МБОИЗ, Монгол усны түншлэл ТББ-тэй хамтран Дэлхийн байгаль орчны өдрийг угтан ”ОЙЖУУЛАЛТ БА УСЖУУЛАЛТ” үндэсний зөвлөгөөн зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод явж байна. Тэрбум мод тарихад ус ашиглалт, зарцуулалт ямар байх? Хаана, хэчнээн, ямар мод, бут, ургамал тарих нь зохимжтой талаар шинжлэх ухааны үндэстэй судалгаа бүхий үндэсний газарзүйн зураглал гаргах? Маш бага нөөцтэй гүний усаа бус хаягдал ус дахин боловсруулж усжуулалтыг шийдэх боломжийг эрэлхийлэх зэрэг тулгамдсан олон асуудлуудад хариулт болох аргазүйн зөвлөгөөнийг эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн судлагаа, шинжилгээний үндсэн дээр зохион байгуулах гэж байна.

Услагаа шийдээгүй боловч мод, суулгацуудыг хэдэн мянгаар нь аль хэзээний авчихсан “ЯАЖ УСЛАХ УУ” гээд асуух хүмүүс өнгөрөгч мод тарих үндэсний өдрийн хүрээнд олон холбогдлоо. Өөр хүмүүсээс ингэж асууж буй олон хүн байгаа. Тэдэнд зохион байгуулалттайгаар аргазүйн зөвлөгөө дутагдаж байгаа нь илт байна. Техник технологи хөгжсөн өнөө цагт нэгдсэн мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгөх нь хэцүү ажил биш. Ядаж ирэх намар, түүнээс цааш мод, бут тарилтаар алдаа гаргуулахгүйн тулд өнөөдөр дээрх сэдвээр аргазүйн зөвлөгөөг яаравчлан гаргах хэрэгтэй байна. Оролцох, хамтрах хүмүүст нээлттэй.

Усны эх булаг, модны эх ус.