Архангай аймгийн Цэцэрлэг сумын дэргэд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг нь харгалзан 1965 онд 1.8 мян. га талбай бүхий газрыг хамгаалалтад авсан байна. Булган уул нь Хангайн муж, түүний ландшафтын нийтлэг төрхийг төлөөлж чадахгүй учраас байгалиин үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлс байдгийг нь харгалзан УИХ-ын 1995 оньг 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгосон. Нийтдээ 1840 га талбайтай.
Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж , Хойд, Урд Тамир голын хоорондуур , усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км урт Сүмт – хан Өндрийн нурууны дорнот хэсэгт Булган уул оршдог. Булган уулын үнэмлэхүй өндөр 1980 м, харьцах өндөр 280 м юм.Булган уулаас хойш залгаа орших хад, мод бүрхсэн үзэсгэлэн сайхан 2 уулыг Дунд Булган, Хойд Булган гэж нэрлэдэг. Гурван Булган уул урагш хойшоо 2.5-3 км үргэлжлээд Хамарын нуруу залгана.Хамарын нуруунаас хойш Дархан цаазат газрын баруун хойт захад 2125 м өндөр Тоомын таг оршино. Дурсгалт газрын дундуур зүүн хойш чиглэсэн гол их нуруу хоёр Тамирын усны хагалбар болох бөгөөд энд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзах, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруу, зүүн өмнө орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт (1940м) боржин хадат уул, Малгай (2143 м) зэрэг өндөр уултай. Булган уулын зүүн хормойд орших Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий.
Дархан газрын умарт хэсгээр буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай зэрэг ан амьтад мэр сэр тохиолдоно.Энд гүзээлзгэнэ, хад, тошлой, тэргүүтэй жимс жимсгэнэ, таван салаа, тарваган шийр, сөд, царван, албан гагнуур ,ганга зэрэг эмийн ургамал элбэг. Булган ууланд түүхийн дурсгалт зүйлс нэлээд бий.Уулын энгэр дээр Богд Зонховын хөргийг 18-19 дүгээр зууны үед бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгаржин монгол, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг.