Цөлжилт

0
45

Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр ялангуяа дэлхийн гадаргын усны нөөц ядмаг хуурай бүс нутгуудын газрын элэгдэл, эвдрэл доройтолд орж, үржил шимээ алдан, аажмаар цөлжих үйл явц улам хүрээгээ тэлэв. Эдгээр улс орнуудад хүн амын хүнс тэжээл хомсдон, өлсгөлөн ядуурал эрчимжиж байна.

НҮБ- ийн мэдээнээс үзвэл манай дэлхийн хуурай газрын гуравны нэг нь ямар нэг хэмжээгээр доройтолд орж, жил бүр 6 сая газар цөл болон хувирч, цөлжилтийн сөрөг нөлөөнд 250 сая гаруй хүмүүс нэрвэгдэж байгаа ажээ.

Монгол орны газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, гадаргын хэв шинжийн хувьд цөлжилтийн аюулд өртөх эмзэг, хуурай бүс нутагт хамаарах бөгөөд нутаг дэвсгэрийн 42.5 хувь нь говь цөлий бүсэд, 84.9 хувь нь далайн түвшнээс дээш өргөгдөж, 40.6 хувь нь цайвар хүрэн, цөлийн бор саарал элсэн хөрс зонхилох экосистемээс бүрддэг. Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтаас улбаалан цөлжилт хүрээгээ тэлсээр нуур, ус ширгэх, бэлчээрийн ургамлын гарц эрс муудах, хөрс, ус давсжин, үржил шимээ алдах, элсний нүүлт хөдөлгөөн ихсэх болжээ. Нутгийн 76 хувьд нь цөлжилт сул, 20 хувьд дунд зэрэг 3 хувьд нь хүчтэй нэг хувьд нь маш хүчтэй илэрсэн талаар Геоэкологийн хүрээлэнгийн судалгааны тайланд дурджээ.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 72 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн бөгөөд үүнээс 23 хувь нь сул, 26 хувь нь дунд , 18 хувь нь хүчтэй, 5 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагджээ.Хүний үйлдлээр цөлжих үйл явц нь бэлчээрийн талхагдал, уул уурхайн үйл ажиллагаа, ойн хомсдол, гадаргын усны хомсдол, хог хаягдал ихсэх, хүн амын сэтгэл зүйн “цөлжилт” зэрэг болно.