“Амьсгалах эрх” төслийн хүрээнд “Монголын  байгаль орчны иргэний зөвлөл” ТББ, “Пипл Ин Нийд” ТББ, “Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчин зураглалын төв” ТББ-ууд хамтран 2019 оны 11-р сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд байрлан ажиллаж буй “Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник-технологийн мэдээллийн төв”-д иргэдэд нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 “Амьсгалах эрх” төсөл нь агаарын бохирдлын тухай мэдээллийн хүртээмжтэй системийг бүрдүүлж, агаарын бохирдлын талаар явуулж буй Засгийн газрын үйл ажиллагааны ил тод хариуцлагатай байдлыг дээшлүүлэх зорилготой юм. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах болон агаарын бохирдолтой тэмцэхэд оруулах хувь нэмрийн талаар зөвлөгөө өгч, том хүн, хүүхдийн зориулалттай олон дахин ашиглах амны хаалтыг үнэ төлбөргүй тараалаа. Мөн амны хаалт хэрхэн зөв хэрэглэх талаарх зааварчилгаа гарын авлага, төслөөс хийж буй ажлуудын талаарх номыг иргэдэд өгсөн.

Хэлэлцүүлгийн үеэр Европын холбоо болон АНУ-ын Элчин сайдын санхүүжилттэй хэрэгжиж буй “Амьсгалах эрх” төслийн хүрээнд олон нийтийн дадал хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх олон талын оролцоотой хийж буй ажил, үр дүнгийн талаар иргэдийн төлөөлөл болон бодлого хэрэгжүүлэгч нартай нээлттэй ярилцсан.

Өдөрлөгийн  үеэр “Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник-технологийн мэдээллийн төв”-д “Амьсгалах эрх” зургийн үзэсгэлэн 2 өдөр ажилласан бөгөөд үзэсгэлэнд тавигдсан зургуудын тайлбарыг “Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчин зураглалын төв” ТББ-ын менежер н.Батдорж хийсэн. Мөн тус “Мэдээллийн төв”-өөр дамжуулан гэр хорооллын иргэдэд халаалтийн дэвшилтэт шийдлүүд, ногоон зээл, дулаалгын материал, сайжруулсан зуух-түлшний талаар өдөр тутам үнэ төлбөргүй мэдээлэл өгч, сургалт зохион байгуулан, эрсдэлгүй хэрэглээ-дадал хандлагыг төлөвшүүлэх, нөлөөлөх ажлуудыг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд “Пипл Ин Нийд” ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Тим Женкинс, ОББҮХ-ны Ажлын албаны ахлах мэргэжилтэн н.Гүнбилэг, СХД-ийн Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн мэргэжилтэн н.Содбилэг, Мэргэжлийн хяналт хариуцсан байцаагч н.Дэлгэрмаа, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан н.Оюунцэцэг, “Амьсгалах эрх” төслийн менежер н.Оюунгэрэл, МБОИЗ-ийн Ажлын алба, СХД-ийн 2,3,7,8,9,10,11,24,25,26,42-р хорооны хэсгийн ахлагчид, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж өдөрлөг, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлоо.