ИЛ ЗАХИДАЛ

0
1238

ИЛ ЗАХИДАЛ

МБОИЗ-өөс сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд буй асуудлуудад /Байгаль орчны тулгамдсан асуудлуудыг урт нэртэй хууль, Ноён уулын асуудал, Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт, нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг гадаадын анчдаар агнуулах, ТХГН-аас зарим газруудыг гаргах санаархал / онцгой анхаарч Сүхбаатарын талбайд хэвлэлийн нээлттэй бага хурал зохион байгуулах, Төрийн 3 өндөрлөг, УИХ-ын гишүүд, БОНХАЖЯаманд мэдэгдэл, шаардлага өгөх, УИХ-ын ногоон лобби бүлэгтэй харьцах зэргээр төлөвлөсөн нөлөөллийн ажил байнга явуулсаар байгаа.  

Өнөөдөр ч /2015-02-12/ 10:00 цагт МБОИЗ-ийн тэргүүн, УЗ-ийн гишүүд, МБОИЗ-ийн Хяналтын хороо,  МБОИЗ-ийн ажлын алба, Гал үндэстэнийхэн, Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны байранд уулзалдаж Урт нэртэй хууль, Ноён уулын асуудлаар, суулт өлсгөлөнгийн асуудлаар УИХ-ын даргатай яаралтай уулзалт хийх албан шаардлага хүргүүлээд байна.

Ийм эгзэгтэй цаг үед манай зарим ТББ-ууд бие биенээ шантаажлах хэлбэрээр биш, зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдэд биеэрээ ирж, идэвхитэй оролцон, үнэн зөв, бодит мэдээлэл авч, дуу хоолойгоо нэгтгэж байх нь хамгийн чухал болохыг онцолж байна.

МБОИЗ-ийн тэргүүн, УЗ-ийн гишүүд, гишүүн ТББ-ууд нэг нэгнээ дэмжиж ажиллахын оронд сонгох сонгогдох эрхэнд нь халдах, ашиг сонирхолын зөрчилтэй хүсэлтийг нь хүлээж аваагүйн төлөө нэг нэгэн рүүгээ довтолсоноор бидний цаашдын хамтын ажиллагаа хол явахгүй.

Монголын байгаль орчны тулгамдсан асуудал бүхэн, байгаль хамгаалах ажил нь хэн нэгэн хүн, ямар нэгэн ТББ, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын өмч биш юм аа.

Энэ бол Монгол хүн бүхэн, Монголын төлөө зүрх нь цохилох хүн бүрийн  хамтдаа, дуу хоолойгоо нэгтгэж байж хийх ажил.

МБОИЗ нь ёс зүйн зарчимгүйдээ, айхавтар мундаг үлгэр жишээ ардчилалтай учраас дотроо хагаралдаад байгаа юм биш ээ. МБОИЗ-ийг хагалах, бутаргах нь хэн нэгэнд ашигтай байгаа учраас л хэн нэгэн нь "ХАРЬ ГАРАГИЙН ДААЛГАВАР" гүйцэтгэж буй ньтэр.

Монголчуудын авир араншин, хамтарч баг болж, нэгдэж, нягтарч ажиллаж чаддаггүйг ашиглан, Баабар мэтийн нийтлэлчидээс эхлэн “Монголчуудыг Чөтгөрийн Тойрогт” он удаан жил амьдруулах зорилгоор ард түмэнд, иргэний нийгмийн дүр төрхийг “шантаажчин”, шинжлэх ухааны анхан шатны мэдлэггүй, алиа салбадай мэтийн ойлголт өгч ТӨРӨӨ ХЯНАХ, ЭХ НУТГАА ХАМГААЛАХ, ЭЗЭН НЬ БАЙХ эрхийг нь эдлүүлэхгүй байх зорилго өвөрлөн, бодлогоггүй нэгнийг ашиглан МОНГОЛ ТӨРИЙН БОДЛОГО, ХАР ХАЙРЦАГИЙН БОДЛОГЫГ золиосолсоор өдийг хүрлээ.  

Энэ эвгүй үнэртэй “ТАМЫН ТОГОО, ЧӨТГӨРИЙН ТОЙРОГО”-оос гарах арга олсныгоо, хүн байх ухаанаа олж, зүүд нойрноос сэрсэнийгээ тэндээс гараад хүн шиг амьдрах арга, хүн байх ухаанаа олоогүй бусад нь татаж унагадаг. Энэ нь эргээд Монгол үндэстнийг устгах, хөх толботныг үгүй хийх, Монголыг дэлхийн газрын зургаас арчиж хаях бодлогод ямархуу жинтэй хувь нэмэр болж байгаагаа ч г ойлгохгүй “хаос” болдог нь гүн эмгэнэлтэй.

“ИРГЭНИЙ НИЙГМИЙНХЭН-600 ШАНТААЖЧИН” хэмээн цоллуулдаг-Бид Бүгд ороолцолдож унасан, дороо хий эргэсэн хүмүүс болж хувирчээ. Энэ бодит дүр төрх, амьдрах арга, ажиллах аргаа өөрчлөхгүй бол бид өөдлөхгүй. Монголоо, Монголын байгаль орчиноо хамгаалж чадахгүй, бас хөгжихгүй.

