МБОИЗ-ийн дүрэм

0
1332

Байгаль орчны ТББ-уудын Үндэсний чуулганы 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар шинэчлэн батлав.

 

“МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ” ТББ-ЫН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Төрийн бус байгууллагын нэр: “Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл”, товчилсон нэр “МБОИЗ”

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан, 11 дүгээр хороо,
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, 310 тоот

Утас: 70131400

Цахим хаяг: irgenii.zuwlul@gmail.com

Цахим хуудас: www.mecc.mn

1.2. МБОИЗ нь Байгаль орчны төрийн бус байгууллагуудын улсын анхдугаар зөвлөгөөнөөр 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

Хоёр. Нийтлэг үндэслэл

2.1. МБОИЗ нь Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ууд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

2.2. МБОИЗ нь гишүүнчлэлтэй, төв байгууллага бөгөөд, өөрийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах, чадавхижуулах, төрийн, төрийн бус болон бусад байгууллага, иргэдтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх, гишүүн ТББ-ын хүсэлтээр тэднийг төлөөлөх үндсэн чиг үүрэг хүлээнэ.

2.3. МБОИЗ нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын конвенц, Байгаль орчны багц хууль, хөтөлбөр, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаа явуулна.

2.4. МБОИЗ нь “Ёс зүйн дүрэм”-тэй байна.

Гурав. МБОИЗ-ийн эрх

3.1. МБОИЗ нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн туг, далбаа, сүлд дуу, бэлгэдэл, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банкинд харилцах данстай байна. Бэлгэдлийн утга санаа нь: Байгаль хамгаалахад иргэд олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх үйл явцыг зэрэгцээ таван хүний ногоон дүрсээр илэрхийлж дор нь “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” гэсэн нэрийн товчлол МБОИЗ гэсэн бичвэртэй байна.

3.2. МБОИЗ нь хэвлэмэл болон цахим мэдээллийн хэрэгсэлтэй байна. Мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

3.3. МБОИЗ нь “Ногоон од” одон, “Ногоон навч” медаль зэрэг шагналтай байна. Нэр дэвшүүлэх, шалгаруулах явцыг журмаар зохицуулна.

3.4. МБОИЗ нь итгэмжлэгдсэн “Элч дуучин”, “Элч тамирчин”-тай байж болно. Нэр дэвшүүлэх, шалгаруулах явцыг журмаар зохицуулна.

3.5. МБОИЗ-ын гишүүн байгууллагуудын дундаас ажил үйлсээрээ үндэсний хэмжээнд манлайлсан ТББ-ыг “Эко элч”-ээр шалгаруулж болно. Нэр дэвшүүлэх, шалгаруулах явцыг журмаар зохицуулна.

Дөрөв. МБОИЗ-ийн алсын хараа, эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл

4.1. Алсын хараа. Монгол улсад “Тогтвортой хөгжлийн бодлогыг” хэрэгжүүлэхэд төр засгийн үйл ажиллагаа, шийдвэрт нөлөөлөх, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалан өвлүүлэх,  иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, газар нутгийн бүрэн бүтэн байдал, байгаль хамгаалах ардын уламжлалаа хадгалах, Ногоон хөгжлийн бодлогыг дэмжих.

4.2. Эрхэм зорилго.  Байгаль орчныг хамгаалахад иргэний нийгмийн идэвхитэй оролцоо, олон талт, эрх тэгш түншлэл, хөндлөнгийн хүчтэй хяналтыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн төлөө эрх зүйн орчныг сайжруулахад нөлөөлөх, нийтийн эрх ашгийг хамгаалах.

4.3  МБОИЗ-ийн үйл ажиллагааны чиглэл:

4.3.1. Байгаль орчныг хамгаалахад ТББ, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах,

4.3.2. Байгаль хамгааллын олон улсын жишиг, шаардлага, хандлагыг төлөвшүүлэхэд үр дүнтэй нөлөөлөх,

4.3.3. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагааг таслан зогсоохыг зорих,

4.3.4. Байгаль орчны талаар төр, засгийн байгууллага, компанийн  нээлттэй байвал зохих мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох,

4.3.5. Хууль, тогтоомж, дүрэм, журам, шийдвэр болон тэдгээрийн  хэрэгжилтэд  хяналт тавих, сайжруулахад чиглэсэн нөлөөллийн ажиллагаа явуулах,

4.3.6. Байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжих, Төр, засгийн байгууллагуудтай харилцах иргэний нийгмийн эрх тэгш “Ногоон” түншлэлийг дэмжин хөгжүүлэх,

4.3.7. Төр, засгийн үйл ажиллагаа болон хөгжлийн хөтөлбөрүүдийг “Ногоон” хариуцлагатай болгоход нөлөөлөх төрийн бус байгууллага, иргэдийн хүчтэй хяналтын тогтолцоог бий болгох,

4.3.8. Гишүүн ТББ-ыг чадавхжуулах, мэргэшүүлэх, иргэдийн экологи, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх,

4.3.9. Байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулсан иргэд, байгууллагыг дэмжин урамшуулах, сурталчлах,

Тав. МБОИЗ, түүний салбар байгууллагын үйл ажиллагааны зарчим

5.1. Байгаль орчин, хүний эрхэд хохирол учруулах аливаа сөрөг нөлөө бүхий үйл ажиллагааг үл тэвчих

5.2. Сайн дурын гишүүнчлэлд суурилна.

5.3. Хүний эрх, нийгмийн шударга ёсыг дээдлэнэ.

5.4. Бие даан хараат бусаар ажиллана.

5.5. Хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлнэ.

5.6. Ил тод, нээлттэй байна.

5.7. Манлайллыг хөгжүүлэхэд үйлчилнэ.

5.8. Гишүүдийн оролцоо, олон ургальч үзэлд тулгуурлана.

5.9. Тэгш хамтын ажиллагаа, өргөн түншлэлийг хөгжүүлнэ.

5.10. Үл ялгаварлан, тэгш хандана.

5.11. Хүчирхийллийг үл дэмжинэ.

5.12. Ёс зүйтэй байж авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.

5.13. Эрх тэгш түншилж, эв нэгдэлтэй байна.

5.14. Тогтвортой, эерэг өөрчлөлтийн төлөө байна.

5.15. Нийтийн эрх, ашиг сонирхолд нийцсэн байна.

5.16. Улс төрөөс ангид байж аль нэг нам, бүлэг, хүчний эрх ашигт үйлчлэхгүй

Зургаа. МБОИЗ-ийн бүтэц, зохион байгуулалт

6.1.  МБОИЗ-ийн эрх барих дээд байгууллага нь 2 жилд нэг удаа хуралддаг Чуулган байна. Чуулган нь гишүүн байгууллагуудаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ. Сонгогдох төлөөлөгчдийн тоог Удирдах зөвлөл тогтооно. Чуулган сонгогдсон төлөөлөгчдийн ердийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.

6.2.  Шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. Үүнд:

6.2.1. Гишүүн байгууллагуудын ердийн олонхи санал гаргасан.

6.2.2. Удирдах зөвлөлийн гишүүдийн 80-аас дээш хувь санал гаргасан.

Долоо.Чуулганы бүрэн эрх

7.1. МБОИЗ-ийн дүрмийг баталж, нэмэлт өөрчлөлт оруулах,

7.2. МБОИЗ-ийн үйл ажиллагаа, УЗ, НП, Хяналтын хорооны тайланг хэлэлцэх,

7.3. МБОИЗ-ийн баримтлах бодлого,

7.4. Монгол улсын байгаль орчны төлөв байдал, байгаль хамгааллын үйл ажиллагааны талаар нэгдсэн дүгнэлт гаргах.

7.5. Чуулган нь асуудлыг ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

7.6. Чуулганаас гарах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

7.7. Чуулган хуралдаанаас тухайн чуулганд таслах эрхтэй ч сонгогдох шалгуурыг хангасан гишүүдээс нэр дэвшүүлэн, сонгууль явуулж  хамгийн олон санал авсан 9 хүнийг Удирдах Зөвлөлийн гишүүнээр баталгаажуулна.

Найм. Удирдах зөвлөл

8.1. Удирдах зөвлөл нийт 9 гишүүнтэй байна.

