Н.Цэрэнбат: Нэг удаагийн хальсан уут хэрэглэхийг хориглох шийдвэр гарлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нэг удаагийн нийлэг хальсан уутын хэрэглээг 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хориглох Засгийн газрын тогтоол өнөөдөр гарлаа. Энэхүү тогтоол нь 0.035 миллиметрээс нимгэн нэг удаагийн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уут хэрэглэхийг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, байгальд хамгийн их хог хаягдал үүсгэдэг, бут сөөгөнд наалддаг, цэвэрлэх боломжгүй хүндрэл учруулдаг төрлийн уутнуудыг хориглож байгаа юм. Харин бусад арай зузаан уутуудыг хориглож байгаа юм биш.
Монгол Улс байгаль орчноо хамгаалах чиглэлээр аливаа бохирдол хог бий болгож байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогын эхний ажил хэрэгжиж байна. Энэ шийдвэр Улсын баяр наадмаас өмнө гарч байна. Тийм болохоор наадмаар хог хаягдалгүй цэвэр сайхан наадахыг нийт ард иргэддээ БОАЖЯ-наас уриалж байна.
Засгийн газрын тогтоол 2019 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжих эхлэх болохоор ААН, иргэд одоо байгаа нөөцөө энэ хугацаанаас өмнө дуусгах ёстой гэсэн үүрэг. Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, ХХААХҮЯ-ныхан хяналт тавьж ажиллах” юм байна.
эх сурвалж: ikon.mn