“Тарьц, суулгац-2015” үзэсгэлэн худалдаа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 2015 оны 4-р сарын 27-оос 29-ны өдрүүдэд нийт 3 хоногийн турш амжилттай явагдаж дууслаа. БОНХАЖЯ-наас улс орон даяар өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд энэ жилийн үзэсгэлэнг зохион байгууснаараа онцлог байв. Үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайд М.Хүрэлсүх, тус яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Сумъяабаатар болон Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн ерөнхий захирал Чой Сү Жон болон Ойн судалгаа хөгжлийн төвийн захирал С.Гантулга нар оролцлоо. БОНХАЖЯ-ны дэд сайд М.Хүрэлсүх үзэсгэлэнг нээлтэнд хэлсэн үгэндээ “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд 1940-2007 онд агаарын жилийн дундаж температур 2,1 хэмээр дулаарч, хөрсний ууршилт 118,1 хувиар нэмэгджээ. Мөн жилд унах хур тунадасны хэмжээ 30-40 мм-ээр буурч байгаа нь гадаргын усны хэмжээ багасахад нөлөөлж байна. Тиймээс БОНХАЖЯ-аас өрнүүлж байгаа “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд иргэн бүр хашаандаа мод ургуулах, аж ахуйн нэгж, байгууллага бүр гадна орчиндоо ногоон байгууламжтай болох, өөрийн байгууллагын нэрэмжит таримал ой сантай болох асуудлыг ажил хэрэг болгохыг уриалгсан байна.

Энэ жилийн тарьц, суулгацны үзэсгэлэн худалдааг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д оролцох иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг тарьц, суулгацаар хангах, тарьц суулгац ургуулах бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын борлуулалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг дэмжих, хоорондын холбоог нь сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэний тарьц, суулгац, үр тавигдсанаас гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдэн борлуулагдсан бөгөөд Мод, сөөгний тарьц суулгацын үнэ хэмжээ, наснаасаа хамаараад харилцан адилгүй байв.

Тухайлбал, нэг настай улиас 1500 төгрөгөөр худалдаалагдсан бол гурван настай нь 3800, 4-6 настай нь 4900-5000 төгрөгийн үнэтэй, мөн үхрийн нүдний суулгац 3500-аас дээш төгрөгийн үнэтэй, чацаргана, монос, нохойн хошуу, гүйлс, голт бор гээд олон нэр төрлийн жимсгэний мод наснаасаа хамааран үнэ нь харилцан адилгүй байх жишээтэй. Харин шар хуайсны гэх мэт үр 100 төгрөгөөс эхлэн, хар мод, харганы үр нэг килограмм нь 70 мянган төгрөг, нарсны үр нэг килограмм нь 80 мянга хүртэлх төгрөгөөр худалдаалдагдсан байна.