Г.Ариунбуян: Түймэрт 66508,3 га талбай өртөөд байна

Улсын онцгой комиссын хуралдааны өмнө Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян комиссын гишүүдэд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гарсан түймэр, Онцгой байдлын ерөнхий газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

Улсын хэмжээнд долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийслэлд 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 56 сумдад 128 удаа,  улсын хэмжээнд нийт 145 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 38821,3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 40 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 81 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 2599 албан хаагч, 272 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, хоёр автомашин, орон нутгаас 3720 иргэн, 387 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 6946 хүн, 696 автомашин, 55 мотоцикл, техник хэрэгсэл 161 морьтойгоор ажилласан.

Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Мухар гэдэг газарт түймрийг цурманд оруулсан.  Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад есөн түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд таван түймэр, Эрдэнэ суманд нэг, Булган аймгийн Сэлэнгэ, Гурванбулаг сумдад нэг нэг түймэр асч байна.

Эдгээр түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 351 алба хаагч, 27 автомашин, орон нутгаас 375 иргэн, 41 автомашин нийт 726 хүн, 68 автомашин ажиллаж байна. Мөн Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймгаас алба хаагчдийг нэмж татаж байна. Түүнчлэн автомашин техник хүрэлцэн очих боломжгүй Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан уул, Арцат уул, Ар матах уул зэрэг газруудад түймрийн 4-5 цэг илэрсэн.

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Онцгой байдлын яамны удирдлагуудтай холбогдож, түймэр унтраах ажиллагаанд агаараас түймэр унтраахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийн дагуу ОХУ-ын  Онцгой байдлын яам дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд Сибирийн мужийн онцгой байдлын газраас өнөөдөр хариу өгснөөр агаараас түймэр унтраах нөхцөл бүрдэнэ гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Онцгой комиссын гишүүдэд танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд үүрэг өгвөл Батлан хамгаалахын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчид түймэрт явахад бэлэн байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн онгоцыг ашиглах талаар тохиролцоонд хүрчээ. Эдгээр онгоц нэг удаагийн нислэгээр 1-2 тонн ус тээвэрлэн түймрийн голомтод цацах боломжтой гэдгийг холбогдох яам, газруудаас өнөөдөр Онцгой комиссын хуралд мэдээллээ. Гэхдээ эдгээр онгоц нь ил харааны онгоц учраас утаан дунд нисэх боломжгүй" гэв. Мөн Монголын Улаанзагалмай нийгэмлэг эхний ээлжинд найман сая төгрөгийн тусламж үзүүлэхээ илэрхийлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