УИХ-аас Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, баталсан. Уг хуульд 2012 онд татан буулгасан Усны агентлагийг сэргээн байгуулахаар тусгасан юм. Энэ талаар БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмартай ярилцлаа.

Усны агентлагийг 38 хүний орон  тоотойгоор байгуулна

-УИХ-аас Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар өмнө нь байсан Усны агентлагийг сэргээн байгуулахаар боллоо.  Агентлаг байгуулснаар усны нөөц, хэрэглээнд ямар ахиц дэвшил гарах вэ?

-Усны тухай хуулийг 2012 оны тавдугаар сард шинэчлэн баталсан. Наймдугаар сард Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа төсвийн хэмнэлт хийх нэрээр тухайн үеийн Усны агентлагийг татан буулгасан. Бид 2018 оноос судалгаа хийсний үндсэнд Усны агентлагийг байгуулах шаардлагатай гэж үзээд Усны тухай хуульд томоохон хоёр өөрчлөлтийг орууллаа. Үүнд нэгдүгээрт, Усны агентлаг байгуулахаар хуульд тусгасан. Уг агентлагийг байгуулснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөцийг судалж тогтоох, нэмэгдүүлэх, зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болох юм. Устай холбоотой байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг мэдээллээр хангах нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, 2015 онд татан буулгасан Усны үндэсний хороог  сэргээж, ҮАБЗ-ийн дэргэд Усны үндэсний зөвлөл байгуулахаар хуульчиллаа. Тус  зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд, нарийн бичгийн дарга нь БОАЖ-ын сайд байхаар тусгасан. Устай холбоотой харилцаанд олон яам, агентлаг оролцдог учир Ерөнхий сайдын дэргэд байлгаж асуудлыг шийдвэрлэнэ гэж үзсэн. Дэлхийн дулаарлын улмаас  олон улс, оронд  уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах шаардлага үүсээд байна. Нөгөө талаас  улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлын үндэс нь усны асуудал юм. Тиймээс усны сайн засаглал, зөв менежмент хийх тал руу дэлхийн улс, орнууд бодлого боловсруулж байгаа. Монгол Улс ч үүнээс ангид байх аргагүй тул усны зөв менежмент, сайн засаглалыг хэрэгжүүлэх шаардлага бидний өмнө тулгараад байна.

-Усны агентлагийг ямар бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулах вэ. Хөрөнгийг нь улсын төсөвт тусгасан уу?

-Агентлагийг 38 хүний орон тоотойгоор, 600 сая орчим төгрөгийн төсвөөр байгуулна. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа ямар нэгэн төсөв, орон тоог нэмэхгүй байх үүрэг хүлээсэн. Тиймээс Сангийн яамнаас БОАЖ-ын сайдын баталсан төсөв, орон тооны хязгаарт багтаан байгуулах чиглэл өгсөн. Манай яаманд усны асуудал хариуцсан 16 хүн ажиллаж байна. Мөн Монгол Улсын хэмжээнд 21 Сав газрын захиргаа бий. Яамны усны асуудал хариуцсан 16 хүн дээр Сав газрын захиргаа, Орчны бохирдлыг бууруулах ажлын албаныхнаас 38 хүний орон тоог бүрдүүлж ажиллуулахаар төлөвлөж байна.

-Агентлагийг хаана байрлуулах вэ?

-Усны хэрэг эрхлэх газрын өмнөх байранд усны асуудал хариуцдаг хэд хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс яаманд байрлах уу, бусад газар руу хуваарилах уу гэдгийг яамны удирдах түвшинд шийдвэрлэх байх.

-Усны  агентлаг нь усны нөөц тогтоох, нэмэгдүүлэх, зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэхээс гадна ямар чиг үүрэгтэй ажиллах вэ?