8.2. Удирдах зөвлөлийн хурлыг 2 сард нэгээс доошгүй удаа хийж, бүрэн тэмдэглэл хөтлөн, шийдвэрийг тогтоол хэлбэрээр гаргана.

8.3. Удирдах зөвлөлийн хурал нь Удирдах зөвлөлийн даргыг сонгохоос бусад тохиолдолд гишүүдийн ердийн олонхи (50% + 1) оролцсоноор хүчин төгөлдөр болно.

8.4. Хуралд хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүй гишүүн саналаа бичгээр болон цахим шуудангаар өгсөн тохиолдолд саналыг хүчинтэйд тооцно.

8.5. Удирдах зөвлөлийн хурлыг хүндэтгэх шалтгаангүйгээр 3-аас дээш удаа тасалсан бол гишүүнийг чөлөөлж тухайн чуулганаас нэр дэвшиж санал авсан дараагийн хүнийг Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар оруулан батална.

8.6. Удирдах зөвлөл асуудлыг ердийн олонхийн саналаар, санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

8.7. Удирдах зөвлөлийн хурлаар хувь хүний болон сонгуультай холбоотой бүх асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах хэлбэрээр шийдвэрлэнэ.

8.8. Хурлын тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр явуулж, гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гаргах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тусгана. Тайлбар гаргаж буй гишүүн тайлбараа бичгээр гаргаж гарын үсэг зурна. Хуралдааны тэмдэглэлийг төсөл байдлаар гаргаж хуралд оролцсон гишүүдэд уншуулж эцсийн хувилбарыг хадгална.

8.9. Ээлжит бус хурлыг Удирдах зөвлөлийн дарга эсвэл Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн саналаар зарлан хуралдуулж болно.

Ес. Удирдах зөвлөлийн эрх

9.1.  МБОИЗ-ийн дунд болон урт хугацааны стратегийн төлөвлөгөөг хэлэлцэж батлах, хэрэгжилтийг чиглүүлэх, хяналт тавих.

9.2. Гишүүн байгууллагуудын татварын хэмжээг тогтоох, өөрчлөх, санал тавьсан үед тайланг хэлэлцэх.

9.3.  МБОИЗ-ийн жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, төсвийг хэлэлцэж батлах, нэмэлт өөрчлөлт оруулах.

9.4. МБОИЗ-д шинээр элсэх, чөлөөлөгдөх гишүүн байгууллагын хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэх.

9.5. МБОИЗ-ийн чуулганыг тогтоосон журмын дагуу зарлах.

9.6. МБОИЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг батлах, хэрэгжүүлэх.

9.7. Удирдах зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болж орон гарсан тохиолдолд удирдах зөвлөлийн чөлөөлөгдсөн гишүүний оронд чуулганаар нэр дэвшиж, жагссан дараагийн хүнийг оруулан батлах.

9.8. Гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт, хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрх хэмжээ, МБОИЗ-ийг төлөөлөх эрх хэмжээг тогтоох.

9.9. Тэргүүн болон гүйцэтгэх захирлаас оруулсан саналыг үндэслэн ажлын албаны бүтэц, орон тоо, төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, биелэлтийг хянах, үнэлэх.

Арав. Удирдах зөвлөлийн үүрэг

10.1. Удирдах зөвлөл Тэргүүнээр дамжуулан ажлаа чуулганд тайлагнана.

10.2. Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх асуудлаар сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтад оролцохгүй. Хуралдаан даргалагч уг асуудлаар сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр нэг гишүүн даргална. Удирдах Зөвлөлийн хуралдааны дэг, хэлэлцэх асуудлыг журмаар зохицуулна.

10.3. Байгууллагын хөрөнгийн эс үүсвэрийг бий болгоно.

10.4. Гишүүн байгууллагуудаас гишүүддээ шагнал урамшуулалд тодорхойлох, гадаад дотоодын арга хэмжээнд оролцуулахаар тодорхойлсон саналыг хэлэлцэнэ.

10.5. МБОИЗ-ийн гишүүн байгууллага, Удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол түүнээс үүсэх хариуцлагыг МБОИЗ хүлээхгүй.

