“Мазаалайн бахархалт өдөр” тохиож байна

0
1230

Өнөөдөр “Мазаалай баавгайн бахархалт өдөр” тохиож байна. Мазаалай Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газар /Сэгс Цагаан Богдод/ амьдардаг бөгөөд дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан.

Олон улсын судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл гэж үздэг бөгөөд Монгол Улсын болон олон улсын “Улаан ном”-д бүртгэгдсэн байдаг. Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай говийн нөхцөлд асар уудам орон зайг эзлэн амьдардаг гэдгээрээ бусад баавгайн зүйлээс ялгагддаг аж.

Мазаалайг анх Оросын эрдэмтэн ургамал судлаач А.А.Юнатов болон газарзүйч эрдэмтэн Э.М.Мурзаев нар 1943 оны наймдугаар сарын 4-ний өдөр бодитоор олж харжээ. 1967 оноос хойш зарим судлаачийн хийсэн судалгаанаас үзэхэд Мазаалайн тоо толгой хагас зуун жилийн дараа ч  40-өөс хэтрээгүй байгаа юм байна. 

Эр Мазаалайг Шармаахай, харин эм Мазаалайг Эвш гэж нэрлэдэг бол төлийг нь Аламцаг гэж нэрлэдэг. Мазаалай бол элдэв идэшт амьтан. Гэхдээ идэш тэжээлийн ихэнх хувийг нь ургамал эзлэх бөгөөд түүний дотор бажууны үндэс, хармаг, махирсын жимс, зэгс, зээргэнэ, хависгана, регелийн шар модны навч, намхан гишүүний үндэс, найлзуур зонхилно. Зуны улиралд үе үе элбэгших нөрмөг, царцаа, голио зэрэг шавьж болон амьтдын сэгээр хооллох нь бий. Иймд байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг аж.

Мазаалай нь намар 11 дүгээр сараас эхлэн дараа оны гуравдугаар сар хүртэл ичдэг. Харин ичээндээ хатсан өвс, мөчир ашиглан зузаан хэвтэр засдаг байна.

Мазаалай Алтайн өвөр говийн 1300-2300 метрийн өндөрт орших говийн дунд ба намхан уулсын өндөрлөг дов толгод болон хотгор хуурай газрын нуга сайранд амьдардаг. Мөн мазаалай баянбүрд, булгийн ил задгай устай газрыг бараадан байршиж, ус идэш тэжээлийн хүрэлцээ нь түүний эзэмшил нутгийг тодорхойлдог. Мазаалай нь ямагт хүнээс дөлж зугтаж явах учир зэлүүд говьд тэднийг олж харсан хүн цөөн байдаг. Мазаалай хүн барьсан тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч байгалийн зэрлэг амьтан учир ойртож очихдоо болгоомжлох нь зүйтэй.

Мэдээллийн эх сурвалж: Баянхонгор /МОНЦАМЭ/. Zaluu.com