Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2019 оны 06-р сарын 07-ны өдөр Төрийн ордны Их танхимд “Усны нөөцийг хамгалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан зэрэг салбарын сайд, удирдлагууд, усны салбарын мэргэжилтнүүд оролцлоо.
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэгийг нээж хэлсэн үгэндээ Судлаачид 2021 оноос 20 жил үргэлжлэх хур борооны татралтын мөчлөг эхлэхийг, үүнд дэлхийн дулаарлын нөлөөлөл ноцтой мэдрэгдэхийг урьдчилан мэдээлж байна.
Байгалийн баялаг усны нөөц ашигласны төлбөр ямар нэг хэлбэрээр хийгдэж байгаа ч зарим салбарт усны үнэ цэнийг ахиулах, төлбөрийг хуулийн дагуу зөв зарцуулах шаардлага чухал байна. 2018 оны байдлаар ус ашигласны төлбөрт 46.7 тэрбум төгрөг улс орон нутгийн төсөвт төвлөрсөн байна.
Цаашид бид цэвэр усны нөөц, хамгааллыг сайжруулахыг тулд хур тундасны усыг нөөцөлж, ус дахин ашиглах системыг олон улсын туршлагад нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай.
Энэ бүхнээс үзвэл Монголын онцлогт тохирсон Усны бодлогыг шинээр дэвшүүлэн гаргахгүй бол улс орны хөгжил, амьдралын чанарт эрсдэл авчрахаар нөхцөл бий болоод байна.Тиймээс усны бодлого, засаглалын асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч хэлэлцэх цаг нь болсон гэдгийг онцоллоо.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат илтгэл танилцуулсан бөгөөд Усны салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайн байгаа ч анхаарах олон асуудал бий. Усны асуудал зөвхөн БОАЖЯ-ны асуудал биш учир бүх яам агентлагын хамтын ажиллагаа чухал.
Цаашид Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах, Усны үндэсний хороог бэхжүүлэх, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтыг сайжруулах, Гадаргын усыг түлхүү хэрэглэх “Хөх Морь” төслийг хэрэгжүүлэх, Усны хяналт-шинжилгээний сүлжээг орчин үеийн дэвшитэд сүлжээг ашиглан өргөжүүлэхэд илүүтэй анхааран ажиллаж байгаа гэдгийг онцолсон юм.
“Усны нөөцийг хамгалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” хэлэлцүүлэгийн хүрээнд Монгол орны усны асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмж гаргаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар болов. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гарах зөвлөмжийг УИХ, Засгийн газарт танилцуулах юм.
Тус хэлэлцүүлэгт МБОИЗ-ийн Газар, газрын хэвлий, ус, агаарын хорооны гишүүн Төрийн бус байгууллагын 21 хүн оролцлоо.