10.6. УЗ-ийн гишүүдийн ажил үүргийн хуваарь, хүлээх үүрэг хариуцлагыг журмаар зохицуулна.

Арван нэг. Удирдах Зөвлөлийн дарга буюу МБОИЗ-ийн тэргүүн

11.1. МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн даргыг МБОИЗ-ийн Тэргүүн гэж нэрлэнэ.

11.2. Удирдах зөвлөлийн дарга нь үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд (гэмт хэрэг зөрчилд холбогдож шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон, МБОИЗ-ийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, Удирдах зөвлөлийн олонхи түүнийг эгүүлэн татах хэрэгтэй гэж үзсэн) удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгуульт ажлаас нь чөлөөлнө. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн  тохиолдолд дүрмийн 8.5 дэх заалтыг үндэслэн  шийдвэрлэнэ.

11.3. Удирдах зөвлөлийн дарга нь нас барах эсвэл эрүүл мэндийн шалтгаан, өөр албан тушаалд томилогдох, удаан хугацаагаар гадаад, дотоодод томилолтоор ажиллах шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр татгалзах тохиолдолд удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгуульт ажлаас нь чөлөөлнө. Орон тоо гарсан үед дүрмийн 8.5 дэх заалтыг үндэслэн шийдвэрлэнэ.

11.4. Удирдах зөвлөлийн даргыг чуулганаас нэр дэвшүүлж сонгоно.

Арван хоёр. Удирдах Зөвлөлийн даргын эрх

12.1. МБОИЗ-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, бодлогыг тодорхойлж, стратеги төлөвлөгөөний талаар санал боловсруулж Удирдах зөвлөлд хэлэлцүүлэх, ажил хэрэг болгох.

12.2. Гүйцэтгэх захиралтай хамтран Удирдах зөвлөлийн хурлын товыг тогтоож, хурлаар хэлэлцэх асуудлыг төлөвлөж, гүйцэтгэлд хяналт тавих, хурлыг удирдах.

12.3. Хуралдааны чөлөө цагаар Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах

12.4. Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг өөрийн санаачлагаар зарлан хуралдуулах.

12.5. Гүйцэтгэх захирлын болон ажлын албаны ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, хяналт тавих.

12.6. МБОИЗ-ийн Санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зөв зохистой зарцуулалтад санаачлага гаргах, хяналт тавих.

12.7. Аль ч хороодын хуралдаанд оролцох, санал оруулах.

12.8. МБОИЗ-ийг гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх.

12.9. Хороодын дарга, УЗ-ийн гишүүний ажлыг үнэлж, УЗ-д оруулж шийдвэрлүүлэх

12.10. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Сайдын зөвлөлд МБОИЗ-ийг төлөөлөх эрхтэй. Тухайн хэлэлцэх асуудалтай холбоотойгоор Удирдах зөвлөлийн гишүүн оролцож болно.

Арван гурав. Удирдах Зөвлөлийн даргын үүрэг

13.1. Хяналтын хороог мэдээлэлтэй, хараат бус байх, ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангах.

13.2. Тодорхой асуудлаар бүрэн эрхээ Гүйцэтгэх захирал болон Удирдах зөвлөлийн бусад гишүүдэд шилжүүлэх.

13.3.  Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, түүний гүйцэтгэлд хяналт тавих.

Арван дөрөв. Удирдах Зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

14.1. Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараагийн чуулган хүртэл үргэлжлэх ба гишүүн нь 1-ээс илүү удаа улиран сонгогдохгүй.

14.2 Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах,

14.3. Дүрмийн зорилго, үйл ажиллагааны чиглэл бүхий асуудлаар Тэргүүнтэй зөвшилцөн МБОИЗ-ийн байр суурийг илэрхийлэх,

14.4. МБОИЗ-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

14.5. Ашиг сонирхлын зөрчилд хамаарах зүйлээр өөртөө болон байгууллагадаа МБОИЗ-өөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг авахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ сонирхлоор дэмжлэг авах бол УЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх ба ийм тохиолдолд дахин УЗ-ийн гишүүнээр сонгогдох эрхгүй.

