Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гаргасан зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагт бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалт үндэсний өдөр болсон билээ.
МБОИЗ-ийн гишүүн байгууллагууд 5 сарын 11-ны өдөр Улаанбаатар хотын Нисэхийн тохой болон төв Гандангийн хэсэгчилсэн талбай, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд мод тарьж, зүлэгжүүлэх, тарсан модоо арчлах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
МБОИЗ-ийн Тэргүүн Б.Эрдэнэ, “Хөгжлийн төлөө түншлэл” ТББ-ын Тэргүүн Б.Дагвадорж, “Монголын улсын төлөө зүтгэе” ТББ-ын тэргүүн Ч.Азар нар залуу байгаль хамгаалагчидтай хамтран Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд мод тарив. “Хөгжлийн төлөө түншлэл” ТББ нь 7 аймгийн 44 нөхөрлөлүүдийг эгнээндээ нэгтгэсэн ТББ бөгөөд хамт олноо манлайлан нийтдээ 6,5 га газар хашин хамгаалж 4000 бургас, үрэл болон жимсны мод тарьсан байна. Мөн энэ өдрүүдэд Зүүн хараа сумын бохирын суваг дагуу мод тарьж хашиж хамгаалсан байна.
Өсвөрийн байгаль хамгаалагч, 5-р ангийн сурагч Х.Батмөнхөд ахмад байгаль хамгаалагч Ч.Азар, Б.Дагвадорж нар тарьсан моддоо арчлан хамгаалж, жил бүр нэмж тариалан өөрийн ойн төгөлтэй болохыг ерөөж алд цэнхэр хадаг модны тарьц суулгацын хамт гардуулан өгч, хамтран тарьж, зөвлөгөө өглөө.