-Дээр дурдсан зорилгоос гадна Усны агентлаг нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн шийдвэр гаргах түвшний хүмүүсийг мэдээлэл, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллана. Мөн салбар дамнасан устай холбоотой бодлогын асуудлыг нэгдсэн нэг удирдлагад оруулна. Тодруулбал, бэлчээрийн усан хангамж, усалгаатай газар тариалангийн асуудлыг ХХААХҮЯ, хот суурингийн хүн амын усны асуудлыг БХБЯ, рашаан устай холбоотой асуудлыг Эрүүл мэндийн яам, уул, уурхайн ус хангамжийг УУХҮЯ тус тусын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж байна. Тухайн яамд зөвхөн салбарын бодлогын хүрээнд асуудлыг шийдвэрлэж байгааг улсын нэгдсэн бодлого, зохицуулалтад оруулах шаардлагатай байна. Түүнчлэн улсын хэмжээнд Монгол орны нутаг дэвсгэрийн хаана нь байгаа усыг юунд зориулж ашиглах, усныхаа нөөцийг хуримтлуулах вэ гэдгийг тогтооно. Ингэснээр улс орны эдийн засгийг яаж дэмжих вэ гэдэг асуудлыг тавина гэсэн үг. Үүнээс өмнө нэгдүгээрт, чанар, стандартын шаардлага хангасан баталгаатай, усаар хүн амаа хангана. Хоёрдугаарт, Монгол орны уламжлалт мал аж ахуй, газар тариаланг усаар хангана. Гуравдугаарт, үйлдвэр, уул уурхай, дулааны цахилгаан станцыг усаар хангах юм. Дөрөвдүгээрт, байгаль, экологийн тэнцвэрийг хангах усыг байгальд нь заавал үлдээнэ. Өөрөөр хэлбэл, ургамал, гол горхи, булаг шандыг хашиж хамгаална гэсэн үг. Тавдугаарт, усны сайн засаглал, зөв менежментийг хийж, ил тод болгоно гэж ойлгох хэрэгтэй.

-Хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ. Усны агентлагийг хэдий хугацаанд байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөв?

-УИХ-аас хуулийн төслийг баталчихлаа. Хуульд  Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ерөнхийлөгч хориг тавихгүй бол Төрийн мэдээлэлд хэвлэгдэж гарсны  дараа хуулийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.  Гэхдээ хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас бүтэц, дүрэм, журамд олон өөрчлөлтийг хийх ёстой. Тэдгээр дүрэм, журмыг энэ сард багтаан боловсруулахаар ажиллаж байна.

Орхон, Хэрлэн, Туулыг говь руу урсгах “Хөх морь” төсөл хэрэгжүүлнэ

-Манай улсын үйлдвэр, уурхайн газрууд газрын гүний усыг ашигладаг нь усны нөөц хомсдох гол шалтгаан болдог талаар иргэд хэлдэг. Энэ нь гадаргын усыг түлхүү ашиглах шаардлага бий болсныг харуулж байна л даа. БОАЖЯ-наас гадаргын усыг ашиглах, хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Манай яамнаас гадаргын усны нөөцийг хуримтлуулах чиглэлээр өнгөрсөн онд томоохон ажил хийсэн. “Орхон говь”, “Хэрлэн говь”, “Туул говь” зэрэг төслийг хэрэгжүүлэх талаар ярилцдаг. Бид устай холбоотой эдгээр төслийг нэгтгээд “Хөх морь”  хэмээн нэрлэсэн. “Хөх морь” төслийн хүрээнд Монгол орны томоохон 12 голын 33 байршилд усны нөөцийг хуримтлуулах боомт барих газрын урьдчилсан судалгааг хийгээд байна. Энэ жил улсын төсөвт усны салбарт зориулан хоёр тэрбум төгрөг тусгасан. Үүний хүрээнд Орхон, Онги голд судалгаа хийж байна.  Мөн УУХҮЯ усны асуудалд ихээхэн санаачилга гарган ажиллаж байна. Тухайлбал, өмнийн говьд үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компаниуд хөрөнгө, санхүүжилтийг нь шийдчихвэл “Хэрлэн говь” төслийн ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэнэ. Манай яамнаас ямартай ч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахын тулд усныхаа нөөцийг нэмэгдүүлж, хуримтлуулахаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг хийж байна. 2013 онд уг хуулийг баталснаас хойш хэрэгжүүлэлгүй олон жил боллоо. Тиймээс Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дахин батлуулсан. Одоо дагалдан гаргах журмыг ерөнхийд нь батлаад дуусч байна. Хууль тогтоомжийн тухай болон Бүх нийтээр дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Тэндээс хуулийн үндэслэлийг баталж өгсний дараа улс орон даяар хэрэгжүүлнэ.