14.6. Удирдах зөвлөлийн гишүүд нь бий болсон эсвэл байж болох сонирхлын зөрчлөө ил болгон жил бүр гарын үсэг зурж байна. Сонирхлын зөрчлийн бодлогыг журмаар зохицуулна.

14.7. Төрийн захиргааны төв байгууллагуудын Сайдын зөвлөл, ажлын хэсгүүд болон бусад байгууллагуудын УЗ, удирдлагын бүтцэд МБОИЗ-ийг төлөөлөх эрхтэй.

14.8. Сайдын зөвлөл болон бусад байгууллагуудын удирдах бүтцэд томилогдсон, сонгогдсон гишүүд тайлангаа жил бүр УЗ-д хэлэлцүүлж, нийтэд танилцуулна.

Арван тав. МБОИЗ–ийн хороо, салбар зөвлөл, ногоон парламент

15.1. МБОИЗ нь үйл ажиллагааныхаа чиглэлээр төрөлжсөн, байнгын ажиллагаатай гурван хороо байгуулж ажиллана. Үүнд:

1. Биологийн олон янз байдал,

2. Газар, газрын хэвлий, ус, агаар

3. Мэргэшил, сургалт, судалгаа, үнэлгээ, мониторинг, аудит, өмгөөлөл, нэхэмжлэл, мэдээлэл, сурталчилгаа

Хорооны үйл ажиллагааг журмаар зохицуулна. Шаардлагатай асуудлаар МБОИЗ-ийн Удирдах Зөвлөл дэд болон түр хороо байгуулан ажиллаж болно.

15.2. Хороо нь Гишүүн ТББ-уудыг төрийн зарим чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх чадавхтай болгож, мэргэшүүлэх зорилготой ажиллана.

15.3. МБОИЗ нь нийслэл, аймаг, дүүрэгт салбар зөвлөлтэй байж болно.

15.3.1. МБОИЗ-ийн салбар зөвлөлүүд МБОИЗ-ийн дүрмийн хүрээнд бие даасан үйл ажиллагаа явуулна.

15.3.2. Салбар зөвлөлүүд нь МБОИЗ-өөс гишүүн байгууллагын хувьд үйл ажиллагаагаа дэмжүүлэх, бүх төрлийн үйлчилгээ авах, санал санаачлага гаргах эрхтэй.

15.4     МБОИЗ нь дэргэдээ байгаль орчны “Ногоон парламент”-тай байж болно.

15.4.1. “Ногоон парламент”-ийн дарга нь МБОИЗ-ийн Тэргүүн байх бөгөөд ногоон парламентийн журмыг УЗ батлана.

15.4.2. “Ногоон парламент” нь Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомж, хөгжлийн бодлого, төсөл, хөтөлбөр нь ногоон хөгжлийн бодлого, олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүрэг амлалт, байгаль орчныг хамгаалах  зорилготой хэрхэн уялдаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч цаашид сайжруулах чиглэлээр санал боловсруулж, байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, бодлого, шийдвэрт тусгуулах нөлөөллийн үйл ажиллагаа явуулна.

15.5.  МБОИЗ-ийн гишүүн байгууллагууд үйл ажиллагааныхаа чиглэлээр эвсэл, холбоо, клуб, Эко буюу олон нийтийн цагдаагийн алба байгуулан нэгдэн ажиллаж болно.

15.6. МБОИЗ нь дэргэдээ мэргэжлийн байгууллагын гэрчилгээ олгох эрх бүхий, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг хянах үүрэгтэй Мэргэжлийн зөвлөл ажиллуулж болно. Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

15.7. МБОИЗ нь дэргэдээ Эрдэмтэд судлаачдын зөвлөл ажиллуулж болно. Эрдэмтдийн зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

15.8. МБОИЗ-ийг олон улсын болон дотоодын байгууллага, төсөл хөтөлбөр, хурал чуулганд төлөөлөх, сонгох, сонгогдох эрхийг аль нэг гишүүн байгууллагын төлөөлөгчид олгож болох бөгөөд үүнийг журмаар зохицуулна.

Арван зургаа. Хяналтын  Хороо

16.1.    МБОИЗ нь 5-н гишүүнтэй зөвхөн дотоод үйл ажиллагааг хянах үүрэг бүхий Хяналтын хороотой байна.

16.2. Хяналтын хорооны гишүүдийг чуулганы хуралдаанаас төлөөлөгчөөр сонгогдох шалгуурыг хангасан төлөөлөгчдөөс нэр дэвшүүлж сонгоно.

16.3.    Хяналтын Хорооны даргыг гишүүдийн хурлаас олонхийн саналаар сонгоно.

16.4.    Удирдах Зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх захирал, Ажлын албаны ажилтнууд, МБОИЗ-ийн дэргэдэх сан, хороо, Ногоон парламент зэрэг байгууллагын удирдлагууд Хяналтын хороонд сонгогдон ажиллаж болохгүй.

16.5.    Хяналтын хорооны эрх:

16.5.1. МБОИЗ-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах, шалгах, дүгнэлт гаргах, Хөндлөнгийн Аудитын байгууллагаар санхүүгийн болон үйл ажиллагааны дүгнэлт гаргуулах саналыг Удирдах зөвлөлд оруулах эрхтэй.

16.5.2. Хяналтын хорооны дарга эсвэл хяналтын хорооны гишүүн Удирдах зөвлөлийн хуралд  таслах эрхгүйгээр оролцох эрхтэй.

16.5.3. Хяналтын хороо нь хараат бусаар ажиллаж, Удирдах зөвлөлийн дарга, УЗ гишүүд, гүйцэтгэх захирал, ажлын албаны ажилтнууд, МБОИЗ-ийн гишүүн байгууллагуудын ёс зүйн асуудал, дүрмийн хэрэгжилтийн талаар зохих шалгалт явуулж санаачилгаараа хэлэлцэн, дүгнэлтээ чуулган болон Удирдах зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэрлүүлэх эрхтэй.

16.5.4. МБОИЗ-ийн Удирдах Зөвлөлийн болон ажлын албаны гаргасан шийдвэр нь хууль тогтоомж, дүрэмтэй нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

16.6.    Хяналтын хорооны үүрэг:

16.6.1. МБОИЗ-ийн дүрэм, Ёс зүйн дүрэм, бусад журмуудын хэрэгжилт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих  үүрэгтэй.

16.6.2. Хяналтын хороонд ирсэн МБОИЗ-ийн дотоод үйл ажиллагаа, гишүүнчлэл, ёс зүйтэй холбоотой аливаа асуудлыг 10 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэсэн байна.

16.7.    Хяналтын хорооны үйл ажиллагаа

16.7.1. Хяналтын хороо нь ээлжит болон ээлжит бус санхүүгийн шалгалт хийнэ. Шалгалтын хуваарийг Хяналтын хороо өөрөө баталж, Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх захиралд хүргүүлэх бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал нь хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулах бүх боломжийг хангана.

16.7.2. МБОИЗ-ийн Хяналтын хорооноос томилогдсон нэг гишүүн нь маргаантай, зөрчилтэй асуудлыг судлан хариу өгөх бөгөөд зайлшгүй хэлэлцэх шаардлагатай бол Хяналтын хорооны бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлнэ.

16.7.3. Хяналтын хорооны шийдвэрийг Удирдах Зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлнэ.

16.7.4. МБОИЗ-ийн гишүүнээс гаргасан өргөдөл, гомдол, саналыг заавал авч хэлэлцэнэ.

16.8. Хяналтын хороо нь эрх хэмжээнийхээ хүрээнд үйл ажиллагаа явуулах явцад болон явуулж дууссаны дараа ч байгууллага, хувь хүний нууцыг хуульд заасны дагуу чандлан хадгална.

16.9.    Хяналтын хорооны үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.

16.10. Хяналтын хорооны үйл ажиллагааны төсвийг тусад нь төлөвлөж Удирдах зөвлөлийн хурлаар батална.

Арван долоо. МБОИЗ-ийн гишүүн байгууллагын эрх үүрэг

17.1.  МБОИЗ нь гишүүн болон дэмжигч байгууллагатай байна.

Гишүүн байгууллага гэдэг нь: Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан, МБОИЗ-ийн дүрэм, Ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсөн, гишүүний татвараа бүрэн төлдөг ТББ байна.

