Хотын цэцэрлэгжүүлэлтэд МБОИЗ мэргэжлийн хяналт тавин ажиллаж байна

Нэгхэн зун үзэгдээд алга болдог цэцэг “тарьдаг” хэмээн нэг хэсэг шүүмжлүүлж байсан нийслэл хот маань энэ зунаас эхлэн зөвхөн цэцэг бус нийтийн эзэмшлийн ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ үүднээс ААН-үүдээр мод, бут сөөг тариулж усалгаа арчилгаа, цэвэрлэгээ хийн цэцэрлэгжүүлж байна.

Ногоон байгууламжийн арчилгааны технологийг мөрдүүлэхэд Монголын Байгаль орчны Иргэний зөвлөл (МБОИЗ)-өөс Х.Дэжидмаа, Э.Нямхүү, Г.Амарбаясгалан нарын экологич, ойжуулалтын инженер, агрономич оролцуулсан баг гарч мэргэжлийн хяналт тавьж зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт одоогийн байдлаар Махатма Гандийн гудамжинд гэхэд 80, Чингэлтэй дүүрэгт Анкарагийн гудамж, Бага тойрууд 90 гаруй нарс мод тус бүр суулгаад байна. Мөн АСЕМ-ын үеэр тарьсан мод, цэцэрлэгжүүлэлтийн арчилгаа тордолтод хяналт тавин ажиллаж байна.

Энд “Баялаг мод”, “Ашид Элбэг”, “Монгол Тохь”, “Байгалиа дээдэлье”, “Зуун хас”, “Таримал загийн төгөл” зэрэг арваад ААН, хот тохижилтийн газрууд оролцож, 13 гудамж талбайг хамарч байна.

Өнгөрсөн тавдугаар сарын 18-наас эхэлж арванхоёрдугаар сарын 15-нд дуусах ногоон байгууламжийн ажлыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба хариуцан зохион байгуулж байгаа юм. Гүйцэтгэгч ААН-үүд болон мэргэжлийн хяналт тавих МБОИЗ зэрэг байгууллагууд нээлттэй тендерт шалгарсан бөгөөд сар бүр тайлангаа тавин ажиллаж байна. 

                                                                                                  МБОИЗ-ийн ОНХМ-ийн ажилтан Б.БОЛД