-Уул, уурхайн ашиглалтад хэрэглэж буй  усны төлбөрийг хэрхэн нэмэгдүүлэх боломж бий юү?

-Усны үнийг 2005, 2009 онд нэмсэн байдаг. 2013 онд Засгийн газрын 326 дугаар тогтоолоор Усны нөөцийн төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх журам гаргасан. Энэ жил усны нөөцийн төлбөрийн хувь хэмжээ тухайн аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалтын орлогын хэдэн хувийг эзэлж байна, усны төлбөрийг нэмбэл бусад салбарын суурь үнэ тухайн аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлөх вэ гэдэг судалгааг хийж байна. Судалгаанаас усны нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх боломжтой нь харагдаж  байгаа.

-Гүний ус ашиглалт, харилцааг зохицуулах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд боловсруулсан. Хуульд уул уурхай, үйлдвэрийн газруудад гүний усыг ашиглуулахгүй байх талаар тусгасан байсан. Энэ талаар ямар бодлого барьж байна вэ?

-Монгол Улсын ус ашиглалтын балансыг энэ онд гаргахаар төлөвлөсөн. Улсын хэмжээнд жилд 570 орчим сая шоо метр ус ашиглаж байгаа. Энэ хэрэглээний 80 орчим хувь нь газрын доорх, 20 орчим хувь нь гадаргын ус байна гэж тооцсон.  Гэхдээ тооцоог 2000 оны үед гаргасан. Үүнээс хойш олон жил өнгөрсөн байна. Мөн усны бодит хэрэглээ зарцуулалт, ашиглалтын харьцаа өөрчлөгдсөн учир судалгаа хийх шаардлагатай. Монгол Улс өнөөдөр 80 гаруй сая толгой малтай, 400 гаруй мянган га талбайд тариа, ногоо тариалж байна. Үүний 11 хувь буюу 47.7 мянган га талбай нь усалгаатай газар тариалан. Нийт ус хэрэглээний 60 гаруй хувь нь газар тариалан, мал аж ахуйд хэрэглэж байна. Тэд дулааны улиралд гадаргын ус ашиглаж байгаа. Уул, уурхайн үйлдвэрүүд газрын доорх усыг ихэвчлэн ашиглаж байгаа бөгөөд нийт ус хэрэглээний 17 хувийг эзэлж байгаа. Тиймээс ашиглалтын балансыг  нь зөв тооцсоноор ус хэрэглээний хувийг нарийвчлан гаргана. Нөгөө талаас Монгол орны нийт усны нөөцийн хоёр хүрэхгүй хувийг эзэлдэг газрын доорх усаа бага ашиглах, гадаргын усыг түлхүү ашиглах бодлого баримталж байна. Улсын хэмжээнд жилдээ 46 орчим тэрбум төгрөг ус ашигласны төлбөрт төвлөрдөг. Үүний 35-аас доошгүй хувийг усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулна гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд газрын доорх усыг үйлдвэр, уул уурхайд ашиглуулахгүй гэж заасан. Энэ хуулийг баталбал олон үйлдвэр, уурхайн усыг хязгаарлах нөхцөл үүснэ. Өнөөдөр аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэр, уурхайн гадаргын усыг шийдээгүй байж гэнэт ийм шийдвэр гаргах нь улс орны эдийн засаг, нийгэмд хүнд цохилт болж магадгүй. Тэгэхээр үүнийг сайн судалж үзэх хэрэгтэй. Жишээ нь, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр Сэлэнгэ мөрний эрэг Ахай хошуу гэдэг газраас газрын гүний ус авч ашиглаж байна. Үйлдвэр, уурхайд газрын доорх усыг ашиглуулахгүй гэвэл Эрдэнэт үйлдвэрийн эрх ашиг ч хөндөгдөхөөр байгаа юм.

