Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг  9 дүгээр сарын 20-нд Нийслэлийн Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг өдөрлөгт Улаанбаатар хот үйл ажиллагаа явуулж буй харъяа байгууллагууд, хамтран ажилладаг холбоод, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд оролцон иргэд олон нийтэд ажлаа тайлагнаж, зөвлөгөө мэлээлэл өгөн,  санал хүсэлтийг нь хүлээн  авлаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй болгож, иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс БОАЖЯ-ны үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж, тухайн уул уурхайн компанийн нийгмийн даатгал, татвар, газрын төлбөрийн талаарх мэдээллийг иргэд цахимаар дүгнэх, холбогдох албан хаагчид цахимаар үнэлэх эхлэлийг тавилаа. Байгаль орчинд хохирол учруулж буй компаниудыг шалгах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн дүгнэлт дээр үндэслэн Засгийн газрын хуралдаанаас Өмнөговь аймгийн Тост тосон бумбын нуруу орчимд ашигт малтмал олборлож байсан 10, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан компаниудын 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Мөн  Ноён уул орчимд үйл ажиллагаа явуулж байсан компаниудын 12 тусгай зөвшөөрлийг цуцалж, дархан цаазат уул болгон аялал жуулчлал хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхэлсэн.

БОАЖ-ын салбарт “Хандлагаа өөрчилье” уриалга дэвшүүлж, олон нийтэд нөлөөлөх хэд хэдэн аяныг амжилттай эхлүүлээд байгаа талаараа мэдээллийг түгээлээ. БОАЖ-ын салбарт хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд их байгаа ч салбарын өмнө тулгамдаж буй олон асуудал бий. Энэ бүхнийг цаашид шийдэхийн тулд төр иргэний хамтын ажиллагааг чухал гэдгийг салбарын сайд онцлон хэлж байв.

Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг үр дүнд хүргэхийн тулд Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг хориглох Засгийн газрын тогтоолыг 2018 оны 2 сарын 28-нд гаргаж, 2019 оны 5 сарын 15-наас хэрэгжүүлсэн. Нэг удаагийн нийлэг уутыг хориглох Засгийн газрын тогтоолыг 2018 оны 6 сарын 29-нд гаргаж, 2019 оны 3 сарын 1-ээс хэрэгжүүлсэн. Энэ бүх ажлыг эхлүүлэхийн тулд иргэдэд 1 жил орчмын өмнөөс сануулж, урьдчилан бэлтгэл хангах хугацаа өгсөн. Эдгээр шийдвэрүүдтэй холбоотойгоор төрийн өмчит “Таван толгой түлш” компанийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт  хугацааны орон сууцжуулах ажлыг хийж байгаа ч тэр болтол агаарын бохирдлыг бууруулах цорын ганц арга зам нь сайжруулсан шахмал түлш гэдэгтэй хүн бүр санал нийлж байна. Монголд анх удаа төвийн 6 дүүргийн 4600 хэсгийн ахлагч нартай гэрээ байгуулж, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны албан бус ажилтнаар цалинжуулан иргэдэд мэдээлэл өгөх ажлыг хийлгэж, төр иргэний хамтын ажиллагааг бататгасан энэ ажилд манай гишүүн 13-н ТББ оролцон ажиллаж байгаа билээ.

“МБОИЗ” ТББ нь өөрийн гишүүн байгууллагуудаараа дамжуулан БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ өдрийн нээлттэй өдөрлөгт оролцон иргэд олон нийтэд эрүүл зөв амьдрах дадал хандлага, гэр бүл болон өөрсдийгөө агаар орчны бохирдлоос хэрхэн хамгаалах,  иргэн өөрөө агаар орчны бохирдлын эсрэг ямар арга хэмжээ авах талаарх мэдээлэл, зөвлөмжүүдийг өгч ажиллалаа.