Харангадсан говь руу хангайн усыг татах цаг болжээ

Говь гэмээ нь говь билээ,

Говь үнэндээ Гол мөрөн үгүй билээ... Дуусашгүй их баялгийн, Дундаршгүй арвин орд билээ...

Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайн хагас зуун жилийн өмнө бичсэн “Говь” шүлэг өнөө цаг дор утга, үнэ цэнээ улам бүр харуулж байх шиг.

Өмнийн говийн хамгийн том нь болох Галбын говьд дэлхийд нөөцөөрөө тэргүүлэгч Оюу толгой, Тавантолгойн ордууд бий! Монголын эдийн засгийг нуруундаа үүрч, нийт экспортын 80 хувийг эзэлж байгаа зэс нүүрсний олборлолт чухам энд л явагдана.

Гэхдээ бидний энд дурдах гол зүйл нь эдийн засгийн гол хөдөлгөгч болсон зэс, нүүрс биш, экологийн гол хүчин болсон “шингэн алт” байх юм. Шүлэгт гардагчлан говьд үнэхээр гол мөрөн байхгүй! Нөөцөөрөө, нөхөн сэргэлтээрээ сүүл мушгидаг ганц зүйл нь УС!

Монгол орны ашиглаж болох боломжит усны нийт нөөц 34.6 км куб, үүний 70 гаруй хувийг гадаргын, 30 хүрэхгүй хувийг газрын доорх ус тус тус эзэлдэг. Гэвч манай орны нийт нутаг дэвсгэрийн ихэнх талыг эзэлдэг говь, хээрийн бүсэд гадаргын усны сүлжээ бараг байхгүйгээс газрын доорхи усны багахан нөөцөөс нийт ус хэрэглээний 80 хувийг хангадаг нь анхааралдаа авах асуудал мөнөөсөө мөн.

Говьд 3-4 дахин бага хур тунадас буудаг!

Монгол Улс усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 121 дүгээрт бичигдэж, 2040 он гэхэд усны хомсдолд орох улсуудын жагсаалтад багтжээ. Энэ дундаа говийн усны нөөц хэрэглээ анхаарал татсан амин чухал болоод байна!

Хангайн бүс нутагт  гадаргын болон газар доорх усны нөөцийн ихэнх хэсэг агуулагддаг, усны нөөцийн нөхөн сэлбэгдэх чадавхи өндөр байдаг. Тодруулбал, Туул, Хараа, Сэлэнгэ, Орхон, Хэрлэн  голын хөндийн дагуух газар доорх усны томоохон ордууд байх бөгөөд хур тунадсын хэмжээ их, ус нөхөн сэлбэгдэх өндөр чадамжтай. 

Харин говийн бүсэд гадаргын ус байхгүйгээс гадна хур тунадсын хэмжээ бага. Дээр нь нэмээд агаарын хэмээс шалтгаалан ууршилт өндөр байдаг нь газар доорх усны ордуудыг нөхөн сэлбэгдэх чадвар муутай болгодог.

                         Усны ассоциацийн тэргүүн Д.Батмөнхийн хийсэн судалгааны тайлан.

Ерөнхийдөө Монгол Улсын хувьд жилийн хур тунадасны 70-90 хувь нь агаарт ууршиж, үлдсэн нь газрын доорх ус ба гол мөрний урсацыг сэлбэдэг тооцоо бий. Олон жилийн дунджаар Хангай, Хөвсгөл, Хэнтийн бүсэд 350 мм-ээс дээш хур тунадас буудаг бол Говийн бүсэд 50-100 мм хур тунадас бууж байгаа нь усны нөөцийн хувьд асар хол зөрүүг бий болгожээ.

Зэрэглээтэн харагдах УС

Өнгөрсөн долоо хоногт Ханбогд суманд Галба-Өөш, Долоодын говийн сав газрын зөвлөлийн гуравдугаар хуралдаан болов. Хуралдаанаар тус зөвлөлийн өнгөрсөн оны ажлын тайлан, уст цэгийн тооллогын тайлан, Ганга нуурын өнөөгийн байдал, Орхон голд урсацын тохируулга бүхий ус хуримтуулах сан байгуулах төсөл зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Говийн бүсийн усны хэрэглээ уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлөөс хамааран өсөн нэмэгдэж, усны нөөцийн хомсдолд орохоор байгаа нь тус сав газрын зөвлөлийн хуралдааны гол асуудал байсаар иржээ. Хэрэв говийн усны нөөцийг урт удаан хугацаанд тасралтгүй ашиглах бол усны түвшин нь буурах, шавхагдах эрсдэлтэй, усны ууршилт өндөртэйг салбарынхан хэлж байлаа. Ийм  эрсдэл нь цаашид бүс нутгийн хэмжээнд хуурайшилт бий болох, цөлжих аюулыг дагуулна хэмээн судлаачид хэлж буй. Энэ бүс дэх усны ордуудыг ашиглах нь маш эмзэг, бүс нутгийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудалд хүргэнэ. 