МБОИЗ-ийн зарим нэгэн гишүүд нь Хийж Бүтээх гэснийг бүтээлгэхгүйн төлөө, хийлгэхгүйн төлөө хор найруулдаг. Наашаа харсныг цааш нь хартал хор найруулдаг. Монгол монголоо төдийгүй монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг мохтол хор найруулдаг. Зөв сэтгэлтэй, бүтээлч нэгнийгээ буруутгаж хор найруулдаг. Ийм хор найруулсаныхаа төлөө хариуцлага хүлээх хүнгүй болгож хор найруулдаг ёс зүйгүй байгуулага болж хувирах ёсгүй.

Бид-МОНГОЛ хэмээх эх орныг, эрүүл амьдрах орчинтой нь, ирээдүй хойч үетэйгээ хамтад нь үлдээхийн төлөө, МБОИЗ хэмээх их айлыг сайн дураараа, эвлэлдэн нэгдэж байгуулан өөрийн гэсэн  байгууллагын дүрэм, ёс зүйн зарчмуудтай болсоноо нэг хором ч мартаж болохгүй.

МБОИЗ хэмээх их айлд, энэ байгууллагад итгэж ирсэн хүмүүсийн, байгууллагын урам хугарахыг, хэлэлцэж тохирсон зүйлээ нурахыг хараад, энэ байгууллагын төлөө, монголын төлөө ажиллахыгаа миний үүрэг гэж зөрүүдэлсэндээ санаа зовох үе гарах юм.

Ёс зүй гэдэг бол хувь хүнээс, МБОИЗ-ийн гишүүн ТББ-ын тэргүүн, гишүүн, аж ахуйн нэгж, иргэдийн сайн дурын нөхөрлөл, Монгол орны өнцөг булан бүрд Монгол гэр бүлд төрж, торнин бойжиж буй Монгол орны ирээдүйн эздийн сууурь хүмүүжилээс нь эхэлдэг зүйл ээ.

Ёс зүйтэй хүн бол хүний нүднээс далд ч ёс зүйтэй байдаг. Бие засахдаа /морь харахдаа/ хүртэл, эзгүй хээр тал, энгүй далайн эрэг, мөнх цаст уулын орой, ширэнгэн ой, энд тэндгүй хийсэх хэтэвч дүүрэн, эвгүй үнэртэй мөнгөний өмнө ч ёс зүйтэй байдаг. Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ. Муу үйл, муу үйлдэл, муу санаа бүхэн өөртөө л гай тарьдаг.

Бид Монголын ирээдүй хойч үедээ эрүүл ёс зүйтэй сэтгэхүй, амьдрах ухаан, газрын хэвлий дэх баялгаас ангид, эдийн засгийн өсөлтийг цогцлоож чаддаг монгол хүний чадавхийг хөгжүүлсэн гайхамшигтай нийгмийн хөгжлийн суурь бүтэц, эерэг ирээдүйтэй, эрүүл ногоон байгаль орчин үлдээе гэвэл бие биенийхээ мууг харах гэж хоорондоо ил далд дайсагналцах хэрэггүй юм.

Энэ бүхэн нь МБОИЗ-ийн алдаа дутагдалыг, дотоод зөрчил тэмцэлийг ярихгүй байцгаая гэсэн үг биш. Хардах, хянах нь Монгол хүн бүрд үндсэн хуулиар олгогдсон эрхийн нэг билээ. Нээлттэй нийгэм, өсөрхөл доромжлол, хагарал, бутрал хоцрогдол, буруу, зөв зуршил бүхэн өөр өөрийн философитой.

Ямар ч албан тушаалтныг шүүмжилж болохоос шүтэж болохгүйг ардын мэргэн ухаан өнөө цагийн МОНГОЛ ЭХ ОРНЫ ЭЗЭД БИДЭНД зориулан судар бичигтээ тэмдэглэн үлдээсэн байдаг билээ.

МБОИЗ хэмээх их айлын гишүүн хэн ч бай өөрөө санаачилгатай, бүтээгч, бүтээлч, үлгэрлэн дагуулагч, манлайлагч байж, өөр хоорондоо маш сайн ярилцаж, зөвшилцөж чаддаг, шинжлэх ухааны үндэслэлтэй асуудлыг хөндөж чаддаг, алс холоо харсан шийдэл, гарц олж чаддаг, болохгүй нэгэндээ алдаа дутагдалыг нь хэлж чаддаг, алдаагаа засч залруулж чадахгүй бол хамтдаа хэлэлцэн баталсан байгууллагын дүрэм, ёс зүй зарчмийнхаа хүрээнд хөөн зайлуулж чаддаг байх ёстой.

Бид ийм л жишиг тогтоож, хэрэгжүүлж чадваас МБОИЗ хэмээх байгууллагын тогтолцооны хүч, дархлаа нь болох буй заа. Монгол хүний мэргэн ухаанд сөгдмү.

 

МБОИЗ-ийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ

2015-02-12

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here