлөн суугаа байгууллагынхаа тухай мэдээлэл өгөөгүй, өөрийн үйл ажиллагааг удаа дараа тайлагнаагүй болон МБОИЗ-ийн дүрэм, Ёс зүйн журамд харшлах үйлдэл хийсэн бол түүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татна. Эгүүлэн татах шийдвэрийг Тэргүүн санал оруулж Удирдах зөвлөлийн олонхоор баталгаажуулна

Төлөөлөгчийн үүрэг, эрх

  1. Төлөөлөгч нь МБОИЗ-ийн дүрэмд заасны дагуу ажиллана.
  2. Тухайн байгууллагаас нийгэмд хандан явуулж буй үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэр, МБОИЗ-ийн оролцооны  талаар  тухай бүр шуурхай мэдээлэл бэлтгэн ажлын албанд ирүүлж байгууллагын цахим сүлжээ, сайт, сониноор дамжуулан нийт гишүүн байгууллагад мэдээлэл түгээх, холбож ажиллах үүрэг хүлээнэ.
  3. Төлөөлж буй байгууллагын үйл ажиллагаа, өөрийн оролцоо, МБОИЗ-ийг төлөөлөн ямар чухал шийдвэрт яаж оролцсон тухайгаа 7 хоногийн дотор ажлын албаар дамжуулан олон нийтэд мэдээллээ түгээн, Удирдах зөвлөлд тайлагнана.
  4. Байгаль орчин, олон нийтэд онц хохиролтой болон нийтийн анхаарлыг ихэд татсан асуудлаар төлөөлөн суугаа байгууллагатайгаа харилцахдаа Удирдах зөвлөлд урдчилан мэдэгдэж чиглэл авна.
  5. Төлөөлөгч төлөөлөн суугаа байгууллага, түүний зарим нэгэн үйл ажиллагаатай холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсвэл энэ тухайгаа Тэргүүнд нэн даруй мэдэгдэж хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөнө. Шаардлагатай бол төлөөллөөс сайн дураараа татгалзана.