МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Биологийн ухааны доктор Ж.Оюунмаа: Говьд яваа тэмдэглэл-1

НАРАНСЭВСТЭЙН БООМТ БА ИХ ГОВИЙН ДАРХАН ГАЗАР

Нарансэвстэйн Боомт нээхээр 600 гаруй км зам тавихаас 300 гаруй км -ыг нь Их говийн дархан цаазат газрын зарим хэсгийг хамгаалалтаас гарган тавихаар Ардчилсан намын бүлэг шийдвэр гаргах гэж байгааг гайхаж, МБОИЗ-ийн гишүүд тус замыг тавих газрыг нүдээр үзэхээр шийдэж, аян замын дундаа ороод байна.

Төсөл санаачлагчдын “Эдийн засгийн ямар ч ашиггүй нүцгэн цөл” гээд байгаа энэ нутаг нь Төв Азийн хувьд хосгүй, давтагдашгүй, цор ганц экосистём болохынхоо хувьд 1975 онд Дархан газрын статусаар хамгаалжээ.

Энэ нутаг нь Монголчуудын үлгэр домог мэт сонсож, очиж үзэх юмсан хэмээх мөрөөдөлд хөтөлсөн Алтайн цаадахь говь бөгөөд дэлхийн өөр хаана ч байхгүй мазаалай баавгай, Монголд ховор хавтгай, бөхөн, хар сүүлт, янгир, аргаль гэх мэт том амьтдын өлгий нутаг аж.

Амьдрал үүслийн эхлэл нутаг тул эрт үёд ноёрхож байгаад үлдэж хоцорсон 8 зүйл унаган, Монгол улсын Улаан номд орсон 14 зүйлийн ургамалтай бөгөөд нийтдээ 442 ургамал зүйл бүтгэгджээ.

Аяллын замд бидэнд бахархал, харамсал зэрэгцэж явна.

1. Нүцгэн цөл, сарны гадаргуу шиг үхмэл орон гээд байгаа энэ нутагт намар оройтож, амьдрал өрнүүн бна. 480 км хол явахад 90%-д хувьд нь заган ой, тармаг заган ой, бусад хэсэгт сухай, тооройн төгөл, улаан бударгана хармагийн бут бүхий дов довон үргэлжилж, намар ч зунаараа мэт ногоон, улаан, шар олон өнгө үзүүлэн нүд сэтгэл баясгана.

2. Зам тавихаар төлөвлөсөн зурвасын дагуу хэд хэдэн баянбүрд буюу говийн амьдралыг тэтгэгч ус булаг оргилон, мэлтийж бна. Баянбүрдэд ирсэн хар сүүлт, хулан, хавтгайн шинэхэн мөр, мэрэгч, мөлхөгчдийн нүх ч энд тэндгүй аж. Ул мөрийг нь хараад ховор сонин амьтадтайгаа уулзсан юм шиг баярлаж, амгалан тайван байгаад нь сэтгэл амарч байлаа.

3. 22 жилийн өмнө явсан гинжит тракторын мөр өнөө хүртэл шинээрээ байгааг хараад бидний ул мөр энэ цөл нутагт хэрхэн нөлөө үзүүлдгийг харлаа.

4. Говийн хөрсийг хучин байгаа жижиг дайрга, хар өнгийн хайрган чулуун дороос л шар шаварлаг хөрс ил гаран, машин ганц удаа явахад л Хангай нутагт хэдэн арван жил давтан явж, элдэншчихсэн газраас илүү нарийн ширхэгт тоос, тоосонцор босох нь эндэхийн хөрс ямар эмзгийг илэрхийлнэ. Мөн хөрсийг хучин байгаа эндэхийн хайрга чулуу ямар үнэ цэнэтэйг мэдэрнэ.

Энэ бүхнээс төрсөн бодол бол Их говийн үзэсгэлэнт, ховор экосистёмийг дархан чигээр нь хамгаалж, хүн төрөлтнөөс өршөөл эрэн байгаа ховор амьтан, ургамал, баянбүрд, гёологийн өвөрмөц тогтоц бүхий уул толгод нутгаа хамгаалах хэрэгтэй юм байна гэсэн хатуу дүгнэлт юм. Учир нь:

1. Зам тавихаар тэнд байгаа зэрлэг амьтдын нүүдэл шилжилт саатаж, амьдрах орчин хуваагдан, одоогийн цагаан зээр шиг л цөөрсөөр ховордож устах нь мэдээжийн асуудал.

2. Говийн хөрсийг тогтоон барьж байгаа заган ой, бударгана, хармаг, сухайн бут устаж, элсний нүүлт эрчимжинэ. Шар шороон шуурганаас хамгаалж байгаа уяа сойлгыг сул тавьж байна гэсэн үг.

3. Монгол улсын газар нутгийн 75% нь цөлжсөн юм бол энэ цөлжилт эрчимжиж, хангай руугаа хойшлон, ногоон шилжилт хийх гэж амлаад байгаа Монгол улсын засгийн газрын бодлого алдагдана.

4. Уур амьсгалын өөрчлөлт боллоо гээд БОУАӨ-ийн яам байгуулчихаад байгаа мөртөө тогтвортой экосистёмээ устгачихаад Дэлхийд, гайхуулаад, дэлхийгээс тусламж гуйгаад явах хэрэггүй ажээ.

5. Нарансэвстэйгээр шинээр боомт нээж байхаар одоо байгаа Бургастайн хуучин, шинэ боомтоо хөгжүүлээд худалдаа наймаагаа хийх боломж дүүрэн бна. Энэ боомт нь зөвхөн Алтайн хүдэр компаний төмрийн хүдрийг боловсруулалгүйгээр нь урагш зөөхөд зориулагдсан боомт ажээ. Одоо нутгийн цөөн иргэд үүгээр гардаг ч 30 жил хөгжүүлэлгүй өрөвдөм төрхтэй байна.

6. Улсын хилийн зурвасаар 400 гаруй км зам тавихад Монгол улсын хил, гаалийн хүчин чадал юу билээ. Бидэнтэй худалдаа наймаа хийх гэсэн Урд хөршийн иргэдийг, бас өөрсдийгөө хянаж чадах уу. Монгол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд ямар аюул нүүрлэхэв. Одоо хэдэн зуун км зайтай тортой, эзгүй хилтэй байж, эзлэгдчих гээд байгаа улс шүү дээ.

7. Энэ боомт нь шуудхан хэлэхэд уурхайн баялгаа түүхийгээр гадагш нь урсгах хаалга болох гэж байна гэдгийг зоригтойгоор сануулан хэлж байна.

You May Have Missed