ОЛНЫ ХҮЧЭЭР ЮУНД ХҮРЭХЭЭР ЗҮТГЭНЭ ВЭ?

Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ нь үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд байгаль орчин, хүний эрүүл аюулгүй амьдрах орчин, хууль эрх зүйн хэрэгжилтийн эсрэг үйлдэгдэж буй аливаа үйл хэрэг, шийдвэрийг засаж залруулахад төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, ОУ-н байгууллагууд, иргэд олон нийттэй хамтран ажиллаж байна.

Төрийн бус байгууллага, иргэд олон нийттэйгээ хамтраад ажиллахад юунд хүрч болох вэ? Дангаараа иргэдийн хүч юунд хүрэх бол?

2024 оны 08-р сарын 27-ны Хамтарсан Загийн Газрын хурлаар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлахдаа хөтөлбөрийн 3.3.2.8 заасан “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх” гэсэн заалтыг оруулан баталснаар энэ хөдөлгөөний үйл эхлэн өнөөдөр 8️⃣н сар өнгөрчээ.

Бид хамтарсан Засгийн газрын бүх үйл хэргийг эсэргүүцээгүй бөгөөд зөвхөн 3.3.2.8 дахь заалт болох “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх” гэсэн заалтыг хасуулахаар сэтгэл, зүтгэл, зарчим, зорилго, ажил үйлсээрээ эвлэлдэн нэгдсэн эрдэмтэн судлаач, хуульч, сэтгүүлч, ард иргэд, орчны сумдын нутгийн иргэдийн үүсгэн байгуулсан “Хавтгай, Мазаалай, Их говийг хамгаалах” ТББ, байгаль хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага,хөдөлгөөн, оюутан залуусаас бүрдсэн сайн дурын ашгийн бус хөдөлгөөн үүсгэв.

Бидний үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн байгаль орчны чиглэлд ажилладаг олон улсын төрийн бус байгууллагууд ч үзэл бодлоо илэрхийлж буй. Бид энэ хугацаанд иргэд олон нийтэд судалгаа нотолгоотой үнэн зөв мэдээллийг хүргэж , Төрийн түшээдэд ард иргэдийнхээ дуу хоолойг хүргэх гүүр болон ажиллаж байна.

Бид Нарансэвстэйн боомтыг яагаад нээж болохгүй талаар доорх мэдээллүүдийг байнга түгээж байна. Үүнд: 1. ГИДЦГ-н үүсэл хөгжил өнөөгийн нөхцөл байдал -үе үеийн хамгаалалтын захиргааны дарга нар, 2. ГИДЦГ-н А хэсгийн биологи, экологи, эко системийн онцлог- үе үеийн эрдэмтэн докторууд – Амьтны аймаг, тухайн бүсд амьдардаг амьтдын тухай- амьтан судлаачид, эрдэмтэн докторууд – Ус, усны нөөц бүсийн онцлог, одоо байгаа булаг шанд, рашааны талаар- Усны чиглэлийн судлаач, эрдэмтэн докторууд – Говь цөлийн бүсийн газар нутгийн онцлог хөрсний тогтоц, уур амьсгал-биологийн ухааны судлаач, эрдэмтэн докторууд – Ургамлын бүс бүслүүр, ургамалжилтийн төрөл зүйл, онцлог ургамал-ургамал судлаач, эрдэмтэн докторууд – Орчны бүсийн сумдын талаар, иргэд олон нийтийн онцлог, амьдрах орчин, санал шүүмж- нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд – Хууль эрх зүй, зөрчигдөх нөхцөлтэй болон нийцэж буй хууль тогтоомжийн талаар-хуульчид – Нэгдэн орсон ОН-н гэрээ конвенцын талаар, зөрчигдөж буй зүйл заалтууд-хуульчид – Боомт нээх эдийн засгийн үндэслэл-байгалийн нөөцийн шинжээч, ЭЗУ-ны докторууд – Боомтын өөрийнх нь эдийн засгийн үр нөлөө-ЭЗУ-ны докторууд – Шугаман дэд бүтцийн, онцлог, давуу тал шинж тэмдэг-биологийн ухааны докторууд, инженер шинжээчид – Улсын хилийн аюулгүй байдал, тусгаар тогтнол дархан байдал-Хил хамгаалах газрын алба хаагчид, мэргэжилтнүүд