Дэмжигч байгууллага гэдэг нь: МБОИЗ-ийн эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагаа, баримтлах зарчмыг дэмжигч гадаад дотоодын иргэд, байгууллагыг хэлнэ. Татвараа төлөөгүй гишүүн байгууллага нь тухайн жилдээ дэмжигч байгууллагад шилжинэ. Дэмжигчдийг МБОИЗ-ийн үйл ажиллагааг дэмжсэн, оруулсан хувь нэмрээр нь зэрэглэж “Нар”, “Сар”, “Од” дэмжигч гэсэн өргөмжлөл олгоно. Өргөмжлөл олгох шалгуурыг журмаар батална.

17.2     Гишүүн байгууллагын эрх

17.2.1. МБОИЗ-өөс явуулж буй бүх үйлчилгээнд хамрагдах,

17.2.2. МБОИЗ-ийн Удирдах зөвлөл болон Хяналтын хорооны гишүүнээр сонгох, сонгогдох,

17.2.3. МБОИЗ-ийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой санал шүүмжлэл гаргах, албан ёсоор хариу шаардан авах,

17.2.4. МБОИЗ–ийн үйл ажиллагааны болон санхүүгийн татвар төлсөн жилийнхээ тайлантай танилцах, мэдээлэл авах,

17.2.5. МБОИЗ-ийн чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрт оролцох, дотоод гадаадын арга хэмжээнд оролцох,

17.2.6.  МБОИЗ-ийн гишүүнээс гарах, дахин элсэх,

17.3. Гишүүн байгууллагын үүрэг

17.3.1. МБОИЗ-ийн үнэт зүйлсийг дээдэлж, ёс зүйн дүрэм, зарчмыг эрхэмлэн сахих,

17.3.2.  МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох, дэмжлэг үзүүлэх, санхүүжилтын эх үүсвэр бий болгох, татвараа бүрэн төлөх,

17.3.3. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийг мэдээлэх, холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтантай хамтран зогсоох,

17.3.4. МБОИЗ-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах,

17.3.5. МБОИЗ-ийн нэрийг хувийн зорилгоор, зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй байх,

17.3.6. Дүрмийг чанд сахиж эрхэм зорилго, зорилтуудын эсрэг үйл ажиллагаа явуулахгүй байх,

17.3.7. МБОИЗ-ийн гишүүнчлэлээс гарахдаа гишүүн ТББ-ын Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, өргөдлийг ажлын албанд хүргүүлж шийдвэрлүүлнэ. ТББ-ын Шийдвэрийг гишүүн байгууллагуудад нээлттэй мэдээлнэ.

17.4. МБОИЗ-ийн гишүүн байгууллага нь Ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд МБОИЗ-ийн гишүүнээс хасна. Гишүүнээс хасах асуудлыг журмаар зохицуулна.

17.5. Гишүүн байгууллага МБОИЗ-ийн дэмжлэгээр санхүүжилт авсан бол санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг ажлын албанд гаргаж өгнө.

Арван найм. Гүйцэтгэх захирал, эрх үүрэг

18.1. Гүйцэтгэх захирлыг Удирдах зөвлөлийн даргын санал болгосноор Удирдах Зөвлөлөөс томилно. Гүйцэтгэх захирлын ажиллах хугацаа, хариуцлагын хэмжээ, хязгаар, цалин, урамшууллыг гэрээгээр зохицуулна.

18.2.  Гүйцэтгэх захирлын эрх:

18.2.1. Ажлын албаа удирдан МБОИЗ-ийн өдөр тутмын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах

18.2.2 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд санхүүгийн эх сурвалж, нөөцийг захиран зарцуулах, жилийн төсөвийг төлөвлөх,

18.2.3. Ажлын албаны ажилтнуудыг сонгох, гэрээ байгуулан ажилд авах, чөлөөлөх,

18.2.4. Удирдах зөвлөл, даргад бодлогын чанартай санал тавих, стратегийн санаачлага гаргах,

18.2.5. Үйлчилж, зохицуулж буй гишүүн байгууллага, иргэдэд шуурхай үйлчлэх, тусалж дэмжих ажлыг зохион байгуулах.

