АМ НЭЭВЭЛ…
Ам нээвэл…” ярилцлагын энэ удаагийн зочноор МУСГЗ, сэтгүүлч Б.Галаарид оролцлоо. “Монголын төдийгүй дэлхийн улаан номонд орсон нэн ховор 400 гаруй төрлийн амьтан ургамал байдаг Говийн их дархан цаазат газрыг “Дэлхийн шим мандлын нөөц”-д бүртгэсэн. Гэтэл тэнд Нарансэвстэйн боомт нээх асуудал яригдаж байгааг эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид, нутгийн иргэд эсэргүүцэж байна. Үнэхээр эдийн засгийн коридор байгуулна гэвэл заавал Говийн их дархан цаазат газарт боомт шинээр нээх биш, хоёр талд нь ойрхон байгаа Бургастай, Шивээхүрэнгийн боомтыг ашиглах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл Бургастайн боомтоос Говь-Алтай аймгийн Алтай хот хүртэл 320 км замаар шууд холбох боломж байхад Нарансэвстэйгээс Алтай хот хүртэл 640 км зам барих, тэр дундаа Говийн дархан цаазат газраар 300 км зам барих гэж зүтгүүлэх нь эдийн засгийн үр ашиггүйгээс гадна байгаль экологийн сүйрэл авчрах юм. Ялангуяа тэр зам нь мазаалай, хавтгай гэх зэрэг нэн ховор амьтдын тархан нутагласан газраар яг дайран өнгөрөхөөр байна. Ингэж дархан цаазат газраар боомт нээх нь цаанаа “Талын мэлтэс”, “Хатан суудал” гэсэн хоёр уурхайг ухахын тулд “дархан цаазат газраас гаргах” гэсэн бүлэглэлийн ашиг сонирхолтой холбоотой явж ирсэн. Одоо бүр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орчихсон нь харамсалтай. Хэрэвзээ дэлхийн шим мандлын нөөцөд бүртгэлтэй дархан цаазат газарт зам барьж, уурхай ашиглах юм бол Монгол улс олон улсын өмнө шившиг болно. Тэгээд ч “Нарансэвстэйн боомтыг нээх нь эдийн засгийн үр ашиггүй, байгаль экологит ноцтой хохирол учруулна” хэмээн ЗГ, УИХ-аас хориглосон тогтоол 20-иод жилийн өмнө гаргасан байдаг. Тиймээс шинэ УИХ энэ асуудлаар үнэн зөв шийдвэр гаргана гэж найдаж байна.”


