УРИАЛГА

УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, Засгийн газрын тэргүүнд Ард түмэндээ амар амгалан баярлах эрх чөлөөг нь бүрэн олгох

2015 оны 02 сарын 16 өдөр

Монголын ард түмний уламжлалт хамгийн том баяр бол яах аргагүй Монголын цагаар сар билээ. Цагаар сараар монголын нийт ард түмэн өлгийтэй балчираас ахмад настан хүртэлх бүх хүмүүс яс үндэс, гарал үүсэл үл харгалзахгүй, хэнээс ч үл хамааран, төв хөдөөгүй, гадаад дотоодгүй элбэг дэлбэг байхыг хичээж, муу үг хэлэлцэлгүй амны бэлэг, ашдын ерөөлөө үл хайрлан хэлэлцэж, төр, түмэн олноо амгалан байхын ерөөл тавьдаг хамгийн том, олон зуун жилийн уламжлалт баяр билээ.

Нөгөө талаар үдэж буй жилийн бүтэлгүй байсан бүхнээ амны билгээр цайруулж, өр авлага өшөө хонзон байвал уучилж, сэтгэл санаа амар тайван, хир хоргүйгээр сэтгэлзүйгээ бэлтгэж зөвхөн ураг төрлөөр гэлгүй зон олноороо амар амгалан, урт удаан оршин байхын ерөөл тавьж, ядруу хэсэг нь өр зээл тавин байж ач холбогдол өгч баярладаг нь зөвхөн Монголын цагаан сар билээ.

УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд хандаж энэхүү уриалгыг гаргах учир нь та бүхнээс, ард түмнээ баярлаж эсвэл амарч байхад нь тэдний болоод ирээдүй үеийнхний нийтийн эрх ашгийг хөндөх олон чухал асуудлаар хууль, шийдвэрүүд гаргаж байдгаас үүдэлтэй билээ.

Ард түмэн тань уламжлалт баяруудаа тэмдэглэхээс айж байна, баярын өдрүүд, амралтын өдрүүд, ажлын бус цагаар шийдвэр гаргах вий гэхээс айж болгоомжилж, амар амгалан баярлаж амарч чадахгүйд хүрч айж байна.

Монголын уламжлалт Цагаан сарын үеэр та бүхнийг байгалийн баялгийг ашиглах, ард түмэн өлсөх хүртлээ тэмцэж байгаа Ус ба ойн сангаа хамгаалах “Урт нэртэй хууль”-ийг өөрчлөх, Ноён уулыг ухах шийдвэр, Таван толгой, Гацуурт гэх стратегийн ордуудыг ашиглах гэрээг үзэглэх зэрэг ард түмний нийтийн эрх ашигтай холбоотой аливаа ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Монголын ард түмний үнэ цэнэтэй томоохон баяр 17-р жарны модон хонь жилийн Цагаан сарын үеэр та бүхэн “ЧОНО БОРООНООР” гэдэг ардын зүйр үгийг санаж түүхэн хариуцлагагүй шийдвэрүүд гаргах асуудлаар хуралдахгүй, ард түмэнтэйгээ нэгэн зэрэг АМАРЧ БАЯРЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

“УРЬДЫН ХЭЛСЭН ХОЙНО ГЭРЧ” гэж мэргэн үгийг ард түмэн тань сануулж байгааг эрхбиш ойлгох ухаан та бүхэнд байгаа гэдэгт итгэж энэхүү уриалгыг нээлттэйгээр хүргэж байна.

 

МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ

“ТӨЛСӨН АВСНАА НИЙТЭЛ” ЭВСЭЛ