МБОИЗ-ийн гишүүн "Туулын хар шугуй" ТББ-ыг байгаль хамгаалагчийн хувцас хэрэгсэлээр хангав.

З.Доржпалам тэргүүтэй “Туулын хар шугуй” ТББ-ын гишүүд 2002 оноос эхлэн Туул голын дагуу Нисэхийн хар тохой, Сонсголонгийн гүүрнээс эхлэн Сонгины дээд ам хүртэл сайн дураараа хамгаалалтын үйл ажиллагаа явуулж, өөрсдийнхөө хөрөнгөөр нөхөн сэргээлт хийж ирсэн бөгөөд  2012 онд Туулын тохойд нөхөн сэргээлт хийсэн нь сайн туршлага болсон билээ. Уг ажлыг 2014 онд Нийслэлийн ногоон хөгжлийн газар, БОАЖЯ, МБОИЗ-ийн хяналт мониторингийн хамтарсан баг тарьц суулгацуудын тоо төрөл, талбай, арчилж ургуулсан ажлын үр дүнд хяналт үнэлгээ хийж, дүгнэлт гарган үр дүнг баталгаажуулсан юм. 

Туулын тохой орчмоор жил бүр барилга, замын ажил өрнөх үеэр барилгын хог хаягдал хаях ноцтой зөрчил гардаг. Нэр бүхий компаниуд энэ сарын 5-наас эхлэн Туул голын хамгаалалтын бүс буюу Сонсголонгийн гүүрний орчимд их хэмжээний барилгын хог асгах болжээ. Шөнө, дөлөөр хүний нүднээс далдуур үйл ажиллагаа явуулж буй, байгаль орчны хууль журмын эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэгчид, байгаль орчин бохирдуулагчдын үйл ажиллагааг "Туулын хар шугуй" ТББ-ынхан гэрэл зургаар баримтжуулж, бичлэг хийн газар дээр нь сануулах арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгч, мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийн мөрөөр холбогдох байгууллагууд арга хэмжээ авч эхэллээ.

З.Доржпалам тэргүүтэй “Туулын хар шугуй” ТББ-ын төлөөллийг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар болон Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар нар хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал:

“Байгаль орчноо хянах, хамгаалах талаар хамгийн шуурхай ажилладаг, үнэн зөв мэдээллийг цаг алдахгүй баримтжуулж авдаг, хянаж чаддаг, мэдээлэх, таслан зогсоох арга хэмжээг олон талын оролцоотой хангаж чаддаг  субьект нь тухайн нутаг орноо маш сайн мэддэг, тогтвортой суурьшиж амьдардаг иргэд өөрсдөө байдаг.

Тиймээс Та бүхний баримтжуулсан мэдээ мэдээллийн дагуу хүрээлэн буй орчноо хамгаалах асуудлаар түншилж хамтран ажиллахад таатай байх болно.

Бид хамтдаа хууль журмын хэрэгжилтийг хангах, иргэд олон нийтийн дадал хандлагыг өөрчлөх, аж ахуйн нэгжүүдэд компанийн нийгмийн хариуцлагыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх ажилд нөлөөлж богино хугацаанд үр дүн гаргаж ажиллаж чадна, Та бүхэн маш сайн ажилласаар ирсэн, баяр хүргэе хэмээн тус байгууллагын гишүүд, иргэдэд сайн дурын байгаль хамгаалагчийн үнэмлэх гардуулсан юм.

Мөн БОАЖЯ-наас тус ТББ-ын Тэргүүн З.Доржпаламд Туулын тохой орчимд эргүүл хийхэд ашиглах, мотоцикл, байгаль хамгаалагчийн дүрэмт хувцас, тэмдэг, хэрэгсэлээр хангаж байгааг цохон тэмдэглэж,  энэ бүхнийг газар дээр нь аваачиж гардуулах шийдвэр гаргаж байгаагаа дуулгав.

Энэ үеэр Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар Сонсголонгийн гүүрнээс доош, Хар тохой хүрэх замд  газар дээр нь ажилласан мониторингийн талаар танилцуулав. Тэрээр:

Туул голын сав газрын захиргаа болон "Туулын хар шугуй" ТББ-ын баримтжуулсан мэдээлэлд үндэслэн холбогдох аж ахуйн нэгжүүдэд хууль журмын хүрээнд холбогдох арга хэмжээг авах болно. Торгууль шийтгэврийн орлогын 15%-ийг тус ТББ-д олгоно.