Улаанбаатарт  саарал ус ашиглах боломжгүй

-АНУ-ын Мянганы сорилтын сангаас манай улсын усны салбарт 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар төсөл хэрэгжүүлэхээр болсон. Төслийн явц ямар шатандаа явна вэ?

-АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол орны усны салбарт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож байгаа. Тус санхүүжилтээр гурван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын хүн амын өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг газрын доорх усны нөөцөөр хангах юм. Үүний хүрээнд Био комбинат, Шувуун фабрикийн орчимд газрын доорх усны эрэл хайгуул хийж,  нөөцийг тогтоосон. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд бүрэн шинэчлэхээр ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усанд гүн боловсруулалт хийж, дулааны цахилгаан станцуудын хөргөлтөд ашиглах боломжийг бүрдүүлнэ. Хоногт 50 мянган шоо метр усыг цэвэршүүлж станцуудад нийлүүлнэ. Ингэснээр саарал усны ашиглалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Гуравдугаарт, усны засаглалыг бэхжүүлж, уян хатан дэд бүтцийг бий болгоно. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар болон шинээр байгуулах Усны агентлагийнхан нэлээд ажил хийнэ.

-Саарал ус ашигладаг үйлдвэр, аж ахуйн нэгж манайд цөөнгүй бий. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс хөнгөлөх, урамшуулах зохицуулалт бий юү?

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар усаа цэвэршүүлэн ашиглаж байгаа бол хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан. Тухайн аж ахуйн нэгж, байгууллага шинэ техник, технологи ашиглаад хаягдал усаа цэвэршүүлсэн бол ус бохирдуулсан төлбөрийн татвараас гурван жилийн хугацаатай чөлөөлнө. Мөн ус бохирдуулсны төлбөрийн 50-аас доошгүй хувийг байгууллагынхаа цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд зарцуулах, мөн шинэ техник, технологи нэвтрүүлэхэд нь гаалийн төлбөр, НӨАТ-аас чөлөөлөх заалтыг тусгасан. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар хаягдал усаа цэвэршүүлээд дахин хэрэглэсэн бол эргүүлэн ашигласан хэмжээгээр нь төлбөрөөс чөлөөлдөг.

-Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг станцуудын хөргөлтөд ашиглах юм байна. Тэгвэл цэвэршүүлсэн усыг орон сууцанд тодруулбал, айлын 00-ын усанд ашиглах боломж манайд бий юү?

-Улаанбаатар хот болон төв суурин газарт саарал ус ашиглах боломж одоогоор байхгүй. Усыг цэвэршүүлэх техник, технологи өндөр үнэтэй. Гэтэл манай цэвэр усны үнэ түүнээс хямдхан байдаг. Тиймээс саарал ус ашиглах боломж төдийлөн алга байна. Багшийн хөгжлийн ордонд  00-ын почкины усандаа хөрсний ус ашиглах туршилтыг хийж байгаа. Саарал ус ашиглах боломж яагаад байхгүй вэ гэвэл, нийслэлийн орон сууц, үйлдвэрийн газрууд тусдаа шугамтай байх ёстой. Гэтэл манайх усны шугам хоолой нь нэгдсэн нэг байдаг учир саарал ус ашиглах боломжгүй байгаа юм. Уг нь ус, ундаа болон хүнсний үйлдвэрийн шил, лонх угаасан усыг авто угаалга, арьс ширний үйлдвэрт ашиглах боломжтой. Гэтэл манайд тусдаа шугам хоолой, дэд бүтцийг нь шийдвэрлэхэд хүндрэлтэй болно. Магадгүй шинээр барьж буй хот, суурин газар шугам, сүлжээний асуудлыг шийдвэрлэж саарал ус ашиглаж болох юм.

Мэдээллийн эх сурвалж:
“Монголын үнэн” сонин