Биологич, хөхтөн амьтан судлаач Нямсүрэнгийн Батсайхан: “Цөөхүүл мазаалайн генийн нүүдэл хийх боломжийг алтан “урсгал”-аар хаах нь”
Мазаалай Хималай, Памир, Тэнгэр уул, Алтайн уулсаар тархан амьдардаг бусад ойрын садан төрлөөс орон зай, цаг хугацааны туршид дэндүү тусгаарлагдсан “зожиг” нэгэн. Тэд Төв Азийн ангамал, хахир, чулуут цөлд орших Алтайн өвөр говийн хэдэн уулсын салбар, 20 гаруйхан задгай ус булаг шүтэн, маш цөөн 30 гаруй бодгаль, хэт сарнисан байршилтай, хүйсийн харьцаа дэндүү зөрүүтэй, жил бүрийн мэнд үлдэлт дунд зэрэг, генетик олон янз байдал, хувьсал нэн ядмаг, инбридинг (ойр садан төрлийн холбоотой бодгаль хоорондын үржил, манайхны хэлдэгээр цус ойртолт)-ийн үзүүлэлт их, бусад садан төрлөөс газар зүйн байршлаар маш тусгаар амьдардаг тавилантай хүрэн баавгайн салбар зүйл (McCarthy et al. 2009, Tumendemberel et al. 2015, Tumendemberel et al. 2019) юм. Дурдсан бүх сул талыг харгалзан, баавгай судлаач Т. Одбаяр (2020) мазаалайн энэ жижиг популяци мөхөх эрсдэл маш их хэмээн дүгнэжээ. “Говийн баавгай” олон улсын хамтарсан төслийн судлаачид 2015 оны хавар хиймэл дагуулын дохио дамжуулагч хүзүүвч зүүсэн гурван настай залуу эр бодгаль хоёр удаа улс төрийн хил давсан бөгөөд сүүлийн удаад БНХАУ-ын Тэнгэр уулын дорнод этгээдийн салбар уулсаар гурван сар гаруй хугацаанд саатаад, намар уугуул нутагтаа буцаж ирсэн нь тун сонирхолтой баримт. Түүний алс холын аялал хийн саатсан Тэнгэр уулын нутагд Хималайн хүрэн баавгайн салбар зүйл оршин амьдардаг (Smith & Xie, 2008) төдийгүй, Кыргызстан улсын нутагд хамаарах Тэнгэр уулсын өрнөд салбар уулсаар Хималайн хүрэн баавгайн 440 орчим бодгаль идээшин амьдардаг (Anarbaev et al., 2019) ажээ. Магад, энэ залуу эр мазаалайн шилжилт, хөдөлгөөний хэв маяг нь Шинжааны Тэнгэр уул, Монголын Говийн Тэнгэр уул (Оросын судлаачдын эх сурвалжид ийн нэрлэдэг) хооронд үржлээр дамжуулах генийн нүүдэл буюу урсгал (gene flow) оршдог байж болохын илэрхийлэл. Дээр дурдсан хүзүүвчтэй баавгайн хиймэл дагуулын мөшгөлтийн баттай нотолгооноос үзвэл, тусгаарлагдсан мазаалайн генийн нүүдлийн ганц боломжит холбоос газрыг (коридор) алтны хүдэр ачсан хүнд даацын автомашины цуваагаар эгнэгт хааж, ядмаг генетик бүтцээ тэтгэх, инбридинг буурах сүүлчийн найдлага алдрах бололтой…
Монголын бэлгэдэл болсон мазаалайг хайрлан хамгаалах тухайд төр засгийн төлөөлөл дарга нарын хэлж, ярьсан “шүлс нь хатаагүй” дээ. Мазаалайг генетик мөхлөөс аврах, генийн олон янз байдлыг тэтгэх ганц боломжит генийн нүүдэл, урсгалыг шар өнгөт металл ачсан цувааны урсгалаар хааж, олон улсын гэрээ, конвенцид нэгдэж, хүлээсэн үүргээ умартах нь Монгол улсыг мазаалай шиг тусгаарлаад, хамтын ажиллагааг зогсоож, ганцаардуулж мэдэх л юм.
Эрхэм улс төрчид, төр, засгийн шийдвэр гаргагчид аа, сайтар тунгааж, эргэцүүлж бодоорой!
Наран сэвстэйн боомтыг сэргээж, автозамыг ашиглаад, монгол улс юу хожиж, юуг алдах вэ?

Газрын зураг: БНХАУ-ын нутагд орших Тэнгэр уул тийш “зорчсон” мазаалайн он, сар, өдөр хиймэл дагуулын мөшгөлтийн дүр зураг. Эх сурвалж: мазаалай судлаач А. Баясгалан, “Говийн баавгай” төслийн баг