18.2.6. Удирдах зөвлөлийн даргын зөвшөөрлөөр МБОИЗ-ийг дотоод, гадаадад төлөөлөх

18.2.7. Энэ дүрмийн 18.3.7 заалтыг хэрэгжүүлэх зорилгоор УЗ-ийн гишүүдээс сонгуульт ажлаа хэрхэн хэрэгжүүлж буй талаарх мэдээллийг шаардаж авах

18.2.8. Банк дахь дансуудтай харилцах, 1-р гарын үсэг зурах.

18.3. Гүйцэтгэх захирлын үүрэг:

18.3.1. МБОИЗ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг сар, улирал, жилээр боловсруулж, төсөл, хөтөлбөрүүдтэй зохицуулан, удирдан зохион байгуулж, үр дүнг үнэлэх,

18.3.2. Санхүүгийн эх сурвалж, нөөцийг тогтоох, олж авах.

18.3.3. Удирдах зөвлөл болон Удирдах зөвлөлийн даргыг мэдээллээр ханган ажлыг нь дэмжих, ажлаа уялдуулан зохицуулах.

18.3.4. Төр засаг, холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах, тэдний туслалцаа дэмжлэгийг авахад идэвх чармайлт гаргах.

18.3.5.  Гишүүн болон дэмжигч байгууллага иргэдийн мэдээллийн сан бүрдүүлж мэргэжил арга зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх, зарим шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах.

18.3.6.  Удирдах зөвлөлд улирал бүр МБОИЗ-ийн үйл ажиллагааны болон төсөвийн гүйцэтгэлийн явц, үр дүнг танилцуулах

18.3.7. УЗ-ийн гишүүд хэрхэн ажиллаж буй талаарх мэдээллээр гишүүдийг хангах

Арван ес. МБОИЗ-ийн Ажлын алба

19.1. Ажлын албаны ажилтнуудын ажил үүргийн хуваарийг Гүйцэтгэх захирал баталж мөрдүүлнэ.

19.2. Ажлын албаны орон тоо, төсөвийг Удирдах зөвлөлийн хурлаас баталсны дагуу Гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ.

19.3.  Ажлын алба нь Чуулган, Удирдах зөвлөл, хороод, Гүйцэтгэх удирдлагад үйлчилнэ.

19.4. МБОИЗ-ийн эрхэм зорилго болон зорилтуудтай үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллахад нь ажлын алба гишүүн ТББ-ыг чиглүүлэн дэмжлэг үзүүлэн, хяналт тавина.

Хорь. МБОИЗ-ийн хөрөнгө, санхүүжилт

20.1.  МБОИЗ-ийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

20.1.1. Гишүүн байгууллагын татвар, хандив

20.1.2. Дэмжигч байгууллагын хандив, дэмжлэг.

20.1.3. Дүрэмд нийцсэн үйл ажиллагаанаас олсон орлого,

20.1.4. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдсон санхүүжилт,

20.1.5.  МБОИЗ-ийн үйл ажиллагааны явцад бий болсон үндсэн хөрөнгө

20.2. Аливаа хандив, дэмжлэг нь Монгол улсын хууль, МБОИЗ-ийн үндсэн зарчмууд бусад холбогдох дүрэм журамд нийцсэн байна.

20.3. МБОИЗ-ийн үйл ажиллагааны явцад бий болсон үндсэн хөрөнгө нь МБОИЗ-ийн хөрөнгө юм.

20.4. МБОИЗ-ийн хөрөнгөнөөс ашиг хуваарилах, зээл олгох, хуулиар хориглосон зориулалтаар хандив өгөх, хөрөнгийн баталгаа гаргах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

20.5     Шаардлагатай үед санхүүгийн байдалд аудит оруулан дүгнэлт гаргуулна.

Хорин нэг. МБОИЗ-ийг татан буулгах

21.1. МБОИЗ-ийн эрх барих дээд байгууллага БОТББ-ын чуулганаас үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй гэж үзсэн тохиолдолд татан буулгах буюу бусад байгууллагатай нэгтгэх шийдвэр гаргана.

21.2. МБОИЗ нь татан буугдсан тохиолдолд хөрөнгийг “Төрийн бус байгууллагын тухай” хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here