Дөнгөж сая батлагдсан "Хог хаягдлын тухай" хуулиар Цагдааг эрх мэдэлжүүлсэн байгаа. Иргэн Та байгаль орчны хууль журмын эсрэг гэмт хэргийг  баримтжуулахын зэрэгцээ хамгийн ойр байгаа цагдаад мэдээлэл өгч дуудлага хийгээрэй.

Цагдаагийн ажилтанд байдаг шийтгэврийн хуудсаар байгаль орчны хууль журмын эсрэг зөрчилтэй газар дээр шууд торгууль тавьдаг болсон.

Хамгийн доод тал нь "иргэнийг 30 000 төгрөгААН-ийг 5 000 000 төгрөгөөр торгох эрхтэй" болсон. Энэ шийтгэвэрийн орлогын 15%-ийг иргэн, ТББ-д шууд олгодог механизм бий болж хуульчилагдсан шүү. БОАЖЯ энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тал дээр бүх талуудад мэдээлэл, сургалт, сурталчилгааг хийж эхэлж байна. Энэ хуулийн хэрэгжилтийг иргэн бүр ойлгож хэрэгжүүлэхэд хамтран ажиллаахыг хүсье гэв.

Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар:

2012-2014 онд энэ орчмыг тус сав газрын захиргаа албан ёсоор тэмдэгжүүлж, хог хаягдлыг 100% цэвэрлэсэн юм. Харамсалтай нь байнга эргүүл, хяналтын камер ажиллуулаад ч аж ахуйн нэгжүүдийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрч ирлээ.

Иргэн, аж ахуйн нэгж бохирдуулж хаядаг, төр өмнөөс нь хариуцлага хүлээж араас нь гүйж цэвэрлэсээр ирсэн. Иргэд олон нийт, аж ахуй эрхлэгчидийн  дадал хандлагыг өөрчилж, ухамсрыг сэрээх, хог хаягдалаа өөрийнхөө нүднээс далд хаядаг буруу зуршлыг таслан зогсоох ажилд олон талын оролцоо хэрэгтэй байна. Туул руу авч ирж, ил далд хаяж байгаа барилгын хог хаягдал дунд байгаль орчин, хүний эрүүл мэндэд нэн хортой аюултай хог хаягдал ч байна.

БОАЖЯ-аас Нийслэл болон Барилгын яаманд албан тоот хүргүүлж буулгаж байгаа барилгуудын нэр байршилыг яаралтай тогтоож, хог хаягдлынх нь талаар шуурхай арга хэмжээг хамтарч авах шаардлагатай байна.  

Манай сав газартай "Туулын хар шугуй" ТББ шиг ажилладаг иргэд, ТББ олноороо хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Тууштай, олон жил тасралтгүй, жилийн 4 улиралын турш, сэтгэлээсээ, хамт олноо манлайлан чиглүүлж ажилласаар ирсэн З.Доржпаламд баяр хүргэе. Тус сав газрын захиргаа нь 18 мэргэжилтэнтэй ч Туулын сав газрыг дангаараа хянахад хүч дутагддаг тухайгаа дурьдаж, хууль журмын хүрээнд "Туулын хар шугуй" ТББ-д хяналт тавьж, хамгаалах хилийн зурвасыг нь зурагжуулан, арга зүйн зөвлөмжөөр хангаж хамтран ажиллах болно гэв.

З.Доржпалам тэргүүн “Туул гол орчимд  хайрга, дайрга олборлож байсан компаниудын хариуцлагагүй үйл  ажиллагаанаас болж Сонсголонгийн гүүрний орчим голын сав газар үлэмж хэмжээгээр сүйдсэн. Сүйдэлсэн газар дээр нь нэмж хог хаях үзэгдэл ойрын өдрүүдэд улам л эрчимжээд байгаа. Иргэнийхээ хувьд БОАЖЯ ТББ, иргэдийнхээ гомдол, саналыг хүлээн авч байгаад талархаж байна, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад Төр, иргэний нийгэм, иргэд олон нийттэй хамтран ажиллах нь илүү үр дүнтэй, далайцтай ажил болно гэдэгт итгэж байна" гэлээ. 

Дашрамд дурдахад, уг асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсгийн зүгээс Туул голын орчмыг бохирдуулсан дээрх үйл ажиллагааг таслан зогсоож, хог хаягдлыг цэвэрлэх, нөхөн сэргээлт хийлгэх арга хэмжээ авч ажиллах юм.