Улмаар бид Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх” гэсэн хэсгийг хасуулах тухай тодорхой асуудлаар “Ажлын хэсэг байгуулах”-ыг хүссэн цахим өргөдлийг Монгол Улсын Их Хурлын Нийтийн өргөдөл гомдлын системд хуулийн дагуу байршуулснаар, хугацаанаас нь өмнө Монгол Улсын 33 058 иргэн цахим гарын үсэг зурж дэмжигдэж баталгаажсанаар дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ.

Гарын үсэг зурж дэмжсэн ард түмнийхээ хүчээр Анх удаа 33058 хүний гарын үсгээр баталгаажна гэдэг нь бид ийм олуулаа нэгдэн нийлж, зөв үйлийн төлөө хамтарч байгааг харуулна.

Улсын Их Хурлын Гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан 5-н гишүүнтэй ажлын хэсэг 1-р сарын 15-д байгуулагдан 2 удаагийн уулзалт, 1 удаагийн хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тэдний ажиллах хуулийн хугацааны 90 хоног дууссан ч одоогоор тухайн үйл ажиллагаанд судалгаа хийж дүгнэлт гаргаагүй, тодорхойгүй хугацаагаар сунгагдсан хүлээгдэж байна.

Бидний зүгээс хуулийн хүрээнд, бусдын нэр хүнд эрх ашгийг хөндөхгүй, Засгийн Газрын бүх үйл ажиллагааг сөрөхгүй, зөвхөн нэг л заалтад чиглэн баталгаа нотолгоотой, суурь судалгаатай баримтад тулгуурлан үйл ажиллагаагаа нээлттэй нийтэлж, зарлаж, түгээж, зохион байгуулж эдгээр бүх мэдээллүүдээ УИХГ-д, ажлын хэсгийн гишүүд, Төрийн өндөрлөгүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд, БОУАӨЯ-д албан хүсэлт, албан шаардлага, уриалга, зэргээр хүргүүлсээр.

Одоо ажлын хэсгийнхэнд зөв дүгнэлт гарган дэлхийн шинжлэх ухаанд цор ганц говь цөлийн байгалийн лаборатори хэмээн олон улсад үнэлэгдэж буй ГИДЦГ-ын нутгийг бүрэн бүтнээр нь үлдээнэ гэдэгт гүнээ итгэж байна.

Засгийн газрын энэ шийдвэр энэ хэвээр батлагдан боомт нээх аваас Монгол улсад 2026 онд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурал (COP17) болоход Олон Улсын гэрээ конвенцуудыг зөрчин байж дэлхийн өмнө хүлээсэн үүргээсээ буцаж, гаргасан шийдвэрүүдээ хүчгүйдүүлж, олон улсын өмнө нэр хүндээ унагасан үйлдэл болохоор байна.

✅1975 онд үүсгэн байгуулагдсан ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ТҮҮХТ 50 жилийн ОЙД, МОНГОЛЧУУД БИД хамгаалсан хэвээр байх уу? харин эсрэгээрээ хөрсийг нь сийчин хөндөж, боомт нэрээр зэрэглэлийг нь бууруулж, нутгийн иргэдийнхээ амьдрах орчныг нь сүйрүүлэх үү? гэсэн харамсалтай сонголтын цагт тулсан бид ХАМГААЛЖ ҮЛДЭХ л гол зорилготой өнөөдрийг хүртэл нэгдэн нийлж хамтран зүтгэж байгаа билээ.

ИХ ГОВЬ МИНЬ ЭГНЭГТ БҮРЭН БҮТЭН БАЙХ БОЛТУГАЙ.

You May Have Missed