Иймээс говийн бүсийн газар доорх усны ордын  усны нөхөн сэлбэгдэх бодит боломж, тэжээмжид  тулгуурлан  ашиглах бодлого явуулах, үүний тулд иж бүрэн судалгааны ажил явуулах шаардлагатай байгаа юм.

Харин зөвлөлийн хуралдааны үеэр “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл”-ийг танилцуулсан нь говийнхны зүүдэнд л зэрэглээтэн харагдах усыг нутагт нь авчрах нэгэн найдвар төрүүлэв.

Галбын говьд гадаргын ус байхгүй, гүний усны нөөц бага, жилд унах хур тунадсын хэмжээ бага, гүний усны нөхөн сэлбэх чадвар муугаас гадна усны эрдэсжилт хатуулаг өндөртэй, ундны усанд ашиглахад тохиромжгүй зэрэг шинж чанартайг усны салбарынхан дуу нэгтэй хэлдэг.

                                             /Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн судалгаа/

Нөгөөтэйгүүр, уул уурхай болон бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хөгжлийг дагаад усны хэрэглээ говийн бүст маш эрчимтэй өссөөр байгаа нь гол асуудал. 2030 он гэхэд ус хэрэглээний хэтийн төлөв хонот 195 мянган м.куб хүрэхээр байгаа бол Галбын говийн тооцоологдсон усны нөөц хоногт 144 мянган м.куб байгаа юм. Эл судалгаанаас харахад 2030 он гэхэд Галбын говийн бүс өдөртөө 51 мянга м.куб усны хэрэглээ дутагдахаар байна.

Тиймээс харангадсан говь руу хангайн усыг татах асуудлыг 1985 оны үед Унгар, Монгол, Оросын гурван талын эрдэмтэд хөндөж, “Монголын усны нөөцийг нэгдмэлээр ашиглах ерөнхий схем” гэсэн бичиг баримтыг боловсруулсан байдаг. Тэр схемээр Туул, Хэрлэн, Орхон голд усан сан байгуулах санаачлага гаргаж байсан. Харин Хэрлэн голын орчимд усан сан барих саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцээд дэмжлэг авалгүй “унасан” байдаг. Харин 2002 оноос хойш Орхон гол дээр усан сан байгуулах тухай эрчимтэй яригдаж эхэлсэн бөгөөд одоогийн төслөөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт нэг газрыг сонгоод түүндээ усан сан үүсгэхээр төлөвлөсөн аж. Орхон гол дээр усан сан бий болгосны дараа тэр усаа говь руу татаж болох уу гэсэн тооцооллыг хийж байгаа нь хамгийн чухал асуудал!

Усан сан байгуулснаар Орхон голын урсацад хэрхэн нөлөөлөх вэ, голын урсгалыг боох уу гэсэн асуулт яалт ч үгүй төрнө. Усан сан байгуулахдаа Орхон голын урсацыг боож таслахгүйгээр чөлөөтэй урсгах бөгөөд зөвхөн хаврын шар усны үер болон хуртай зуны үерлэсэн усыг л усан санд төвлөрүүлэх юм байна. Зүйрлэж хэлбэл “харганы ноосыг түүж эсгий хийх”-тэй адилаар зөвхөн гол үерлэсэн тохиолдолд үерийн усыг усан санд төвлөрүүлэх аж.

Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар Орхон-Говь төслийг хэрэгжүүлснээр:

          - Голын өөрийнх нь экологийн тэнцвэрт байдал бий болно.

          - Даланзадгад, Мандалговь хотуудын ус хангамжийн асуудал шийдэгдэнэ.

          - Оюу Толгой, Таван Толгойн томоохон 2 уурхайн ус хангамж сайжирна.

          - Нийт 50 мянган хүн ам бүхий 8 сумын төвийн ус хангамж бүрэн шийдэгдэнэ.

           - 25 МВт суурилагдсан хүчин чадалтай Усан Цахилгаан Станц баригдана.

           - Ус гаргалгааны 50 цэг байгуулах замаар нийт 100 мянган га талбай усжуулах, 135 мянган мал усаар хангах боломж бүрдэх бөгөөд бүс нутгийн эдийн засгийг тогтворжуулах, хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх, суурин амьдралд шилжихэд тус дөхөм болно.

Уул уурхайн тэсрэлтийн өнөө цаг үед энэхүү төслийг шийдвэрлэж чадвал говийн хүн амаа найдвартай цэвэр усаар хангаад зогсохгүй Монголыг тэжээж байгаа уул уурхайн ордуудыг усаар хангаж чадах нь нэг сумаар хоёр туулай буудах боломж гэж харагдаж байна.

Б.Бат-Эрдэнэ